-Өвөрхангайд сонгуулийн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр тодорхойгүй байна. Нэг талаас, МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын мандатыг баталгаажуулсан юм шиг, нөгөө талаас АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Г.Батхүү, Д.Зоригт нарын талд асуудлыг шийдсэн юм шиг. Аль нь бодитой вэ, шүүхийн шийдвэр яаж гарсан бэ?
-2012 оны сонгуулиар өвөрхангайчууд МАН-аас нэр дэвшсэн хоёр нэр дэвшигчид үнэмлэхүй олонх нь санал өгч УИХ-ын гишүүнээр сонгосон. Харамсалтай нь АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нар бидний эсрэг Хан-Уул дүүргийн шүүхэд анх өргөдөл өгч, тус дүүргийн шүүх илт хууль зөрчсөн шийдвэр гаргасан. Үүнийг нь бид давж заалдаж Нийслэлийн шүүхэд хандсан. Нийслэлийн шүүх асуудлыг хэлэлцээд Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг хууль зөрчсөн байна гэж үзэж хүчингүй болгосон. Ингэхдээ хэд, хэдэн зүйлийг үндэслэл болгосон. Нэгдүгээрт, сонгуулийн зөрчил, маргаантай байгаа асуудлыг шүүхийн журмаар шийдэх харьяаллын асуудал биш гэж үзсэн. Хоёрдугаарт, сонгуулийн зөрчил, маргаантай асуудлыг шүүх өөрөө нотолж, тогтоодог байгууллага биш.
Харин холбогдох хууль хяналтын байгууллагууд нь шалгаж, нотолж, тогтоосон асуудалд ямар шийтгэл ногдуулах вэ гэдгээ шийддэг. Гуравдугаарт, энэ нь иргэний журмаар шийдэх асуудал биш. Иргэний журмаар шийдлээ ч гэсэн гуравдагч этгээд буюу эрх ашиг нь хөндөгдөж байгаа С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг зайлшгүй оролцуулж байж асуудлыг шийднэ гэсэн. Давж заалдах шатны шүүх эдгээр үндэслэлээр Хан-Уул дүүргийн шүү¬хийн шийдвэрийг хүчингүй болгосон. Үүнийг Г.Батхүү, Д.Зоригт нар давж заалдаж, Дээд шүүхэд өргөдөл гаргасан. Дээд шүүхийн хурал өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр болсон боловч тэд өргөдлөө татчихсан. Тэгэхээр Н.Төмөрхүү бид хоёрын бүрэн эрхийг баталгаажуулахаар УИХ-д өргөн барих асуудлыг хойшлуулсан Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэр хүчингүй болчихсон. Тиймээс нэг талаас харахад бид хоёрын нэрийг Их Хуралд өргөн барих нөхцөл байдал үүсч байгаа гэж харж болно. Нөгөө талаас, Г.Батхүү, Д.Зоригт нар биднийг “Сонгуулийн сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхдийг оролцуулж хууль зөрчсөн. Энэ нь сонгуулийн тойргийн хорооноос олгосон түр үнэмлэхийг хүчингүй болгох нөхцөл болж байна. Үүнийг шалгаж, тогтоож өгөөч” гэсэн нэхэмжлэлийг Өвөрхангай аймгийн шүүхэд гаргасан юм билээ. Үүний хариуд аймгийн шүүгч н.Отгонжаргал “Насанд хүрээгүй хоёр хүүхдийг сонгуулийн сурталчилгаандаа ашигласныг нь аймгийн Сонгуулийн хороо хүлээн зөвшөөрснийг баталж байна” гэсэн утгатай захирамж гаргасан. Ингэхдээ мөн л Хан-Уул дүүргийн шүүхийн нэгэн адил хуулийг илт зөрчиж захирамж гаргасан. Тухайлбал, энэ асуудлыг иргэний журмаар шийдэх боломжгүй, өөрөөр хэлбэл сонгуулийн зөрчил, маргаантай холбоотой асуудлыг иргэний журмаар шийдэх ёсгүй. Гэтэл хялбаршуулсан журмаар шийдсэн байгаа юм.
-Ер нь ямар нөхцөлд шүүх хялбаршуулсан журмаар шийддэг юм бэ?
-Хоёр тал харилцан ойлголцож, зөвшилцөлд хүрсэн нөхцөлд асуудлыг хялбаршуулсан журмаар шийддэг. Цаана нь гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж буй асуудлыг хялбаршуулсан журмаар шийддэггүй. Тиймээс шүүгч н.Отгонжаргал хууль зөрчсөн шийдвэр гаргаад байна. Өөр нэг асуудал бол Н.Төмөрхүү бид хоёрын УИХ-ын гишүүнээр тооцож олгосон түр үнэмлэхийг хүчингүй болгохоор асуудал үүсгэж байгаа атлаа бидний хэнийг нь ч оролцуулалгүйгээр шийдэж байгаа нь мөн л хууль зөрчсөн асуудал. Бас нэг н.Мөнхбаяртан /Хан-Уул дүүргийн шүүгч/ Өвөрхангайд гараад ирлээ гэсэн үг. Илт хууль зөрчсөн шийдвэр гарсан учраас бид асуудлыг дахиад эхнээс нь ярих, шат шатны хууль хяналтын байгууллагад хандах нөхцөл байдал үүсч байна. С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёр өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж, иргэний журмаар асуудлыг шийдэхдээ биднийг оролцуулсангүй гэдэг үндэслэлээр аймгийн давж заалдах шатны шүүхэд дахин өргөдөл гаргах үйл явц үргэлжилнэ.
Нэг зүйлийг тодруулж хэлэхэд, АН болон тус намаас нэр дэвшигчдийн зүгээс “Өвөрхангай аймгийн шүүх бидний талд шийдчихлээ. Бид тангаргаа өргөнө” гэж яриад байгаа юм билээ. Тийм асуудал байхгүй. Бид хууль бус шийдвэрийн эсрэг явна. Давж заалдах шатны шүүхэд хандана. Дээд шүүхэд очиж байж эцсийн шийдвэр гарна. Г.Батхүү, Д.Зоригт хоёр хуулийг илт уландаа гишгэж, нөгөө талаас анхан шатны шүүгч нарыг эрх мэдэл, мөнгө төгрөгөөр түрий барьж, шударга ёсыг алдагдуулж, шүүгчдийг буруу зүйлд уруу татаж байгаад үнэхээр харамсч байна. Хамгийн гол нь шүүх үнэн зөвийг л тогтоох ёстой. Шүүхийн шийдвэрийг бид хүндэтгэж үзнэ. Гэхдээ гарч байгаа шийдвэр нь эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүст үйлчилсэн, хуулийг болоод шүүгчийнхээ нэр төр, ёс зүйг уландаа гишгэж байгаад бид харамсч байгаа. Би түрүүн хэлсэн, нөхцөл байдал ийм байгаа учраас асуудал цааш үргэлжилнэ. Эцсийн шийдэл дахиад л Дээд шүүх дээр гарна.
-Г.Батхүү, Д.Зоригт нарын Дээд шүүхээс өргөдлөө татсаныг олон нийт янз бүрээр таамаглаж, ярьж байна. Харин та юу гэж ойлгож байгаа вэ?
-Дээд шүүх шударга үнэний талд байгаа юм байна. Анхан шатны шүүхтэй адил мөнгөтэй хүнд үйлчлэх бус мөн ямар нэгэн хараат байдалд авталгүйгээр асуудлыг шийднэ гэж болгоомжилсны улмаас тэд Дээд шүүхээс бултаж, Өвөрхангайн шүүхээс шийдвэр гаргуулчихаж гэж харж байна. Тиймээс маргаан дахин үргэлжилнэ. Харин энэ маргаанаас үүдэж, Өвөрхангайнхны эрх ашиг маш ноцтой зөрчигдөж байна. Н.Төмөрхүү бид хоёрын эрх ашиг зөрчигдөх нь дүүрч, сонгогчид хүнд байдалд байна. Үүнийг би хоёр зүйл дээр жишээ болгож хэлье. Тухайлбал, УИХ-аар улсын төсвийн тодотголыг хэлэлцсэн. Энэ тодотголоор Өвөрхангай аймагт 45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хасагдчихлаа. УИХ-д төлөөлөлгүйн улмаас Өвөрхангай аймгийн иргэдийн эрх ашиг ийнхүү хохирч байна. Нөгөө талаас өмнөх Засгийн газар Өвөрхангай аймгийн асуудлыг шийдэхэд тодорхой алхмуудыг хийсэн. Ялангуяа дулааны станц барих асуудлыг шийдэх ёстой гэж үзэж, зургийг нь гаргаж, ТЭЗҮ-ийг тооцоолж, төсвийг нь шийдчихсэн байсан. Энэ асуудлыг шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулах ёстой байсан. Гэтэл УИХ-д төлөөлөлгүй учраас тэдний дуу хоолой бас л хүрсэнгүй. Энэ бол өвөрхангайнхны эрх ашгийг маш ноцтой зөрчиж буй асуудал. Өнөөдөр парламент 2013 оны төсөв, үндсэн чиглэлийг ярьж байна. Сонгосон хоёр гишүүн нь парламентад орж чадаагүй байгаагаас дахиад л өвөрхангайнхны өмнө тулгамдсан асуудлууд, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхтэй холбоотой зайлшгүй хөндөх сэдвүүд УИХ, Засгийн газрын бодлогын гадна үлдэх нь. Нөхцөл байдлыг харгалзан үзэж асуудлыг хуулийн хүрээнд түргэн шийдээсэй гэж хүсч байна. Тиймээс шуудхан хэлэхэд, манайхан ярьдаг шүү дээ, баярлах болоогүй гэж. Тэр үгийг хэлмээр байгаа юм. Асуудал цааш үргэлжилнэ, бид үнэн шударгын төлөө явна. Г.Батхүү, Д.Зоригт хоёр тангараг өргөнө гэсэн асуудал байхгүй.
-Ингэхэд сонгуулийн сурталчилгаанд насанд хүрээгүй хүүхдүүдийг оролцуулсан гэдгийг яг тогтоосон юм уу?
-Асуудал үүнд оршино. Хамгийн гол нь тэр хоёр хүүхэд өөрсдөө “Бид сонгуулийн сурталчилгааны ажилд оролцоогүй” гэсэн өргөдлөө өгсөн байдаг юм билээ. Дээр нь хууль хяналтын байгууллага түүнд нь хяналтаа тогтоосны үндсэнд шүүх шийдвэрээ гаргах ёстой. Гэтэл, цагдаагийн байгууллага огт шалгаагүй. Нөгөө хүүхдүүд нь бид ажиллаагүй гээд байхад хүчээр хэрэг “өмсгөдөг” ийм асуудлууд яваад байна. Магадгүй хэт улайрч байгаа хүмүүс юу ч хийхээс буцахгүй байх л даа. Хуулийг илт зөрчиж, уландаа гишгэхээс сийхгүй, шударга ёсны манаач байх учиртай шүүгч нараар тоглож, хууль зөрчсөн үйлдэлдээ мөнгөөр татан оролцуулж байгаа нь илт байгаа шүү дээ. Хүчээр түрий барьж хийнэ гэж байгаа бол одоохондоо манай улсад тоталитар нийгэм, дарангуйллын тогтолцоо тогтчихоогүй болов уу гэж бодож байна. Шударга шүүхэд найдаж байна.
-УИХ-ын гишүүнээр сонгогдсон гишүүдэд олгосон түр үнэмлэхийг хүчингүй болгох тухай хуулийн ямар заалт байдаг вэ?
-Одоогийн дагаж, мөрдөж байгаа хуульд ганцхан заалт бий. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлд мөнгө, эд бараа, материал тараасан нь тогтоогдсон бол УИХ-ын гишүүнээр тооцож олгосон түр үнэмлэхийг тухайн тойргийн хороо нь хүчингүй болгоно гэж байгаа. Өөр тохиолдолд түр үнэмлэхийг хүчингүй болгох эрхзүйн үндэс байхгүй. Тэгэхээр хуулийн хүрээнд асуудал яригдах байх.
-Сонгогчид та бүхэнтэй ойр байгаа байх. Байр суурь, санаа бодлоо хэрхэн илэрхийлж байх юм?
-Сонгогчид маш их бухимдаж байгаа. “Сонгогчдын сонголт эрхэм дээд сонголт” гэж манай Ерөнхийлөгч ч гэсэн ярьдаг шүү дээ. Гэтэл өнөөдөр өвөрхангайчуудын сонгох эрхийг маш бүдүүлгээр зөрчиж байна. Нөгөө талаас орон нутгийн хөгжил цэцэглэлт, хөрөнгө оруулалт, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхтэй холбоотой бүх асуудал одоогийн төр, засгийн бодлогын гадна хаягдаж байна. Иймд иргэд бухимдаж, бид жагсая, тэмцье гэж байнга ярьж, утсаар холбогдож байна. Би энэ асуудалд иргэдийг татан оролцуулж, бужигнуулахыг хүсэхгүй байна. Үнэн олдоно, шударга шийдвэр гарна гэж бодож, хүлээж байгаа. Манайхан Ерөнхийлөгчөөсөө эхлээд “Шударга байцгаая” гэж уриалж байгаа шүү дээ. Тиймээс шударга байя. Шүүх аль нэгэн мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст үйлчлэхгүйгээр шийдээд өгчихвөл энэ олон иргэдийг бухимдуулж, босгож, жагсаад байх асуудал биш юм. Ойрын хугацаанд шийдэгдэх байх гэж найдаж байна.
-Олон нийт, ажиглагчид болон хэвлэл, мэдээллийнхэн нэг талаас мөнгө үйлчилж, нөгөө талаас эрх мэдэл буюу эрх барьж байгаа нам нь олуулаа гэдгээрээ түрий барьж, асуудлыг хүчээр шийдэж байна. Парламент дахь суудлынхаа тоог ийм байдлаар нэмэх нь гэж ярьж, бичиж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Ер нь сүүлийн үеийн нөхцөл байдлыг хараад байхад засаг барьж байгаа нам парламентад дийлэнх олонхийн суудлыг авчихсан юм шиг авирлаж байгааг бүгд харж байгаа шүү дээ. Ялангуяа МАН-ын бүлгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөгөө талаас СЕХ-ны удирдлагуудыг өөрчилчихлөө. Энэ мэтээр явуулж байгаа үйл ажиллагааг нь харахад бярдах, бярандаа эрдэх, хуулийг үл тоох, иргэдийн эрх, ашгийг үл хүндэтгэх байдал илт ажиглагдаж байгаа. Энэ байдлаас харахад магадгүй бярдаад, хүчлээд өөрсдөө олонхи болоогүй учраас суудлынхаа тоог нэмэгдүүлэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ олон зуун мянган иргэдийн сонголт, итгэл үнэмшлийг хүчээр нухчин дардаг дарангуйллын үе Монголд хараахан ирчихээгүй болов уу гэж найдаж байна. Бид чинь Ардчилсан Ерөнхийлөгчтэй орон гэж яриад байгаа шүү дээ. Ардчилсан Ерөнхийлөгчтэй байгаа үед ингэж асуудлыг хүчээр шийддэг, дарангуйлдаг байдал арай ч бий болчихгүй болов уу.Нөгөө талаас би сүүлийн үед Ерөнхийлөгчийн яриад байгаа шүүхийн шинэчлэлийн ажил хэр үр дүнтэй байгаа юм бол, урагшилж байна уу гэж бодох болсон. Ямар ч гэсэн шүүхийнхэн хуулиа илт зөрчдөг юм байна, хөрөнгө, мөнгөтэй хүнд үйлчилдэг юм байна гэдэг нь ил тод боллоо. Харин ч Н.Төмөрхүү бид хоёр сонгуульд оролцож, ялалт байгуулж, маргаанд оролцсоноороо нэг талаасаа Ерөнхийлөгчид их тус болж байна гэж бодож байгаа шүү, шүүхийн шинэчлэл хийхэд нь. Өвөрхангайд үүссэн маргаан анхан шатны шүүгчид хууль болоод шүүгчдийн нэр хүндийг уландаа гишгэдэг, хөрөнгө, мөнгөтэй хүнд үйлчилдэг байдал байгаа гэдгийг илчилж, ил тод болгож өглөө. Тиймээс цаашид шинэтгэлийнхээ үйл хэрэгт анхаарч, засах болов уу. Энд нэг зүйлийг зориуд хэлэхэд ардчилсан Ерөнхийлөгчийн үед Монгол Улсын нэг хэсэг иргэд нь сонгох эрхгүй, мөн нэг хэсэг нь сонгогдох эрхгүй, зарим нь шүүхэд мэтгэлцээнл орох эрхгүй, давж заалдах эрхгүй, цаашилбал ийм иргэн олон болж байгаа юм биш биз дээ. Энэ юу болж байна вэ гэж гайхаж сууна.