“Богд хан төмөр зам” төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч байгаа 35 км төмөр замыг хотын зорчигч тээврийн зориулалтаар ашиглан хөнгөн галт тэрэгний үйлчилгээ нэвтрүүлэх боломжийг нээж байна. Ингэснээр хотын нэг захаас нөгөө зах хүрэхэд хөнгөн галт тэргээр зорчиход 15-хан минут зарцуулна. 15 буудлыг ийм хугацаанд туулна гэдэг хөнгөн галт тэрэгний давуу тал болоод зогсохгүй, Монголд нийтийн тээврийн хоёрдахь урсгалыг бий болгож, нийслэл хотын замын түгжрэлийн асуудлыг давхар шийдэж байгаагаараа ач холбогдолтой юм.
Өнөөдөр ашиглаж байгаа төмөр зам нь нийслэл хотын төмөр зам болон авто замын нэг төвшинд огтлолцож буй хэсгүүдэд авто замын түгжрэлийг бий болгож байгаа юм. Түүнчлэн зүтгүүр, яндангаас гарч байгаа утаа нь хотын агаарын бохирдлыг нэмэгдүүлж, төмөр замаар тээвэрлэж буй аюултай, химийн хортой ачаанаас бий болох эрсдэлийг өндөрсгөх, галт тэрэгний дуу чимээ зэрэг нь ард иргэдийн аюулгүй тайван амьдрахад сөрөг нөлөө үзүүлсээр байна. “Богд хан төмөр зам”-ыг барьснаар дээрх асуудлууд давхар шийдэгдэх юм.
Зам, тээврийн яамны зүгээс “Богдхан-төмөр зам” төслийг Концессийн тухай хуулийг үндэслэн хувийн хэвшлийн зарчмаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн Зам, тээврийн яамны хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.