Гурван аймагт мал, амьтны галзуу өвчин гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Гурван аймагт мал, амьтны галзуу өвчин гарчээ

Орон нутагт сүүлийн үед мал амьтны галзуу өвчин газар авч байна. Ямар
аймагт хэдэн мал амьтан өвчлөөд байгаа, ямар арга хэмжээ авч байгаа
талаар Онцгой байдлын ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч
Б.Дуламсүрэнгээс тодрууллаа.


-Өмнөговь аймагт галзуу өвчин гарч олон мал устгасан. Гэтэл сүүлийн үед өөр олон аймагт энэ өвчин гарсан байна?

-Өнгөрсөн сарын дунд үеэс Өмнөговь аймгийн Манлай сумын Өгөөмөр, Өехий
багийн нутагт мал, амьтны галзуу өвчин гарсан. Хорио цээрийн дэглэм
тогтоон ариутгал халдваргүйтгэл хийж байгаа.
Тус багийн   151 өрхийн 11064 мал, /тэмээ-1883, адуу-22, үхэр-63,
хонь-3135, ямаа-5961/ 127 нохойд урьдчилан сэргийлэх вакцин хийсэн гэж
мэдэгдлээ. Сүүлийн үед Дундговь, Булган, Баянхонгор, Сүхбаатар аймагт
галзуу өвчин тархсан тухай мэдээ ирлээ.


-Юунаас мал амьтанд галзуу өвчин халдварлаад байгаа юм бол. Олон малд халдварласан уу?

 -Дундговь аймгийн Өлзийт сумын 2, 5 дугаар баг, Луус сумын Суварга
баг, Гурвансайхан сумын Дэрсэн ус баг, Эрдэнэдалай сумын 2, 5, 6 дугаар
баг, Хулд сумын нутагт мал, амьтны галзуу өвчин гарсан. Өнөөдрийн
байдлаар 2136 бог, 217 бод мал, найман нохойд урьдчилан сэргийлэх
вакцин хийсэн. Өвчний шинж тэмдэг  илэрсэн 71 мал амьтныг устгасан.
Баянхонгор аймгийн Баянлиг сумын 4, 5 дугаар багийн нутагт гурван 
айлын таван тэмээнд галзуу өвчний шинж тэмдэг илэрсэн тухай мэдээлэл
ирсэн. Аймгийн мал эмнэлэг газар дээр нь ажиллаж байгаа. Мэдээлэл
ирүүлэх байх.
Булган аймгийн Орхон сумын Халиун багийн иргэн О-ын мал руу золбин
нохой дайрсан хэрэг гарлаа. Ноход галзуу өвчний вирустэй байж болзошгүй
байсан учир устгасан. Шинжилгээ хийж байгаа, одоогоор хариу нь
гараагүй. Шинжилгээний хариу гарахаар чухам юунаас болж халдварласан нь
тодорхой болох байх.


-Сүхбаатар аймагт  олон зээр үхсэн байсан. Бас галзуу өвчний халдвар авсан гэсэн мэдээлэл байна?

 -Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Матад сумдын зааг,
Хилийн цэргийн 0146 дугаар ангийн 0144 дүгээр салбар буюу наймдугаар
заставын орчмоор цагаан зээр үхсэн. Сүүлд ирсэн мэдээгээр 160-180
цагаан зээр тодорхой бус шалтгааны улмаас хорогдсон байна. Холбогдох
газрынхан ажиллаж сэг зэмээс дээж авч аймгийн Мал эмнэлгийн ариун
цэврийн лаборатори болон Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв
лабораторид шинжилгээ хийж байгаа бөгөөд одоо шинжилгээний хариу
гараагүй байна.
Хаврын улиралд малын галзуу өвчин ихсэх хандлагатай байдаг гэнэ. Галзуу
өвчин малаас хүнд халдвардах магадлал өндөр байдаг учир малчид анхаарал
болгоомжтой байж шарх авсан тохиолдолд бохир орохоос хамгаалах
хэрэгтэйг анхааруулж байна.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж