Гэрийн халаалтын системийг бүрэн цахилгаанаар шийдсэн, цахилгаан халаагуур бүхий айл өрхийн шөнийн цагаар хэрэглэсэн 3000 кМтц хүртэлх цахилгааны төлбөрийг сар тутам 50 хувиар бууруулдаг. Шөнийн цаг гэдэг нь 18.00-09.00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгааны үнийг хөнгөлнө гэсэн үг.
Харин шахмал болон коксон түлш, сайжруулсан зуух, яндангийн шүүлтүүр хэрэглэж байгаа, стандартын шаардлага хангасан дулаалгатай гэр, амины орон сууцтай гэх мэт бусад шаардлагыг хангаж буй өрхүүдийн ахуйн хэрэглээнд хэрэглэсэн 200 кВтц хүртэлх цахилгааны төлбөрийг 50 хувь хөнгөлөх аж. Өөрөөр хэлбэл, дүүрэг, хороодоор дамжуулан худалдаалсан утаагүй зуух, гэрийн дулаалга авч хэрэглэж байгаа айлуудын цахилгааны төлбөр сард дунджаар 15-20 мянган төгрөг байдаг бол урамшуулалд хамрагдсанаар сар бүр 7-10 мянган төгрөгийг хэмнэж чадах юм байна.
Өнгөрсөн жил УБЦТС-тай гэрээ байгуулсан айлуудын цахилгааны төлбөр автоматаар хөнгөлөгдөх юм байна. Одоогийн байдлаар 27569 хэрэглэгчийн цахилгааныг хөнгөлөөд байгаа гэнэ. Харин шинээр хөнгөлөлтөд хамрагдах иргэд харъяа дүүргийн Агаарын бохирдлыг бууруулах салбар хороонд дээрхи шаардлагуудын аль нэгнийг хангасан гэдгийг батлах хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэх, цахилгааны дэвтэр зэргээ авч очин хүсэлт гаргах хэрэгтэй гэнэ. Дүүргийн агаарын бохирдлыг бууруулах салбар хороо хүсэлт гаргасан айл өрхийг зохих шалгуур үзүүлэлт хангасан эсэхийг шалгаж үзсэний үндсэн дээр цахилгааны урамшуулалд хамруулах тодорхойлолт хийж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраар дүгнэлт гаргуулан “УБЦТС” ТӨХК-д өгөх ажээ. Таны утсанд мэдээлэл ирсэн даруйд дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандан гэрээгээ байгуулснаар та цахилгааны хөнгөлөлт эдлэх боломжтой болно.
Дүүргийн салбар хорооноос ирүүлсэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт бүхий хэрэглэгчийн тодорхойлолтыг хүлээн авсан даруйдаа шийдвэрлэдэг. Ингэхдээ дүүрэг бүрт байрлах хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдээрээ дамжуулан хэрэглэгчидтэй гэрээ хийх гэнэ. Хэрэглэгчдэд үйлчлэх төв нь урамшуулалд хамрагдах нэрсийн жагсаалтыг өөрийн байранд олон нийтэд ил тод байрлуулах ба хэрэглэгч бүрийн гар утсанд гэрээгээ хийнэ үү гэсэн мессежийг илгээдэг гэнэ.