Ирэх арваннэгдүгээр сард томоохон эдийн засгийн хямралын ээлжит
давалгаа евро бүсийн орнуудыг дайрах талаар “BBC Economy” онцоллоо. Тэр
дундаа Грек, Испани, Италид хамгийн их хүнд даваа тулгарна.
Эдийн засагчдын тооцоолж буйгаар Испанийн эдийн засаг энэ удаагийн
хямралын давалгаанд тэсч үлдэх нь тэднээс өөрсдөөс нь шалтгаалах талаар
анхааруулсан. Өөрөөр хэлбэл, төсвийн тандалт хэр байна төдий чинээ
хямралыг даван туулах чадамж ихсэх талаар Испанийн Сангийн яаманд
сэрэмжлүүлсэн.
Испанийн эдийн засгийн өнөөгийн байдалд хамгийн их шахалт дарамт болж
байгаа зүйл бол каталончуудын жагсаал. Тус улсын ажилгүйдлийн төвшин,
эдийн засгийн хямрал каталончуудын эсэргүүцлийн хажууд юу ч биш мэт
сэтгэгдэл төрүүлэхүйц үйл явдал сүүлийн өдрүүдэд үргэлжилж байна. Хэрвээ
тус улсын Ерөнхий сайд Мариано Ражойн тэргүүлдэг Ард түмний намаас
гарах эдийн засгийн шинэ төлөвлөгөөний чухал шийдвэрт каталончууд
нөлөөлж чадах юм бол улсын эдийн засгийн 20 байтугай хувийн уналтад орж
магадгүй гэдгийг ажиглагчид онцолсоор байгаа.
Каталончууд яагаад эдийн засгийн хүнд байдалд байгаа, өнөөдөр Испанийн
эрх баригчдаас тусгаар тогтнол хүсээд байгааг судлаачид олон талаас
тайлбарлаж эхэллээ. Энэ талаар Сангийн яамны статистикийн газрын судлаач
Хуан Шавилес “Эдийн нөхцөл байдал бүгдэд хүнд байгаа. Улс тэр чигтээ
хямралд автаад байхад каталончууд энэ завшааныг өөрсөддөө ашигтай мэт
эргүүлэхийг хичээх болсон. Тэд Засгийн газраас, Испаниас тусгаар тогтнол
хүслээ гээд эдийн засгийн нөхцөл байдал улам л хүнд болно. Үүнд сайн
зүйл нэг ч байхгүй” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн удаатай.
Евро бүсийн орнуудын хувьд Испани одоо ч гол тулгуур болох ёстой орны
нэг. Тиймдээ ч өдгөө тус улсын эдийн засгийн өсөлт, уналтад онцгой
анхаарал хандуулсаар ирсэн. Тус улсын хувьд тулгамдаад байгаа хамгийн
хүнд асуудал бол ирэх жилийн төсвийг хэрхэн зөв зарцуулах болоод байна.
Мөн улсын төв банк дахин 59 тэрбум евро буюу 76 тэрбум ам.доллар
шаардлагатай байгааг цохон тэмдэглэсэн. Яаралтай байгаа мөнгөн дүн
зөвхөн төв банкинд бус бусад арилжааны банкуудад ч хэрэгтэй гэдгийг
банкуудын холбоо илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, төв банкны үйл
ажиллагаанаас нэгэнт хамааралтай эдийн засгийн гол эх үүсвэр болоод буйг
удаа дараа тодотгоод буй. Төв банкны үйл ажиллагаа ямар нэг сааталгүй
явагдах юм бол бусад банкууд, санхүүгийн ихэнх салбаруудын үйл ажиллагаа
хэвийн явагдах аж.
Хэрэв дээрх хэмжээний мөнгөн дүнг Испани дахин зээллээ гэхэд Засгийн
газраас эргэн төлөх хугацаа, нөхцөл, боломж хэр байгааг нарийвчлан
гаргаагүй гэдгийг санхүүчид онцолсоор байна. Мөн Испанийн Дотоодын
нийт бүтээгдэхүүн сүүлийн хоёр сард буурсан талаар тус улсын Төв
банкнаас мэдээлсэн. Зээлийн өмнө зогсож байгаа Төв банк харин хэчнээн
хувиар гэдгийг тодруулсангүй. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Испанийн
Сангийн сайд Луис Де Гиндос ДНБ-ий өсөлт буурсан тухай мэдэгдсэн билээ.
Тэрбээр ДНБ-ий сүүлийн хоёр сарын үзүүлэлт өмнөх жилийн мөн үеийнхтэй
харьцуулахад 0,3-0,4 хувиар унасан аж.
Их Британийн “CreditSights” компанийн Европын өрийн асуудлыг хариуцсан
шинжээч Дэвид Уоттс “Яг одоогийн байдлаар Европын холбооны нөөц сангаас
Испанид бэлэн гаргаад өгчих мөнгө байхгүй. Ямар нэгэн байдлаар
шаардлагатай байгаа мөнгийг гаргалаа гэхэд Испанийн нөхцөл байдал бас
хүнд байгаа. Дотроо зөрчил ихтэй байгааг хэн бүхэн мэдэж байгаа. Эдийн
засгийн хүнд байдалтай байхад өөр зүйл тэдний шүдний өвчин болж байгаад
миний зүгээс харамсч байна. Италид цагаачдын ачаар ажлын хөдөлгөх хүчинг
маш зөв ашиглаж байна. Миний тооцоолж буйгаар дараа жилийн өдийд
Италийн эдийн засаг хамаагүй дээрдэх болов уу.
Харин Грекийн хувьд ажлын байр хэрэгтэй байгаа. Ажил олгогчид ч
санхүүгийн эргэлтэд бүрэн орж өгөхгүй зүйл ажиглагдсаар байгаа. Хамгийн
асуудал ихтэй байгаа нь Испани. Гэхдээ эдгээр гурван орон хөл дээрээ
босох нь Европын холбооны хувьд маш чухал. Сэргэлтийг эхлүүлэх хүчин
зүйл, шинэ бодлого хэрэгтэй байгаа гэдэгт Евро бүсийн орнуудын
санхүүгийн зөвлөлийн гишүүд санал нэгдсэн хэвээр байгаа” хэмээжээ.
Европын холбоо санхүүгийн хямралтай байгаа орнуудын нөхцөл байдлаас
хамаарч арай бага хугацаанд сэргэлт авах боломжтой орнуудад хамгийн
түрүүнд тусламж үзүүлсээр байгаа гэдгийг Дэлхийн санхүүгийн зохицуулах
газраас мэдэгдсэн. Тэр ч үүднээс дээрх бодлогыг “зөв” гэсэн байр суурийг
илэрхийлсэн билээ. Хамгийн гол нь их хэмжээний ашиг орлого бус,
тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгох тал дээр анхаарах ёстойг ч
цохон тэмдэглэсэн.
Испанийн хувьд төсвийн хэмнэлтийн эсрэг хүн ам нь тэмцэж, жагсаал хийж
эхэлсэн нь томоохон бэрхшээлийг авчирсан. Тус улсын эдийн засгийн
тогтвортой байдлын үндсэн үзүүлэлт болох үнэт цаасны орлого сүүлийн хоёр
жилд бага багаар буурсаар байгаа. Энэ нь ч дэлхийн зах зээлд сөргөөр
нөлөөлөн Испанийн эдийн засгийн тогтворгүй байдлын голомт болсоор. Бараг
10 жилийн бондын үнэ унаж, банкинд хөрөнгө оруулах иргэдийн тоо огцом
унасан. Гэхдээ одоо иргэдэд банкинд зориулаад байх мөнгө үлдээгүй гэхэд
хилсдэхгүй. Багахан хэмжээний бэлэн мөнгө иргэдийн гар дээр байгаа ч тэд
эрсдэлд оруулахыг хүсэхгүй нь ойлгомжтой.
Есдүгээр сарын банкны депозит 1,1 хувь болон буурч, улмаар 2009 оныхоос
хамгийн бага төвшинд хүрээд байгаа ажиглагчид мэдээлсэн. Яг өнөөдрийн
байдлаар Засгийн газраас нийт таван муж санхүүгийн яаралтай тусламж
хүсээд байна. Хамгийн түрүүнд жагсаал цуглаан их хийдэг болсон Каталони.
Тэд яаралтай таван тэрбум евро шаардаж байгаа. Тэдний үзэж буйгаар
“Засгийн газраас 13 тэрбумыг шаардах боломжтой байсан. Гэхдээ бид нөхцөл
байдлыг хүндэтгэн үзэж таван тэрбумыг л шаардаж байна” гэсэн байр
суурийг илэрхийлсэн. Мөн Испанийн Андалуси муж дөрвөн тэрбумыг, Валенси
3.5 тэрбумыг, Кастили Ла Манча 850 сая еврог тус тус Засгийн газраас
шаардаж байгаа талаар “CBS News” агентлаг мэдээлсэн.
Ажиглагчдын үзэж буйгаар “Хэрэв Испанийн эдийн засаг нэг л уналтад орох
юм бол Европын холбооны зүгээс ойрын таван жилд дахин тусламж авч
чадахгүй хэмжээнд очно” гэсэн таамгийг дэвшүүлээд буй. Европын холбоонд
яригдаж буй 45 тэрбум еврог нөөцийн санд шилжүүлэх талаар санал
хуваагдаж байна. Хэрэв дээрх мөнгө нөөцийн санд орох юм бол ядаж талыг
нь Испанид зээлэх эсэх дээр Евро бүсийн орнуудын төлөөлөгчид уулзалт
хийх талаар BBC агентлаг мэдээлсэн билээ. Хамгийн гол нь “Цаашдаа эдийн
засгийн бодит үр дүнг Испаниас шаардах болно” гэдгийг евро бүсийн
санхүүгийн төлөөлөгчид Испанийн Засгийн газарт анхааруулсаар байгаа.
Испанийн санхүүгийн хямралын эхний үед буюу өнгөрсөн жилийн мөн үед
“Испани санхүүгийн тусламж авахгүй” гэх утгатай мэдэгдлийг хийж байсан.
Гэвч Европын холбооны санхүүгийн салшгүй нэгдэл Испанийг хямрал руу
татан унагасан гэдгийг санхүүчид баталсаар байна. Нөхцөл байдал өдрөөс
өдөрт хүндэрсээр байгаа Испанийн нийт хүн амын дөрвөн хүн тутмын нэг
ажилгүй байгаа. Энэ хүчин зүйл хямралын бас нэг үндэс болоод байна.
Тус улсын статистикийн газрын мэдээлж буйгаар “Ажилгүй иргэдийн жагсаал
нэмэгдсээр байгаа” гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тодруулбал, сүүлийн сарын
байдлаар ажилгүйдлийн төвшин 25 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Испанид
бусад орны адил мөнгөний уналтаас гадна ажилгүйдлийн тоо үлэмж ихэсч,
худалдан авагчдын чадвар муудаж, үйлдвэрлэлийн хүчин чадал буурах зэрэг
эдийн засаг санхүүгийн тэнцвэр алдагдсаар байна.