Говийнхон экологио хамгаална

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

Говийнхон экологио хамгаална

Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудын малчид байгаль экологио хамгаалахын тулд тус бүс нутагт уул уурхайн олборлолт нэмж явуулахыг эсэргүүцэж байгаагаа УИХ, Засгийн газарт илэрхийлэхээр нийслэлд ирсэн байна.   Эрчимтэй явагдаж буй уул уурхайн үйл ажиллагааны улмаас малын бэлчээр хомсдон, малчдын амьжиргааны эх үүсвэр нүүдлийн мал аж ахуйн уламжлал алдагдаад зогсохгүй говийн экологид учраад байна гэж малчид үзэж байгаа аж. Тиймээс малын бэлчээрийн хомсдлыг цаашид тэлэхгүй байх, аж ахуйн уламжлалт хэв маягаа хадгалан үлдэх, говийн экологийг хамгаалахын тулд уул уурхайн үйл ажиллагаанд зарим хязгаар тогтоохыг хүсч малчид орон нутгийнхаа засаг захиргаагаар дамжуулан Засгийн газар, УИХ-д хандаж ирсэн гэнэ. Гэвч орон нутгийн засаг захиргаа тэдний хүсэлтэд хайхрамжгүй хандаж буй учир асуудлаа тавихаар өөрсдийн төлөөллөө нийслэл рүү ирүүлсэн байна.  

Тухайлбал, Гурвантэс зэрэг зөвхөн нэг сумын нутаг дэвсгэрт л гэхэд ашиглалт, хайгуулын лицензтэй 60 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаагаас үүдэн ус гол булаг шанд ширгэх, худгийн ус шавхагдан ундны усны хомсдол нүүрлэж, аргаль, янгир, ирвэс хулан хавтгай, хар сүүлт зэрэг ховор амьтад дайжаад байгаа зэрэг баримтуудыг малчид онцолж байна. Тиймээс цаашид уул уурхайн компаниудыг тус бүс нутагт шинээр нэмж оруулахгүй байхыг УИХ, Засгийн газраас шаардахаар малчид нэгджээ. Малчид мал аж ахуйн уламжлалт хэв маягаа хадгалах замаар говийн байгалийн тэнцвэрийг сэргээх боломжтой гэж үздэг юм байна. Экологид аюул учруулж буй уул уурхайн үйл ажиллагааг хязгаарлах саналыг УИХ, Засгийн газарт тавихаар ирсэн малчдын эрх баригчидтай уулзах тов одоогоор тодорхойгүй байна.

Б.АРВИЖИХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж