
Есдүгээр сарын 22-нд болсон Засгийн газрын хуралдаанаар Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга Д.Мөрөн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Засгийн газрын тушаалаар халагдахаар болсон Р.Содхүү дарга өөрийнхөө жолооч н.Түмэнжаргал, туслан Н.Хулан нараа УМХЕГ-т улсын байцаагч болгох тушаал гаргасан нь тус газарт ажилладаг олон хүний дургүйцлийг төрүүлээд байгаа аж. Мэргэжлийнх нь сургууль төгсч, номыг нь уншин, ногоотой шөлийг нь долоосон хүмүүс МХЕГ-т орж чадахгүй байхад Р.Содхүүгийн жолооч, туслах хоёр нь ногоон гэрлээр улсын байцаагч болсон шалтгааныг холбогдох газрууд нь тодруулах шаардлагатай болов уу. Хэн нэгэн даргын жолооч, туслах нь улсын байцаагч хийчихдэгсэн бол төрийн албаны шалгалт шүүлэг авах ямар хэрэгтэй байна вэ. Улсын байцаагчийн үнэмлэхийг даргаараа далайлгаж, хууль бусаар өвөртлөөд буй н.Хулан гэгч эмэгтэй нь сувилагчийн мэргэжилтэй бөгөөд Р.Содхүүг Хөрөнгийн биржийн захирлаар ажиллаж байх үеэс л туслахыг нь хийдэг байсан гэх. Харин н.Түмэнжаргал Р.Содхүүг Хөрөнгийн биржийн захирлаар ажиллаж байх үеэс л жолоочийг нь хийдэг байсан бөгөөд хувийн болоод хувьсгалынх нь элдэв ажилд зарагдаж явсныхаа төлөөсөнд өдгөө улсын байцаагч болтлоо суга дэвшжээ. Яагаад Р.Содхүү ийнхүү туслах бүсгүйгээ, жолооч залуугаа улсын байцаагч болгов оо. Үүний цаана ямар учир байна вэ. Тиймээс УМХЕГ-т ажиллаж байгаа хүмүүсээс мэргэжлийн болон мэргэшлийн шалгалт авах цаг болжээ. Хэн нэгэн даргын туслах, жолооч эсвэл эхнэрийн нь дүү, хамаатан садангаар төрийн алббг дүүргэмээгүй байна. Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газарт бас хууль бусаар ажил орсон нөхдүүдийн талаар хов жив жиргээд эхэлсэнийг холбогдох газрууд нь анхаараасай билээ. Төрийн албыг даргын ах дүүс, хамаатан садан, эхнэрийнх нь найз нөхөд, танил тал, туслах, жолооч нараас цэвэрлэхгүйгээр төрийн ажил хол явж чадахгүй байх.