11-р сургуулийнхан бусдын гэрт толгой хоргодох нь

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

11-р сургуулийнхан бусдын гэрт толгой хоргодох нь

Нийслэлийн хэмжээнд барилгын чанар, аюулгүй байдал нь алдагдсан, үйл ажиллагаа явуулж болохгүй болсон 27 сургууль, цэцэрлэгийн барилгыг нураах шийдвэрийг НМХГ-аас гаргасан. Дээрх 27 сургууль, цэцэрлэгээс нэн тэргүүнд буулгах шаардлагатай сургуулийн жагсаалтад 11, 38, 73 дугаар сургууль багтсан. Гэвч эдгээр сургууль өнөөдрийг хүртэл акталсан хичээлийн байрандаа үйл ажиллагаа явуулсаар байгаа. Өнөөдрийн байдлаар гуравдугаар сургуулийн сурагчид дөрөв, 16 дугаар сургуулийн нэг давхарт хуваагдан хичээллэж байна. Тэдний энэ байдлыг удахгүй 11 дүгээр сургуулийнхан давтаж, айлаар хэсэх нь.
Сүхбаатар дүүргийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургуульд энэ жил 600 гаруй сурагч суралцаж байгаа. НМХГ-аас 2010 онд тус сургуулийн барилгын тулгуур багана нь муудсан, хүчдэлийг нь сайжруул гэсэн дүгнэлт гаргажээ. Тиймээс өнгөрсөн жил нурах эрсдэлтэй  болсон хана, дээврээ зассан байна. Гэхдээ л эдэлгээ нь дууссан юм хойно яаж ч тордоод нэмэргүй байдаг билээ. Энэ жилийн гуравдугаар сард НМХГ-аас дахин нэг дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд сургуулийн барилгад үйл ажиллагаа явуулахыг бүрэн зогсоо гэжээ. Тиймээс сургуулийн удирдлагууд холбог­дох хүмүүст хандаж, хэцүү байдалд хүрснээ дуулгажээ. Иймд НИТХ-аар тус сургуулийн барилгыг буулгах асуудлыг хэлэлцээд Засаг дарга захирамж гаргажээ. Захирамж нь тус сургуулийн захирал Д.Энхжаргалын гар дээр өнгөрсөн пүрэв гаригт иржээ. Энэхүү захирамжид тус сургуулийг 2013 оны хоёр дугаар улиралд багтаан акталж бүртгэлээс хасахыг Өмчийн харилцааны газарт даалгасан байна. Тиймээс 11 дүгээр сургуулийн ирэх оны гуравдугаар сараас буулгаж эхлэх нь.

Түүнчлэн нийслэлийн Боловсролын газарт энэ жилдээ багтаж өөр бусад сургууль руу шилжүүлэх боломжтой эсэхийг лавлаж бичиг хүргүүлжээ. Шинэ сургууль барьтал хүүхдүүд ойролцоох сургуульдаа толгой хоргодох учиртай. Одоогоор аль сургуульд очих нь тодорхой болоогүй байгаа ч, 11 дүгээр сургуульд хамгийн ойр нь зургаа, 31, 45 байдаг аж. Хүүхдийн багтаамжаас хамаараад нэгээс хоёр сургуульд 11-ийнхэн нүүж очих юм. Хамгийн боломжтой буюу цөөн сурагчтай нь 31 дүгээр сургууль юм байна. Зургаа, 45 дугаар сургууль 1000 гаруй хүүхэдтэй аж. Тиймээс ачаалал ихэсч, хүндрэлтэй байх аж. Нүүлгэхийн тулд 31 дүгээр сургуулийн  хонгилд өрөө тасалгаа гаргах, хаалт хийх шаардлагатай байгаа аж.

11 дүгээр сургуулийн анхны барилгыг 1951 онд барьж байжээ. 1952 онд хоёр давхар болгож томруулсан байна. Харин заалны хэсэг нь 1996 оны барилга гэнэ. Тиймээс заалны хэсгийг нь үлдээж 1951 онд барьсан хэсгийг нь буулгах аж. Нийслэлийн боловсролын газраас 11 дүгээр сургуулийн барилгыг нурааж оронд нь 320 хүүхдийн багтаамжтай сургууль барих төсөв суулгаж өгсөн гэнэ. Гэхдээ тус сургууль 600 хүүхэдтэй байхад 320 хүүхдийн багтаамжтай сургууль төлөвлөнө гэдэг хачирхалтай л юм. Уг нь нийслэлд сургууль, цэцэрлэг олдохгүй, жилийн жилд л бөөн асуудал болдог. Нэгэнт л шинэ сургууль барьж байгаа юм чинь томхоныг барьчихвал зүгээр байлтай. Уг нь нийслэлд газар олдохгүй болохоор сургууль барьж чадахгүй байгаа биш билүү. Мөнгө нь хангалттай байна л хэмээдэг. Тиймээс боломжийг алдалгүй, олдсон жаахан газраа зөв ашиглавал яасан юм бэ. Тийм ч учраас 11 дүгээр сургуулийн удирдлагуудын зүгээс 640 суудалтай болгож, төсвийг нэмж өгөөч гэсэн саналыг хүргүүлсэн байна. Тус барилгын төсвийг 2012 оны төсвийн тодотголоор хасч, ирэх оныход суулгахаар болсон.

Хэрвээ дээрх сургуулийн барилгыг  нураалаа гэхэд ирэх оны гуравдугаар сарын 1-нээс өмнө тендер гүйцэтгэгчийг шалгаруулж, зураг төслийн ажлыг хийх ёстой. Гэвч ирэх оны гуравдугаар сараас өмнө акталсан сургуулийн байранд ямар нэг эрсдэл гарч, хүүхдүүд эрүүл мэнд, амь насаараа хохирохгүй гэсэн баталгаа байхгүй. Жавар тачигнасан өвлийн хүйтэн хаяанд ирээд байна. Тиймээс нэгэнт акталсан сургуулийн барилгыг хоослоод сурагчдыг аюулгүй газарт  сургахаа яаравчилсан дээр л болов уу. Энэ асуудлаар тус сургуулийн захирал Д.Энхжаргалтай уулзахад “Намар дусаал гоожсон. Бид дээврээ төмөрлөж янзалсан. Тиймээс харьцангуй гайгүй. Гэхдээ манай барилга модон нуруутай болохоор бороо их орвол норж, илжрээд байдаг. Удахгүй нүүлгэн шилжүүлнэ. Ойр орчмынхоо сургуулийг судална. Нүүж очсон сургуульдаа өрөө тасалгаа янзлах гээд нэлээд асуудал бий. Манай сургуулийг шинээр 320 хүүхдийн багтаамжтай барихад улсын төсөвт 1.2 тэрбум төгрөг суулгасан гэсэн. Бид 640 болгоод өгөөч гэсэн хүсэлтээ БШУЯ-нд тавьсан” хэмээж байлаа.

Б.АЗАА
“ӨДРИЙН ШУУДАН”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж