“Айвенхоу” гэрээг өөрчлөхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

“Айвенхоу” гэрээг өөрчлөхгүй гэв

УИХ-ын нэр бүхий гишүүд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх санал гаргасан нь улстөрийн ч, эдийн засгийн хүрээнд ч шуугиан дэгдээгээд байгаа. Гэхдээ энэ санал УИХ-ын олонхийн дэмжлэг аваагүй учир одоо нээлттэй хэлэлцүүлгийн хэмжээнд  хэвээр байгаа гэсэн ойлголт Монголын олон нийтийн дунд бий болоод байгаа. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар буюу салбарын яам нь Оюутолгойн хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанид албан ёсоор хүсэлт гаргасан талаар гадаадын мэдээллийн агентлагууд мэдээлсэн байна.

“Turquoise Hill Resources” буюу хуучнаар “Айвенхоу майнз” компани “Рио Тинто” ХХК-тай хамтран Уул уурхайн яамнаас явуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харах хүсэлтэд татгалзсан хариу өгснөө зарлалаа гэж хэвлэлүүд мэдээлжээ. Уул уурхайн яамнаас явуулсан захидлаар дамжуулан 2009 оны аравдугаар сард гарын үсэг зурж, 2010 оны гуравдугаар сард хүчин төгөлдөр болсон гэрээг талууд дахин хэлэлцэхийг хүссэн юм байна.

“Turquoise Hill"-ын CEO Кай Престли үүний хариуд “Хөрөнгө оруулалтын гэрээ Монголын Засгийн газар болон хөрөнгө оруулагч талд хоёуланд нь ашигтай. Бид зургаан тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулж, олон мянган ажлын байр бий болгосон. Хуулийн дагуу хүчин төгөлдөр гэрээний ачаар бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлэх гэж байна. Хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улс цаашид гаднаас хөрөнгө оруулалт хүлээж авах найдвартай орон болох үндсийг тавьсан” гэж хариулсан талаар “Ройтерс”-т мэдээлсэн байна. Мөн Оюутолгой бол  Монголын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр, Оюутолгой уурхай ирээдүйд ч Монголын нийгэм эдийн засагт үр ашгаа өгдөг хамгийн чухал эх сурвалж байх болно гэжээ.

Б.ХАЛИУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж