Нийслэлд байгаа 500 орчим дугуй засварын газрууд бүгд л хэрэглээнээс хасагдсан дугуйны хамерыг 150-250 төгрөгөөр худалддаг гэнэ. Дугуйг нүүрсний мөнгөө хүчрэхгүй ядмаг айлуудаас гадна нам даралтын зуухтай чинээлэг айлууд, ТҮЦ, 24 цагийн дугуй засварын газрууд ч гол түлшээ болгопог. Дугуй нь асахдаа түргэн, илчтэй төдийгүй амархан унтарчихдаггүй. Мөн хямдхан. Тиймээс л хүмүүс тор нүүрсийг 1500 төгрөгөөр худалдан авахын оронд 200 төгрөгийн дугуйг сонгож байна. Бас ажилласан машины тосонд хоёр хоног дэвтээсэн тоосго илчлэг ихтэй байдаг гэх нээлтийг хийж, түлэх дуртай айлууд ч ихэсч байгаа гэнэ.
Үүнийг өгүүлэхийн гол учир нь “бакришка” хэмээх түлш ямар их хор ялгаруулдаг болохыг л сануулах гэсэн юм. Сентетик резин болон нефтийн бүтээгдэхүүнээр хийсэн дугуй нь 17 төрлийн хүнд металл, бензин, болон олон төрлийн органик бодисуудыг агуулдаг аж. Шаталтын үед дээрхи бодис нь агаарт дэгддэг бөгөөд жижиг салст хэсгүүд нь хүний уушгийг хорлож байдаг. Хамгийн аюултай нь дугуй, тоосго хоёроос хүний биед хорт хавдар үүсгэдэг бензперин хэмээх хатуу салст бодис ялгардаг юм байна. Энэ бодис нь эхээс урагт, мөн хөхний сүүгээр хүүхдийн биед шингэдгийг эрдэмтэд нотолжээ.
Дугуйг шатаахад ялгардаг хорт бодисууд гудамж, зам талбайд, хэзээ ч устаж үгүй болдоггүй, хөрсөнд “нуугдан” агаарт дэгдэн, борооны усаар дамжин хөрсөнд нэвчиж байдаг. Хөгжингүй орнуудад дугуйг түлшний зориулалтаар хэзээ ч шатаадаггүй бөгөөд манайхтай хөгжил ойролцоо Бангладешийн Катманду хотод л гэхэд зөвхөн Засгийн газрынхаа бодлогыг эсэргүүцэх үед дугуй шатаадаг гэнэ.
Манайхан “Агаарын бохирдол аюулын харанга дэлдлээ, утаа угаараар амьсгалж, хооллож байна, агаарын бохирдолд таван метрийн радиусаас хол зүйл олж харахгүй нь” гэдэг нь маргашгүй үнэн. Гэвч гэр хорооллынхон автомашинууд гээд утаа “үйлдвэрлэгч”-дийг бид тоочин халаглах боловч түүнээс илүү хор дэгдээгч “бакришка”-н “түлштэн”-үүдийг яагаад анзаарахгүй мэт байна вэ?
Ядахдаа нүүрсний мөнгөө дийлдэггүй айлуудаа хүчирдэггүй юм гэхэд ТҮЦ, засварын газар, нам даралтын “зуухтан”-гуудыг хуучин дугуй түлэхийг хориглон таслан зогсоомоор байна.
Дашрамд сануулахад хэрэв ойролцоох айлууд, байгууллага, дугуй засварын газрууд байнга дугуй түлдэг бол хорооны ажилтан болон НМХГ-т мэдээлэх хэрэгтэй юм байна.
Өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө дугуй, тоосго түлэхгүй байхыг үйлчлүүлэгч олонтой, орлого сайтай дугуй засварын газруудаас ядахдаа шаардмаар байна. Холбогдох байгууллагынхан ч үүнд анхаарна биз ээ.