Монголчууд амралтын өдрийг андахгүй анаж байгаад ажил амжуулаад сурчихсан. Зүгээр амарч ч чадахгүй ажилламаар санагдаад байдаг болчихсон. Ёстой гоё. Ингээд байвал энэ улс орон хөгжихгүй хаачдаг юм бэ. Хагас, бүтэн сайныг далимдуулаад юмны үнийг нэмнэ, хөшөө дурсгалын газруудыг нураана, бас мод тарьж байна. Үнэхээр ажилсаг ард түмэн шүү. Өнгөрөгч амралтын өдөр Ерөнхийлөгч нь мод тарьж, хотын дарга В.И.Лениний хөшөөг буулгав. Буулгаж нурааж байхын оронд засч янзлаад монгол хүний хөшөө болгочихож болоогүй л байсан юм байх даа. Твиттер, фэйсбүүкчид тэр халзан нөхрөөс болж хоёр тал болж хоёр хоног үзэлцлээ шүү дээ. Тэр хүний заасан замаар Монгол орон 70 жил явсан л гэнэ, зарим нь уулзаж учирч байсан, их тус болсон хүн л гэнэ. Харин зарим нь танихгүй байж зайлуулбал таарна гэнэ. Хөшөө нураахад “хөөрхөн” мөнгө орж байгаа. Тэрний оронд бэлэн сайхан хөшөөг засч янзлаад, зүлгэж точилдоод монгол хүний хөшөө болгочих байсан юм. Халзан толгой дээр нь буурал үс тавьж, хүрмийг нь пиджакаар солиод, энгэрт нь Улсын баатрын алтан таван хошуу хадсан бол ёстой гоё болох байлаа. Эсвэл шар торгон дээл өмсүүлж, дөрвөн талтай малгай духдуулж, 32 угалзтай монгол гутал жийлгэсэн бол нэг дэх, хоёр дахь, бас гурав дахь ч болгож болно. Одоо нэгэнт нураачихсан юм чинь, шууд дуудлага худалдаагаа нэр төртэй зохион байгуулъя. Энэ Э.Бат-Үүл даргын толгой ч бас ажиллана шүү. Наагуураа 400 мянгаас эхлэн дуудлага худалдаагаар зарна гэж байгаа ч цаанаа Хятад, Куба, Хойд Солонгосоос мундаг бизнесмэнүүдийг нь дуудчихаа мэдэж байгаа л даа. Цаадуул нь коммунизмын эцгийнхээ хөшөөг үнэ хаяж худалдаж авахаас ер сийхгүй. Манайд бол маш ашигтай наймаа гэдгийг тооцоолсон байлгүй. Харин гадаадынхан дуудлага худалдаанд оролцоно гэдгийг урьдаас тооцоолоод суурин дээр нь байлгаж байгаад зохион байгуулсан бол сүртэй болохгүй юу. Энэ удаа жаахан гоомойдчихлоо, дараагийн удаад жанжныхаа… За за больё, хадуурах гэж байна.
Б.Оюунгэрэл