-Засгийн газраас анх удаа таван тэрбум ам.долларын дунд хугацааны бонд гаргахаар болсон нь нэлээд шүүмжлэлд өртөөд байгаа. Та үүнийг аль талаас нь харж байгаа вэ?
-Энэ асуудал дээр хаана хаанаа их болгоомжтой хандах ёстой гэж үзэж байгаа. Монголчууд бид өнөөдөр орж ирэх ёстой орлогуудаа оруулж ирж чадаж байна уу, үгүй юу гэдгийг бодох хэрэгтэй. Тухайлбал, ноос ноолуурын салбар болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжинэ гээд 300 тэрбум төгрөгийн бонд, “Зоос”, “Анод” банкийг дампуурсан гээд 97 тэрбум төгрөг гаргасан, хадгаламж зээлийн хоршооныхонд 40 орчим тэрбум төгрөг өгсөн. Тэр болгоноо эргүүлж авч чадсан уу гэдгээ бодох ёстой. “Алтан Дорнод Монгол” компаниас 100 ор-чим тэрбум төгрөг авах ёстой. Тэр хаана байна. Энэ их мөнгөө олж авч чадахгүй гаднаас мөнгө зээлнэ гэдэг бодох л ёстой асуудлуудын нэг.
“Хүнээс хувцас зээлж байхаар өөрийн хувцсаа сайн угаа” гэж үг байдаг даа. Нөгөөтэйгүүр, бонд гаргалаа гэж үзэхэд үүнийгээ хулгайлахгүйгээр, луйварчиддаа идүүлэхгүйгээр Монголын ард түмэнд наах гэсэн баталгаа хаана байна. Саалиа бэлтгэхээр саваа бэлтгэ гэдэг үг ч байдаг. Сааль авах гээд л яваад байдаг, сав маань цоорхой байна шүү дээ. Энэ бүх асуудлыг цэгцэлсний дараа бол бонд гаргаж болно оо. Ийм тохиолдолд бол би дэмжинэ. Уул уурхайн баялгаа ашиглаж мөнгө олох боломж бидэнд байхад тэрийгээ ашиглахгүй өдөр бүр “жижиглэнгийн наймаа” хийхийн оронд том хөдлөх нь зөв л гэж байгаа юм. Түүнээс биш бонд гэдэг чинь Монголын ард түмний хувь заяаг барьцаалаад зээл авна гэсэн үг шүү дээ.
-Төсвийг танахаас өөр аргагүй гэж хөрөнгө оруулалтуудыг таначихаад гишүүдийн тэрбум төгрөгийг хамгийн түрүүнд төсөвт тусгасан байгааг зарим гишүүн шүүмжилж байна билээ. Харин таны хувьд?
-Энэ талаар би Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны дарга нарт асуулга тавьчихсан байгаа. Би хувьдаа гишүүдийн тэрбум төгрөг олгохын эсрэг байгаа. Аргагүйн эрхэнд бүх гишүүн авахаар бол манай тойргийнхон ямар хоцролтой биш гээд авах л байх. Авсан ч гэсэн Дархан-Уул аймгийн иргэд, Засаг дарга нарын саналыг харгалзсаны үндсэн дээр зарцуулна.
-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд таны нэрийг дэвшүүлсэн нь нэлээд шүүмж-лэл дагуулсан. Тухайлбал, таныг “УИХ-ын гишүүн, МҮЭХ-ны ерөнхийлөгчийн албыг давхар хашиж байгаа тохиолдолд энэ албыг авах нь хууль зөрчинө. Нөгөөтэйгүүр, амыг нь таглах гэж байна” гэж байсан л даа?
-Би Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр таван жил ажиллаж байна. Тиймээс ч “Мөнгө төгрөг идэж уугаад байна” гэж тэмцэх боломж надад олддог. Ийм шүүмжлэл гаргасан нь намайг улам хүчтэй тэмцэх вий гэж айсных юм болов уу л гэж харж байгаа. Үнэхээр л надаас айгаад, хууль бусаар ажиллаж байна гэж байгаа юм бол хуулийн байгууллагад нь хандах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй хов хөөгөөд байх юм.
-МҮЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуульт албын тань хугацаа хэзээ дуусгавар болох билээ?
-2015 онд дуусна. МҮЭХ-ны гишүүд намайг ном ёсоор нь сонгосон. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд ч тэд намайг нэр дэвшүүлсэн учир хүмүүсийн яриад байгаа шиг харшлаад байх зүйл байхгүй гэж хэлмээр байна.
-УИХ-ын дэд дарга С.Баярцогт та хоёр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар мэтгэлцэх ёстой байсан ч хойшлуулсан. Тухайн үед УИХ-ын дэд дарга С.Баярцогт танд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаарх мэдлэгээ сайжруулахыг анхааруулсан гэсэн. Та түүний энэ үйлдэлд ямар хариулт өгсөн бэ?
-Тэр хүн “Мэтгэлцээнийг хойшлуулъя” гэдэг саналыг эхэлж тавьчихаад дараа нь “Энэ асуудлын талаар чи надаас бага мэддэг” гэж байгаа нь асар их ёс зүйгүй асуудал. Би С.Баярцогтод өнөөдөр “Энэ талаар би чиний мэддэггүйгээс илүүг мэднэ. Чи надаас айхгүйгээр мэтгэлцээч ээ. Би чиний хүсэлтээр хоёр ч удаа мэтгэлцээнээ хойшлуулсан. Одоо дахиж хойшлуулж чадахгүй” гээд хариуг нь өгчихье.
-Аудитын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нарыг саяхан томилсон. Та энэхүү томилгоонуудад хэр сэтгэл хангалуун байгаа вэ. Нүдээ оносон то-милгоонууд болж чадсан болов уу?
-Ардчилсан намынхны бялуу хуваалт, бал сараа тэмдэглэх явдал хэрээс хэтэрч байна. Тэд дэндүү их улстөржүүлсэн байдлаар хүмүүсийг хольж, сольж байгаа нь үнэн шүү дээ. Энэ тал дээр сөрөг хүчин болсон Ардын намынхан нь дугарахгүй байгаа нь сонин байна. Сөрөг хүчин болчихсон хүмүүс нь ийм сулбагар байж болохгүй ээ. Ардын намынхан сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж чадахгүй бол би тэдний өмнөөс хийж чадна. Гэхдээ би Ардын намынханд боломж олгож байна. Миний хувьд юм юм руу үсчиж орох нь хэцүү байна. Би энэ жил Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулах гэсэн хоёр зүйлийг л барьж авахаар төлөвлөсөн байгаа.
-Ардын нам МАХН-тай, Ардчилсан нам МҮАН-тай нэгдэх гэж байна гэсэн яриа улс төрийн хүрээнд гараад байгаа. Хэрэв ийм юм болбол бие даагч нар нэлээд үнэд орох байх. Ийм зүйл болсон тохиолдолд та дээрх хоёр намын алинд нь тал алдахгүй байх вэ?
-Тийм зүйл болоогүй байна. Ийм зүйл битгий болоосой. Засгийн газар бүү задраасай, тогтвортой үйл ажиллагаагаа явуулаасай гэж би хүсэж байгаа. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг шүүмжилж, хийж буй ажилд нь сэтгэл дундуур байдаг ч гэсэн энэ хүнээр сайн ажил хийлгэхийн төлөө шахаж, шаардаж ажиллах ёстой гэж бодож байна. Хэрэв Засгийн газар унадаг юм аа гэхэд би энэ Засгийн газрыг дэмжиж ажиллана. Засгийн газар тогтворгүй байвал ард түмэн л хохирдог шүү дээ. Энэ асуудлаар бие даагчдын зөвлөл яаралтай хуралдах ёстой юм байна гэж би бодож байна.
-Оюутолгойн талаар өчигдөр хэвлэлийн бага хурал зарласан байх аа. Ямар учиртай хурал байсан юм бэ?
-“Оюутолгой” компани байгаль, орчин, нйигмийн нөлөөллийн үнэлгээ гэдэг судалгааг наймдугаар сарын 17-ноос хойш хийж эхэлсэн байгаа юм. Уг нь бол энэхүү үнэлгээг хийхдээ Монголын ард түмэнтэй хамтарч хийх ёстой юм. Нөгөөтэйгүүр, холбогдох яамдынх нь саналыг авч байж хийх учиртай. Гэтэл “Оюутолгой” компани энэхүү судалгаагаа хийгээд хоёр орчим сар болсныхоо дараа олон түмэнд танилцуулсан учир би үүнийг нь шүүмжилж, ард түмэнд мэдүүлэх гэж хэвлэлийн бага хурал зарласан юм. Ирэх сарын 18 гэхэд энэ судалгааных нь хугацаа дуусна. Энэ судалгаа бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй адил ач холбогдолтой зүйл. Өөрөөр хэлбэл, нөхөн сэргээлтийн нарийвчилсан төлөвлөгөөнүүдээ батлуулах үндэс нь болох учиртай юм. Гэтэл “Оюутолгой” компани үүнийгээ мэдэгдэхгүй шахам байж байгаад батлах гэж байна шүү дээ. Энэхүү судалгааг дуусах хугацааг хойшлуулах ёстой. Энэ талаар УИХ-ын гишүүдэд ямар ч мэдээлэл байхгүй байна. Миний ойлгож байгаагаар Засгийн газарт ямар ч мэдээлэл алга. Тухайлбал, Унд голын голдрилыг өөрчилнө гэж байгаа. Энэ бүхэн нь байгальд ямар халтай вэ гэдгийг угтаа бол эрдэмтэн мэргэд, ард иргэд, Засгийн газрын оролцоотойгоор шийдэх ёстой л гэж хэлэх гэсэн юм.
-Өмнөх парламентын үед УИХ-ын 22 гишүүн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байгаад ес болж цөөрсөн. Үүний шалтгааныг “Дарамт шахалт, ятгалгад өртсөн” гэж тайлбарладаг. Нөгөөтэйгүүр, “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний цаана Монголын нөлөө бүхий улстөрчид бий учир энэхүү гэрээнд өөрчлөлт оруулах хүсэл байдаггүй” гэх нь ч бий юм билээ. Энэ хугацаанд та бүхэн ямар нэгэн дарамт шахалт эсвэл ятгалгатай тулгарсан тохиолдол байна уу?
-Надад ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн тохиолдол байхгүй байна. Ятгасан ч тохиолдол алга. Харин ч эсрэгээрээ надад ард түмний маань дэмжлэг ирж байгааг би мэдэрч байна. Бусад гишүүнд ямар нэгэн нөлөө үзүүлэхийг оролдсон уу, үгүй юу гэдгийг би сайн мэдэхгүй байна. Ер нь бол аливаа улс төрийн нам, бүлэглэлүүд Монгол Улсын эрх ашгийн төлөө л байх ёстой. Улс төрийн нам, бүлэглэлд орчихсон байгаа хүмүүсийн эрх чөлөөгөө хумиулж байгаа байдлыг нь хараад би үнэхээр их өрөвдөж байгаа. Тиймээс ингэж утгагүй, арчаагүй байдлаар улс төр хийх хэрэггүй гэж зөвлөмөөр байдаг юм.
-Таныг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээгээр шоу хийж байна гэх юм билээ?
-Би өнөөдөр ард түмнийхээ төлөө ажиллаж байгаа. Тухайлбал, Оюутолгойн гэрээнд ямар утгагүй заалт байгааг би ард түмэндээ ил тод мэдээлэх үүрэгтэй. Үүний дараа иргэд юу хүсэж байгаа вэ гэдгийг тус гэрээнд тусгуулах нь миний ажил. Би УИХ-ын гишүүний үндсэн ажлаа л хийж байгаа хүн. Үүнийг улс төрийн шоу гэж байгаа бол үгүй. Жинхэнэ улс төрийн ажил чинь энэ байхгүй юу. Тэгвэл улс төрийн нам бүлэглэлүүд нэг, нэгнийхээ барьцаанд орж, чимээгүй сууж байна. Үүнийг юу гэх вэ гэж асуумаар байна. Эхлээд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг засаж, алдаа, оноогоо дүгнээд дараагийн уурхайнуудаа ашиглая. Тэгэхгүйгээр хоттой хонь руу орчихсон чоно шиг юм болгоныг сэглэхээ больж Оюутолгойг загвар уурхай болгоё л гэсэн юм. Ингэсний маань төлөө тэд юу ч хэлж чаддаггүй.
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилнө гэж өмнөх парламентад байхдаа ярьж байсан хүмүүс яг санал хураах үеэр байр сууриа өөрчилсөн. Тухайлбал, УИХ-ын дарга З.Энхболд, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар байна. Та бүхэн энэ хүмүүст нэлээд итгэл хүлээлгэж байсан ч итгэлийг тань алдсанд ямар байр суурьтай байна вэ?
-Надад бол үнэхээр хэцүү байгаа. Гэхдээ “Биднийг нэгтгэдэг нэг том дайсан цаана чинь байгаа гэдгийг хэзээ ч битгий март” гэж бидний өвөг дээдэс хэлж байсан. Үүнийг мартахгүй байх аа гэж найдаж байгаа. Тиймээс бид гадны хөрөнгө оруулагчдаа үргээхгүйгээр Монголын ард түмэнд ашигтай гэрээ хэлэлцээрийг хамтарч хийж чадна гэж найдаж байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.