Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

”Азгүй” улстөрч

Нэг тойрогт хоёр удаа нэр дэвшээд хоёуланд нь өвдөг шороодсон С.Чинзориг өнгөрөгч сонгуулиар  илт давуу ялалт байгуулсан гээд хөөрөөд байсан чинь өрсөлдөгчид нь түүнийг сонгуулийн хууль зөрчсөн гэж гомдол мэдүүлснээс болж баларч байна. Тэр өнөөдөр өрсөлдөгч намынхаа хоёр нэр дэвшигчийг баярлах болоогүй шүү гэж анхааруулсан ч нэмэр болохгүй нь дээ. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд хэдийнэ гарч, түүнийг гэм буруутай хэмээн шийдвэрээ гаргачихаад байгаа. Харин өөрөө болохоор хууль зөрчөөгүй гэж гүрийгээд байдаг. Асуудал нэгэнт шийдэгдсэн гэдгийг мэдэхгүй байна гэж баймааргүйсэн.

Өвөрхангайнхан ч нутгийн хүүгийнхээ төлөө байж, түүнийгээ аваръя гэсэнгүй.  Аймгийнхаа нутгийн зөвлөлийн даргын албыг хашдаг түүнийг нутгийнхан нь мэдэхийн дээдээр мэддэг юм билээ. Тэгээд ч нэмэр болсонгүй. Өвөрхангай аймагт болсон маргааныг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн шүүх гомдол гаргасных нь дараа хоёр цагийн дотор хэлэлцээд буруутай гэж үзсэн. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, Ерөнхий сайдын зөвлөх, МАН-ын Бага хурлын гишүүн гээд улстөрчийн хувьд хэдийнэ буурь суусан энэ эрхэмд улс төр хатуурхаад байгаа бололтой. Ажилласан туршлага, хувь хүний ноён нурууг нь бодохоор УИХ-д байх ёстой хүний нэг гэж хэлж болно. Гагцхүү сонгуульд л азгүйтчихээд байдаг нь жаахан тиймхэн.  20 гаруй жил төрийн албанд ажиллахдаа анх удаа шүүхээр зарга мэдүүлж байгаа түүнийг жинхэнэ “азгүй” хүн гэхээс өөр юу гэх вэ. Гэхдээ эр хүний замын хүзүү урт гэдэг дээ.

Л.Энхдэлгэр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж