”Viral hit” хэрхэн төрдөг вэ

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

”Viral hit” хэрхэн төрдөг вэ

Viral хэмээх үгийг болор толиос
харвал "вирусын, нянгийн" гэсэн утгатай болохыг мэдэж болно. Тэгвэл сая
сая хүмүүсийн дунд яг л вирусын халдвар мэт хоромхон зуур тархаж,
алдарших видео контентийг viral hit гэх болжээ. Youtube-ын шинжээч Kevin
Аlocca видео бичлэгүүдийг зөвхөн "үзэх" ажил хийдэг бөгөөд өөрийгөө энэ
дэлхийн хамгийн өвөрмөц мэргэжилтэй хүмүүсийн нэг хэмээсэн байдаг.

Иймэрхүү шинэ ажил мэргэжил бий болоход viral hit-үүд чухал үүрэг
гүйцэтгэж байна. Ингээд тэдгээр нь хэрхэн төрдөг талаар Kevin Аlocca-ийн
хийсэн дүгнэлтийг сонирхоцгооё. Хүн бүхэн нэр алдартай болохыг хүсдэг ч
бодит байдалд ийм аз тун цөөхөн хүнд тохиодог. Гэхдээ итгэхэд бэрх ч
хүсвэл маш богино хугацаанд од болох боломж хэн бүхэнд бий. Үүний тулд
юу хийх хэрэгтэй вэ.

Өнөөдөр Youtube сайтад секунд тутамд 48 цагийн видео бичлэг шинээр
нэмэгдэн орж байна. Тэдгээрээс тун цөөхөн нь саяас дээш тооны хандалт
авдаг. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа юм. Yosemite үндэсний
цэцэрлэгт хүрээлэнд давхар солонго татсан байгалийн үзэгдлийг дүрслэх видео бичлэг
2010 онд 23 сая хандалт авчээ. Гэхдээ уг бичлэг мөн оны 1-р сард
youtube-д орсон боловч 7 сарын хугацаанд хандалтын тоо бараг тэг байсан
гэхэд хилсдэхгүй. Гэтэл 7-р сараас энэ тоо өдөрт 400 мянгад хүрэх болов.

Хандалтын тоо ингэж огцом өсөхөд юу нөлөөлөв. Америкийн телевизийн
нэртэй хөтлөгч, хошин шогч Jimmy Kimmel уг бичлэгийн тухай "миний найз
Todd энэ дэлхийн хамгийн хөгжилтэй видеог оллоо гэсэн, магадгүй түүний
туйлын зөв байх" хэмээн жиргэсэн нь түлхэц өгчээ. Viral hit төрөхөд хэн
нэгэн нөлөө бүхий хүн буюу "түгээгчид" чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

13 настай дуучин Rebecca Black-ийн Friday
дуу өнгөрсөн онд 200 сая хандалт авчээ. Бичлэг 2011 оны 2 сарын
сүүлчээр youtube-д орсон боловч 20-иод хоногийн турш ямар ч хандалтгүй
байв. Харин дараа сарын 10-нд хошин шогийн хөтөлбөрт ишлэгдэж, блог,
нийгмийн сүлжээнүүдээр яригдах болжээ. Хэн нэг нь олон хүнд хүрэх
боломжийг нээж өгвөл бичлэг тэр дороо тархах болно. Өнөөдөр энэ дууны 10
мянган өөр өөр хувилбар бүтээгдээд байна. Дуу зөвхөн Баасан гаригаар
хязгаарлагдсангүй, долоо хоногийн бүхий л гаригийн тухай хувирган
дуулагдах болов. Бүр хэтэрхий утгагүй санагдах хувибарууд ч бас гарчээ.

Nyan cat хэмээх
муурын хүүхэлдэйн богино хэмжээний хөдөлгөөнт дүрслэл хөгжмийн аянд
давтагдан тоглогдоно. Уг бичлэг одоогоор 50 сая хандалт аваад байна. Тэр
ч байтугай 3 цаг үргэлжлэх хувилбар нь 4 сая хандалттай болсон байх юм.
Хүмүүс бичлэгийг хоёрдогч, гуравдагч болгон хувиргаж ремикс, франц, япон, орос гэх мэт олон улсын хувилбарууд ч хийгджээ. Муурын бичлэгийг муур ч үзэж байна. Муурын бичлэг үзэж байгаа бичлэгийг өөр муур ч бас үзэж байна.

Унадаг дугуйн зам тийм ч аюулгүй зүйл биш гэдгийг хөгжилтэй хэлбэрээр илэрхийлсэн бичлэгийн
хандалт 5 саяд хүрээд байна. Энэ тохиолдолд бага зэргийн өвөрмөц санаа
маш их үр дүнд хүргэж байгааг харж болно. Энэ бүхэн юуг өгүүлж байна вэ.
Өнгөрөгч зуунд бид дуу, хөгжим, урлагийн тоглолтыг зөвхөн үзэж, сонсдог
байсан бол өнөөдөр өөрсдөө уран бүтээлд хамтран оролцож, зугаацах
боломжтой болов.

Энэ бүхэн үзэгчид нь өөрсдөө хамтран бүтээлцдэг, улмаар үзэгчид нь
өөрсдөө үнэлэлт өгч, нэрд гарах эсэхийг шийддэг шинэ урлаг буюу соёлын
шинэ төрөл зүйл үүссэнийг харуулж байна. Viral hit төрөхөд 3 хүчин зүйл
шаардлагатай. Эхнийх нь түгээгчид буюу хэн нэгэн нэр алдартай хүний
нөлөө юм. Дараагийх нь олон нийтийн оролцоо юм. Гурав дахь нь бага
зэргийн өвөрмөц санаа, хөгжилтэй, хошин илэрхийллийг агуулж байх явдал
юм.

Дашрамд дурдахад тус блогт өмнө нь мэдээлж байсан Хацүнэ Микү иймэрхүү
viral hit-үүдийн нэг тод жишээ юм. Мөн манайдаа л viral hit болоод
байгаа нэгэн бичлэгийн тухай манайдаа л түгээгчид тооцогдох нэгэн блогт
дурдагдсан байгааг эндээс сонирхож, нэрд гарахад нь ямар хүчин зүйл нөлөөсөн байж болохыг тунгаагаарай.

Эх сурвалж: http://robomec.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж