Нобелийн шагналын парадокс

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

Нобелийн шагналын парадокс

Өнгөрч буй долоо хоногийн сүүлээр Нобелийн хорооноос гаргасан нэгэн шийдвэр дэлхий нийтийн анхаарал болон дургүйцлийг зэрэг татав. Энэ бол Нобелийн Энхтайвны шагналаар Европын холбоог шагнах болсон явдал. Европын зарим хэсгийн дургүйцэл, дэлхийн зарим оронд талархалыг дагуулсан энэ үйл явдал хэр зөв шийдвэр байсан бэ? Луйвар, булхай, терроризм, хүнд сурталаараа дэлхийд тэргүүлдэг энэ холбоо үнэхээр энхтайвныг бүх европ даяар цогцлоож чадсан гэж үү?

Харин баруун болон зүүн европын орнуудад байдал ямар байгааг бодит байдал бэлхнээ харуулна. Сүүлийн хэдэн жилийн дотор Европын хэдэн оронд хямрал үргэлжилж, сүүлдээ бүр евро бүсийн хямрал нэрийг зүүх болов. Анхнаасаа евро хэмээх мөнгөн тэмдэгтийг Германы дойчмаркийн тухайн үеийн ханшийг, бусад валюттай харьцуулж тогтоожээ. Харин Европын холбоонд нэгдэж байгаа хөгжиж буй орнуудыг заавал энэ мөнгөн тэмдэгтэд шилжихийг шаарддаг. Үүнээс болоод Грект ямар эмгэнэлт байдал үргэлжилж байгааг хүн бүр мэднэ. Одоо тэр евро бүс хэмээх “чөтгөрийн тойрог”-оос гарахаасаа аль хэдийнэ өнгөрсөн. Европын холбооноос тэдэнд зээл олгосон нь хоолойг нь бүр мөсөн багалзуурдсан үйл явдал болсон юм. Үүнээс гадна Чечень, Оросын дайн, Косовогийн тусгаар тогтнолд хандаж буй хандлага зэргээс нь аваад үзвэл шагналын энд арай хүрэхгүй ч юм шиг.

Нобелийн шагнал бол дэлхий дээрх хамгийн хүндтэй, эрхэм шагнал. Нэг ёсондоо бүх шагналуудын дээд гэж хэлж болно. Гэтэл дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Энхтайвны шагналд улстөрийн оролцоо тодорхой хэмжээгээр нөлөөлөх болжээ.

Түүх сөхье. Одоогоос хагас зууны өмнө өөрөөр хэлбэл 1952 онд Алберт Швайцнер, 1953 онд Генерал Жорж Ж.Маршалл нарт Нобелийн энхтайвны шагналыг олгосон юм. Энэ нь тухайн үедээ шүүмжлэгчид төдийгүй жирийн иргэдийн эгдүүцлийг төрүүлж байлаа. Үүнээс хойш Нобелийн энхтайвны шагнал улстөртэй эргэлт буцалтгүй холбогдож эхэлсэн билээ. Үүний дараа Гватемалын соёлыг хамгаалж энхтайван байдлын төлөө тэмцсэн Ригоберта Минчуд 1992 онд Нобелийн энхтайвны шагнал гардуулжээ. Хожим нь тэрээр соёлын хооронд мөргөлдөөн үүсэхэд туслалцаа үзүүлж, зэвсэгээр хангаж байсан нь тогтоогдож, Нобелийн шагналын томоохон маргааныг дэгдээж байсан билээ.

Нобелийн эргэлзээтэй шагналууд үүгээр дуусахгүй үргэлжилнэ. 1994 онд Израйл, Палестины хооронд энхийн хэлэлцээрийг байгуулах гэж хичээсэн гэж үзэн Ясир Арафат, Ецнак Рабин, Шимон Перес нарыг мөн энэ шагналаар шагнасан билээ. Тухайн үедээ барууны хэвлэлүүд үүнийг шүүмжилж байв. Арга ч үгүй юм. Тухайн үедээ асуудал шийдэгдээгүй байсан юм чинь. Одоо Газын зурвасыг хамгийн аюултай бүс нутагт хамааруулан үзэж байна. Энэ үйл явдалаас 11 жил өнгөрөөд байхад Нобелийн шагналын хороо дараагийн маргаантай шийдвэрийг гаргалаа. 2005 онд Олон улсын цөмийн эрчим хүчний хороо болон Мухаммед эл Барадейг Энхтайвны шагналаар шагнав. Учир нь олон улсад цөмийн аюулыг бууруулж аюулгүй болгох тал дээр санаачилгатай ажилласан гэж үзсэнээс тэр. Одоог хүртэл энэ шагналыг нүдээ олоогүй гэж олон хүн дүгнэх нь бий. 2007 онд дараагийн эргэлзээтэй шийдвэр гарав. Энэ нь олон улсын цаг уурын өөрчлөлтэй тэмцэх хэлтэс болон Аль Горыг энхтайвны шагналтан болгосон явдал. Тухайн үедээ энэ байгууллага болоо цаг уурын өөрчлөлтийн талаарх илтгэлүүд нь сонгуулийн болоод улстөрийн шинжтэй үйл явдал гэж шуугиж байхад олгосон нь олон арван Америкчууын бухимдалыг төрүүлсэн юм. Хамгийн сүүлд 2008 онд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг дөнгөж суудалдаа залраад байх үед Нобелийн шагналын хорооноос Энхтайвны шагналд тодорхойлж уг шагналыг ч өгөв.  Угтаа энэ шагналыг олгосныг олон хүмүүс гайхан хүлээн авсан бөгөөд энхтайваныг цогцлоохын тулд чухам юу хийж амжсан бэ гэж асуухад хүргэсэн юм.

Энхтайванч Европын холбооны бодит байдал

Энэ шийдвэрийг гаргасны дараа Грек улсад эсэргүүцлийн жагсаал өрнөсөн билээ. Арга ч үгүй юм. Европын холбоог Нобелийн энхтайвны шагналаар шагнагдахаас хэдхэн хоногийн өмнө Германы Канцлер Ангела Меркель айлчилж, үүнд нь Грекчүүд эгдүүцээд байсан билээ. Европын холбооноос Грекийг бүсээ чангалж, ажилчдын тоог тодорхой хувиар бууруул гэсэн лүндэн буулгасан атал нийт өрөө 2014 оны эхэн гэхэд бүрэн дуусгах ёстой гэсэн шаарлагыг тавиад байгаа. Бүр зарим нэг ажиглагчид Европын холбооны шийдвэрийг дагавал үүнээс өмнө ч төлөх боломжтой гэж хошхируулаа байгаа. Гэтэл бодит байдал дээрдсэнгүй. Үүнээс Испани, Итали, Ирланд зэрэг улсад ажилгүйдлийн хэмжээ 50 хувиас даваад байдаг. Энэ шийдвэрийг сонсоод дээрх улсууд зүгээр суусангүй. Бас л эсэргүүцлийн үгсийг чулуудаж эхлэв. Испани улсад байдал эгзэгтэй байдал. Учир нь Каталон, Баск тэргүүтэй үндэстнүүд аль хэдийнэ салан тусгаарлах хүсэлтэйгээ илэрхийлж томоохон жагсаал цуглаан байгуулаад байгаа юм.

Бас нэгэн таагүй баримт байна. Израйл, Палестины асуудлыг намдаах зорилгоор Палестины засгийн газарт жил бүр 500 сая евро олгодог гэсэн мэдээлэл байгаа юм. Энэ нь дайн болон эмх замбараагүй байдлыг хөхиүлэн дэмжиж байгаагаас өөрцгүй. Хамгийн гол нь чухам юунд зарцуулсан тухай тодорхой баримт Европын холбоонд өнөөг хэр нь байхгүй хэвээр… Олон орны сэтгүүлчид энэ тухай сонирхдог ч тухай бүрт нь нууцлаад өнгөрдөг билээ.

“Тухайн улс үндэснийг цус асгаруулсан тэмцэлээс хамгаалж, үндэстнийг уриалан дуудсан хувь хүмүүс болон хэсэг хүмүүсийн нэгдэлийг энэхүү шагналаар шагнах болно” гэж Алфред Нобел гэрээслэлдээ дурьдсан байжээ.

Шагнагсдад ирэх нэг сая гаруй доллараар Европын холбоо юу хийх вэ? Өнөөг хүртэл Европын холбооны эдийн засаг болоод санхүүгийн байдал нууц хэвээр л байна. “Чухам хэдэн төгрөг хаанаас ороод, үүнийгээ Европын хэдэн улсад ашиглаад байна вэ гэдгийг хэзээ ч мэдэж чадахгүй байх. Учир нь сүүлийн хэдэн жилийн турш ЕХ бол томоохон бизнесменүүдийг дэмжиж, үүнийхээ төлөө маш их хэмжээний хөрөнгө мөнгө олдог байгууллага болж хувирсан” гэж Блүүмберг сайтын ахлах сурвалжлагч Эндрью Робертс ярьжээ.

Ямар ч байсан энэ жилийн энхтайвны шагналаар Европын холбоо шагнагдлаа. Харин Европын холбоог эсэргүүцсэн жагсаал Грект өрнөж, Ирланд, Испани, Португаль улсын сөрөг хүчнийхэн шүүмжлэлийг харамгүй чулуудаж байна. Ийм үйл явдал өрнөж байх хооронд лалын шашинт охидууын эрх чөлөөний төлөө тэмцсэн Малава охин, Англид буусан, эх орон нэгт хүмүүс түүний төлөө залбирч байна.

Тоймч Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж