Миний хотын гудамж
Зөөлөн салхиар намайг ивээн
Дандаа аз жаргалтай алхана…
Өвлийн
жаврыг сануулан хааяа нэг хаялах намар оройн цасны хялмаан дор хаа
нэгтээ хосууд хөтлөлцөн хотынхоо гудамжаар ийнхүү алхаж байгаа гэдэгт
итгэдэг. Миний хотод тайван намуухан, цэмцгэр гудамжууд “хүний”
хотынхтой харьцуулахад бага ч гэсэн бас байж л байгаа.
Харин
миний хотын, миний хайртай гудамж яг одоо бол байлдаанд бөмбөгдүүлчихсэн
юм шиг л байгаа болохоор сэтгэл баахан сэмэрнэ. Өглөө босоод гадагшаа
гарахад бөмбөг дэлбэрсний дараа дэгдсэн униар гэмээр тоосон манан
бүрхэхэд
Дорнын тэнгэрт утаа манараад
Довтлох дайсан улам ширүүснэ
гэдэг дуу Дамчаа агсны үл ялиг сөөнгө, ядарч тамирдсан гэмээр
хоолойтойгоо цуг санаанд сэрхийн орж ирнэ. Зун өнжиж намар эхэлсэн замын
засвар дайсны пулемёт шиг ид нүргэлж, замаар нэг тоос шороо дэгдэж,
замын хажуугийн хөгшин улиаснууд тоосонд дарагдан навчаа бөхийлгөхийг
харахад нээрээ л дайны энэлэн гэмээр ч санагдах. Зам засахаасаа урьтаад
“боржуур” гэж бид монголчлоод нэрлэчихдэг замын хашлагыг ухаж аваад
явган хүний замаар нэг тарайж хаясны учрыг ойлгоход хэцүү. Угаас
бачимхан байсан явган хүний зам үүний ачаар бүр юу ч үгүй болж овон
товон болсон “зурвас”-аар өсгийгөө шороонд шигтгэн, ухаад хаясан нүхэн
дээгүүр харайж, өмнө ундуй сундуй байгаа “боржуур”-ын үлдэгдэл бас бус
туйпуу чулуунд бүдэрч уначих гэж алхах уу эсвэл, хажуугаар өнгөрөх
машин, автобуснуудад шүргүүлэх шахан, салхинд нь хормойгоо дэрвүүлэн
алхах уу гэдэг бас л нэг хэцүү сонголт. Олзуурхууштай нь нэгэнт засвар
хийж, замыг хязгаарлаад байгаа учраас автобус машинууд салхи татуулан
давхих бүү хэл, шүргээд өнгөрсөн ч аминд хүрэхгүй хурдтай явдаг болсон
учраас авто замын хажуугаар алхах нь илүү сайн сонголт болж байгаа юм.
Ийн явган ч биш, авто замын дундуур ч биш, алхаж ч биш, бүдэрч биш явж
байх зуур дахиад элдэв саад гарч ирэхийг яана. “Сонгосон” замаараа алхаж
бүдэрч байх зуур өмнө багахан шалбааг таарч гайхашруулж байснаа сүүлдээ
бүр “нуур”-ын дайтай мэлтийж, байгалийн гамшгийг сануулсан бас нэг
“үзэгдэл” болсныг энд бас хэлмээр санагдаад хэл загатнаад болохгүй нь,
сар гаруйн өмнө л дөө.
Тэртэй тэргүй энхэл донхолтой замаар
алхаж байх зуур шалбааг таарахад угаасаа л дайны талбарт яваа хүний
ёсоор үсрэх газартаа үсэрч тойрох газартаа тойрсоор байтал өмнөөс туулах
аргагүй том нуур “мэлтийх”. Кемпинский зочид буудлын урд талд
өнөөдөртөө бас цөөхөн үлдээд байгаа аварга том мододтой басхүү хөөрхөн
сандал тэргүүтэнтэй хосуудын бүү хэл хөлөө амраах хэний ч болов амсхийх
боломжтой тэрүүхэн хэсэгт ер нь бол багахан шалбааг “бий болчихдог”.
Тэрүүхэн хэсэгт аливаад дасан зохицох чадвартай монголчууд чулуу энэ тэр
тавиад үсэрч харайж гарах гарцаа бэлтгэчихсэн байдаг юм. Үүнийг бичигч
нэг удаа зассан “зам” буюу чулуун дээр харайж чадахгүй бэртэх шахсан
/хүмүүс шоолоод л инээгээд байсан/, харин дараа нь нэг удаа усны
гуталтай явж байсан тулдаа над шиг бэртэх шахсан хүмүүсийг шоолон
инээсэн удаатай.
Харин энэ удаад ийн зам зассан байсан шалбааг
маань улам өргөжин өмнөөс уулын горхи шиг урсгал ус угтсан нь байгалийн
бэрхшээл л лав биш, бохирын ч юм уу цэврийн усны шугам эвдэрч орхисон
болж таарав. Гэхдээ л энэ аймшигтай давааг бид туулж л орхисон. Тэмээн
жингийн цуваа шиг замын хажуугаар алхаж яваа хүмүүс богино ботинктой
бүсгүйчүүдээ үүрч дүүрээд л гаргачихсан. Энэ ч бас нэг экстрим бөгөөд
сонирхолтой аялал болсон байж магадгүй. Одоо бодохоор хөгжилтэй юм шиг
мөртлөө тэр үед арга тасран уур хүрч байв даа.
Уг нь Сансар,
Жуковын орчим хэмээх хотын нэгээхэн хэсэг тухайн үедээ орос ах нар
олноороо амьдарч байсных болоод мод бут, ногоон зүлэгтэй, хотын төвд
ойрхон мөртлөө, тайван намдуухан өнгөөрөө нүргэлсэн замбараагүй хотын
төвөөс алс мэт тохилог бөгөөд сэтгэл тайвшруулам байдаг сан. Социализмын
гэх үед ч тохижолт дорвилгоороо гайхуулдаг асан энэ л хавийнхан
Сансрынхан гэсэн аархлыг одоо ч гэсэн тээж явдаг, Дөчин мянгатын гэж
бахархдаг шиг. Өнөөхөндөө бид бол яг л дайны талбарт байгаа юм шиг хотын
гудамжаар алхаж байна. Угаасаа юм болгон дутуу гацуухан байгаа
улаанбаатарчуудын хувьд хэсэгхэн хугацаанд зам засч байгаа энэ хэцүү
нөхцөлийг даваад л өнгөрөх ёстой гэж өөрсдийгөө тайвшруулъя.
Өнөөдөртөө
дайны талбар шиг байгаа энэ замаар явахдаа сэтгэл санаа өөдрөг үед бол
галзуу хулгана хэмээх гайхалтай тоглоом ч юм уу, гадаадын зарим баячууд
хачин их дурлан сонирхдог бартаат замын уралдаан шиг л бодоод өнгөрөөе.
Цаг хугацаа өнгөрдөг, эхэлсэн болгон дуусдгийн адилаар энэ зам засвар
дуусч удахгүй
Хотын гудамжаар өрнөх болтугай.