-Яагаад аялан тоглолтоо "Unforgettable evening" хэмээн нэрлэх болсон юм бэ?
-Миний 1995 онд гаргасан “Инээмтгий хүн” цомогт багтсан Б.Ангирмаагийн үг, ая “Сэтгэл догдлуулсан орой” гэдэг дуу байдаг даа. "Unforgettable evening" гээд англиар ойролцоо нэр өгсөн. Гадаадад, ажиллаж амьдарч байгаа үзэгчдэдээ бодоод ингээд нэрлэчихвэл эгдүү нь хүрэх юм бол уу гэж бодоод тоглолтын нэрээ өөрчиллөө. Миний тоглолтын талаарх мэдээллийг www.sarantuya.mn болон надтай олон жил хамтран ажиллаж байгаа news.mn сайтаас унших боломжтой.
-Таны тоглолтыг фенүүд чинь дандаа л сэтгэл догдлон хүлээж байдаг. Мэдээж хэрэг таны тоглолт болгон давтагдашгүй болдог. Гэхдээ энэ удаагийн тоглолтынхоо онцлогоос сонирхуулаач?
-Мэдээж хэрэг мартагдашгүй болон сэтгэл догдлох хэмжээний үдэшлэг болох байх гэж бодож төлөвлөөд байна. Ер нь сүүлийн үеийн миний аялан тоглолтын онцлог гэвэл өмнө нь бор зүрхээрээ ямар нэгэн ивээн тэтгэгчгүй, дуучин ганцаараа тонмейстер олдвол хувиараа явдаг байсан бол одоо бололцооныхоо хэрээр мэргэжлийн төвшинд заал, зохион байгуулалтад анхаарч байгаа. Мөн үзэгчдэдээ урьд өмнө үзүүлж байсан тоглолтоосоо илүү өргөн тоглолт үзүүлэх хүсэлтэйгээр оролдлого хийгээд байгаа нь энэ юм л даа. Энэ дундаа Казакстан руу бол илүү өргөн бүрэлдэхүүнтэй бүжигчидтэйгээ явсан.
-Америк руу хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явж байна? АНУ-д долоо хонох юм байна. Ингэхэд ямар визээр АНУ руу явж байгаа юм бэ?
-Европ явсан багаараа явж байгаа. Бид ажлын виз буюу тоглолт хийх зөвшөөрөлтэй виз тусгайлан авсан байгаа. Гэхдээ зөвхөн дөрвөн хүнд. Ер нь ийм албан ёсны визийг нь аваад тоглоно гэдэг бол тоглож байгаа улс орныхоо хууль, тогтоомжийг хүндэлсэн, дээрээс нь өөрсдийгөө ч гэсэн хүндэлж байгаа асуудал болов уу гэж бодож байгаа. Миний тоглолтод амьд хөгжим, гитарыг эгшиглүүлэхээр “Шар айраг” хамтлагийн гитарчин Буянаа, миний шавь залуу дуучин, Улсын филармонийн “Баян Монгол” чуулгын гоцлол дуучин Л.Насанбуян, “Туяарах” салоны эзэгтэй Т.Туяа өөрийн биеэр оролцож, миний тайзан дээр байх гоо үзэсгэлэнг маань хангаж байгаа. Манай дууны найруулагч Ундралбаяр гээд 2008 оноос хойш надтай хамтран ажиллаж байгаа залуу бий. Дуучин хүний хувьд тонмейстер их чухал шүү дээ. Хүмүүс бодохдоо эд нар бичлэг тавьчихдаг юм чинь тонмейстерийн хэрэггүй ч гэж боддог ч юм уу. Тэгэхэд бидний бүхий л тоглолт дээр тэд ажилладаг. Жишээ нь, намайг “Хурд”-ын Б.Отгонбаярын тоглолт дээр рок хамтлагтай тоглолоо ч гэсэн байнга л хамт ажиллаж байдаг. Микрофоныг минь тохируулан, чихэвчний мониторинг буюу өөрийгөө хянах тоног төхөөрөмжийг надад зүүлгэнэ. Энэ нь нэг ёсондоо тайзан дээр болж байгаа бүх зүйл тэр хэрхэн дуугарч байгаагаа ч хянах чадвартай болж байгаа юм. Бид ингэж л мэргэжлийн төвшинд ажилладаг. Хаана ч байсан зөвхөн өөрийн тоглолт дээрээ гэхгүй найз нөхөд, уран бүтээлчдийнхээ тоглолт дээр ингэж ажилладаг.
-Тоглолтыг хамтран зохион байгуулж байгаа байгуулагууд байгаа юу. Та түрүүн бор зүрхээрээ л тоглолтоо хийдэг байсан гэсэн. Энэ удаад бодвол бас нэлээн өргөн бүрэлдэхүүн ажиллаж байгаа байх?
-Тоглолтын маань гол санаачлагч, урилгаа явуулж, сэтгэл тавьж байгаа манай АНУ-ыд амьдарч байгаа монголчуудын холбоо онцгойлон Лос-Анжелесын монголчуудын холбоо хамтарч ажиллаж байна. Сан-Франциско хотноо тоглолтыг маань“Бид монгол” компанийнхан хариуцан зохион байгуулж байгаа. Вашингтон ДС, Чикаго хотод тоглолт зохион байгулж байгаа монголчуудын холбоонд чин сэтгэлээсээ баярласан талархсанаа илэрхийлье. Монголчуудын холбоо гадаад байгаа монголчуудын зовлон, жаргалтай үед хамгийн ойрхон байдаг байгууллагын нэг юм бол уу гэж бодож байна. Баяр баясгалан, шинэ жил гэхэд зөвхөн энэ л холбоо монголчуудынхаа төлөө санаа зовж, явж байдаг. Ер нь бид монголчууд өөрөө өөрсдийнхөө төлөө л санаа зовохгүй бол Америкчуудын холбоо монголчуудын төлөө санаа зовно гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр монголчуудын холбоо, цахим өртөө, сайт ажиллуулдаг болон монголчуудын ахуйг хангасан карго үйлчилгээг тойроод бизнес өрнөж байна шүү дээ. Үүнийг бол би дэмждэг.
-Европт хийсэн аялан тоглолтдоо мэргэжлийн газруудыг сонгон хийсэн байсан шүү дээ. АНУ-д бол хаана, хаана тоглолт хийхээр болсон бэ?
-Лондонд болсон миний тоглолтыг н.Цэрэнбат тэргүүнтэй Лондон дахь монголчуудын холбоо Зоригоо гээд залуу зохион байгуулсан. Англи улсад суугаа манай элчин сайд Алтангэрэл гуай өөрөө биечлэн тусалж, бидэнд урилга явуулж, тоглолт зохион байгуулахад хувь нэмрээ оруулсан гэж хэлж болно. Элчин сайдын яам нь тоож ирэээд тоглолт үзэх нь маш их нөлөө үзүүлдэг юм билээ. Европт гэхэд Бельги улсын Антверпен хотод тоглох гэж байхад Бельгид суугаа элчин сайд Баттөр өөрийн биеэр баглаа цэцэгтэй хүрэлцэн ирж тоглолт үзсэн. Ер нь гадаадад суугаа элчин сайдууд миний тоглолтыг байнга ирж үздэг.
-Та Германд хэсэг хугацаанд амьдарч байсан. Яагаад Европын аялан тоглолтдоо Германыг багтаагаагүй юм бэ?
-Германд би их тоглодог байсан. Энэ удаад Германд тоглох тохироо нь бүрдсэнгүй. Гэхдээ би бол ирэх хоёрдугаар сараас Германд тоглох тоглолтоо үргэлжлүүлнэ гэж бодож байгаа. Ер нь “Аргагүй Монгол аялгуу” аялан тоглолтоос эхлээд тоглолтын гараа эхэлсэн. Арай монголжуу тоглолтоо “Зүүдний говь” гэж нэрлээд Казакстанд тоглосон. Поп стилийн дуунуудаа “Сэтгэл догдлуулсан үдэш” гэж нэрлэж, гадаадын орнуудад тоглож байгаа.
-Америкт хийх таны аялан тоглолтын тасалбарын үнэ хэд байх бол?
-Тасалбарын хувьд манай монголчуудын холбоо 35-55 ам.доллар байх юм гэсэн. 55 ам.долларын тасалбар нь VIP гэнэ ээ. Би яадаг VIP ээ гээд тэднээс лавлаад асуусан чинь “VIP тасалбарт таны нэг DVD ороод дуртай нь хамаагүй татаж чангаагаад байхгүй зөвхөн VIP тасалбартай хүмүүс гэрэл зургаа хамтдаа татуулан давуу эрхээ эдлэх” гэнэ. Бидний энэ удаагийн аялал их шахуу хуваарьтай. Яг л хөдөө Архангай аймгийн Хайрхан суманд тоглоод дараа нь Цэцэрлэг хотод нэг ч өдөр амардаггүй явдаг түүн шиг л. Гэхдээ дөрөв хоног бид машинаар түчиг тачиг гэж явахгүй хот хооронд онгоцоор ниснэ. Зөвхөн Сан-Францискогоос Чикаго ДС орох хооронд таван цаг нисдэг гэхээр тэр хугацаанд сайхан амраад явчихна гэсэн үг. Манай аялан тоглолтын баг бат бөх, их сонирхолтой баг гэж бодож байгаа. Тоглолтын тов гарчихсан болохоор одоо тасалбар нь худалдаанд гарч эхлэх байх. Ер нь айхтар том олон хүний хүрээнд тоглодоггүй шүү дээ. 300-400 хүнд буюу 500 цуглавал бараг рекорд л байх даа. Тийм болохоор түүнээс доош үнээр тоглох боломжгүй. Монголд л гэхэд 30 мянган төгрөгөөр тоглож байна шүү дээ. “Никитон” хамтлагийн Ц.Батчулууны тоглолт л гэхэд 100 мянга. Манай рок попынхон тоглолтын үнийг өсгөж чадсан их амжилттай яваа гэж бодож байгаа шүү.
-Та жилдээ хоёр ч удаа гадаад руу аялан тоглолтоо хийж байна. Ер нь хэр ашигтай вэ?
-Ер нь Сараа ийм олон хүнтэй дагуулж яваад ямар ашиг байдаг бол гэж бодож байгаа байх. Бүр ашиггүй байна ч гэж юу байхав. Мэдээж хэрэг гарсан зардлаа нөхөөд дээрээс нь ивээн тэтгэгчтэй бол тодорхой хэмжээний бололцоотой яваад ирэх байх гэж бодож байна. Гол нь тоглолтод ямар дуу дуулагдах вэ гэвэл мэдээж хэрэг “Сэтгэл догдлуулсан үдэш” гэж байгаа учраас өөрийнхөө шилдэг хит болсон дуунуудаа болон зарим нэгэн сонсож амжаагүй шинэхэн дуунуудаа хүргэнэ. Тэнд хүмүүс байнга шахуу ажиллан долоо хоногийн нэг л өдөр амарчдаг, өдөр шөнөгүй хичээл номоо үзэж эсвэл ажилладаг, улс орноо санасан хүмүүс цоо шинэ уран бүтээл сонсох гээд суугаад байхгүй шүү дээ. Ер нь хараад байхад манай “Хурд” хамтлаг ч гэсэн өөрсдийнхөө дээр үеийн хит дуугаа тоглоод гоё байдаг юм билээ. Нэг бодлын дээр үед дуулж байсан дуугаа дахин сэргээж дуулна гэдэг бол бүр ч их гоё байдаг юм бол у гэж бодсон.
-Зарим дуучид дээр үеийн хит дуунуудынхаа найруулгийг шинэчлэн хүргэх болсон шүү дээ. Та дуунуудынхаа найруулгыг хэр шинэчилж байна?
-Янз бүр байж болно оо. Жишээ нь “Аргагүй Монгол аялгуу” тоглолтод орсон эртний дуунуудын маань шинэ хувилбар сонирхолтой сонсогдож магадгүй. Дуунууд маань Club, Chill-out стилиэр тоглогдсон байгаа. Тэр утгаараа зарим нэг дуунудааа орчин үеийн урсгалаар нь сонсгоё гэж бодож байна.
-Хэзээ Улаанбаатарт тоглох вэ?
-Манай “Номин талст”-ын Батсүх “Ер нь тоглолтын товоо хоорондоо тохироод хуваариа гаргаад ээлжилж тоглох нь их зөв юм аа” гэж ярьж байсан. Тэр утгаараа арав, арваннэгдүгээр сар бол хамгийн их хүн цуглаж тоглодог үе байдаг болохоор тоглолт нэлээд давхцсан байдаг. Би ирэх дөрөвдүгээр сард “UB Palace”-д тоглож магадгүй. Эсвэл цагаан сарын золголтын дараа хөгшчүүл нэг тайван амгалан болдог шүү дээ. Тэр үед тоглож магадгүй. Төлөвлөгөө бол байна. “Аргагүй монгол аялгуу” тоглолтоо ер нь Улаанбаатарт тоглоогүй байгаа. Зөвхөн цомгийн баяраа хийн Бөхийн өргөөнд хоёр өдөр тоглосон. Сараагийн ард бас баг ажиллана. График, дизайнер, гэрэл зураг, имиж мэйкер, хувцас загвар, менежментийн баг гээд олон хүн ажилладаг л даа. “Saraa’s music production”-нд олон хүмүүс ажилладаг болохоор олон ажлыг амжуулдаг.
-“Сэтгэл догдлуулсан үдэш” тоглолтоо өнгөрсөн тавдугаар сард “iLoft”-д ганцхан удаа тоглосон. Үзэж чадаагүй фенүүд тань одоог хүртэл гомдолтой явдаг юм билээ?
-Тэр үед гадаад аялан тоглолтоо хийгээд ирсэн, төрсөн өдрөөрөө эх орондоо байгаагүй гээд фенүүдтэйгээ уулзах бололцоог олгох үүднээсээ хийсэн юм л даа. Яахав “Сэтгэл догдлуулсан үдэш”-ийг дахиж тоглож болох байх аа. Би энэ тоглолтоо Улаанбаатар хотоос гадна, Дархан, Эрдэнэтэд тогломоор байна. Гэхдээ хэзээ гэдгийг бүү мэд. Цаг хугацааны боломжоо харна. Магадгүй ирэх арваннэгдүгээр сард давхиад ороод ирэх ч юм билүү. Манай энэ удаагийн аялан тоглолт чинь долоо хоногийнх шүү дээ.
-Таны гаргаж байсан бүх цомгийг багцлаад авья гэхээр өнөөдөр гадуур худалдаанд хангалттай байдаггүй. Та цомгоо дахин хэвлүүлэх үү?
-Одоохондоо Оюуны өмчийн газар, зохиогчийн эрхийн хуулийн дагуу нэлээд сайн нарийвчлахгүй бол сайт болон бусад газруудаар бичлэг замбараагүй тарааснаас болоод цомгийн орлого буурч байгаа. Их зарагдах ёстой ч төлөвлөснөөсөө бол бага зарагдаж байгаа нь үүнтэй холбоотой гэж би бодож байна. Гудамжинд цомог хувилж зарах нь харьцангүй багассан шүү дээ. Сайтууд, үүрэн телефонууд хяналтан дор явдаг юм уу бүү мэд. Тэр бол надад бүдэг бадаг саармаг л юм шиг санагдсан шүү.
-Үүрэн телефоны компаниуд тантай гэрээ хийгээгүй байдаг юм уу?
-Дуу бичлэг эрхэлсэн холбоогоор дамжуулж гэрээ хийсэн байдаг юм билээ. Тэр нь бас хяналт байхгүй, ямар ч тайлан тавьдаггүй, бүдэг бадаг л байгаа юм л даа.
-Урлагт амьдаар дуулдаг хүмүүс цөөхөн болжээ гэж яригдаад байгаа? Гэхдээ урлагт дуулах ханш бас үүнтэйгээ харилцан адилгүй байгаад байдаг?
-Хамгийн гол нь амьдаар дуулахгүй байгаа хамтлаг дуучдыг аваад, захиалаад тоглуулаад байгаа байгууллагууд нь ч гэсэн өөрсдийгөө маш эвгүй байдалд оруулж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй л дээ. Өөрсдөө тэр хүмүүст мөнгийг нь өгөөд за нэг яваад амаа хөдөлгөөдөхөөч ээ гэсэнтэй адилхан л даа. Тийм учраас өөрсдөө “Уучлаарай та амьдаараа дуулж чадахгүй бол мөнгөө хасья” гэх л хэрэгтэй. Зөвхөн амаа хөдөлгөдөг, таазаа хөдөлгөдөг хэдэн видео клип авахуулсан хамтлаг гэхэд нэг арга хэмжээнд дуулахад 1,5 сая төгрөг гэж ханш хэлэх юм. Юу гэсэн үг вэ, манай ардын жүжигчин ийм мөнгөөр төгрөгөөр дуулж чадахгүй байна шүү дээ. Зарим нэг нь “Барууны дуучин тийм үнэтэй байхад бид хямдхан байна” гэж байна. Уучлаарай, тэр хэмжээний хөрөнгө оруулалт хийчихээд ханшаа өсгөж болно шүү дээ. Ханшийг бол завсар зайгүй, замбараагүй өсгөж болохгүй шүү дээ. Сайхан алгуурхан л өсгөнө шүү дээ. Би дээр үед л нэг сая төгрөгөөр дуулаад байдаг байсан. Бараг чүү ай гэж нэг дууг сая таван зуун мянган төгрөг болгоод өнгөрсөн. Дундаж тоглолт дээр гурван сая, том тоглолт бол 4-5 сая, ӨвөрМонголд бол 20 саяаар дуулж байна. Ханш нь өөр байх нь аргагүй шүү дээ. Тэр бол дундад улс, хэчнээн олон дуучинтай билээ. Монголд урлагийн үнэлэмж ийм байгаа нөхцөлд бид тэнгэрт хадсан үнэ нэхээд дээшээ хараад суугаад байж болохгүй шүү дээ. Уран бүтээлч хүн, дуучин хүн гэдэг үүрэг, зорилгоо мартаж болохгүй. Гэнэт бүгдээрээ од болоод би таван саяаар л дуулдаг гээд суугаад байж болохгүй л дээ. Манай мэргэжлийн байгууллагынхан, Ардын жүжигчид, чин сэтгэлээсээ өдөр шөнөгүй ажиллаад л тоглож байна. Тэгээд сарын 300-400 мянган төгрөгийн цалинтай мэргэжлийн хөгжимчид ажиллаад явж байхад зүгээр нэг захын хүүхдүүд өнөдөр баар саванд тоглоод тэр мөнгийг чинь элбэг олж байна шүү дээ. Тэгэхээр энэ бол харьцангүй байна. Мэргэжлийн байгууллагын дуучин, хөгжимчдийнхөө цалинг нэмээсэй л гэж хүсдэг. Яахав тэднийгээ чөлөөтэй өөр тоглолтод явуулахыг хүсэхгүй байгаа бол нийгмийн хангамжийг асуудыг нь шийдээд ханш ярих ёстой болов уу гэж санагддаг.
-Саяхан Соёл, спорт, аялал жуулчлалны яамны сайд тоглолтын тайлангаа тавих шинэ журам гаргасан байсан?
-Сонсоогүй юм байна. Наадах чинь их гоё мэдээ байна шүү. Угаасаа айх зүйл байхгүй шүү дээ. Манай рок, попынхон байнга татвараа төлдөг санхүүгийн тайлангаа тавьдаг шүү дээ. Минийх бол байнга бүх тайлангууд нь байж байдаг. Гэхдээ яамны рарьяа байгуулагуудынх байх аа. Чөлөөт уран бүтээлчдэд бол хамаагүй байх аа. Бид чинь яамнаас ямар нэгэн татаас, цалин, хангамж юу ч авдаггүй шүү дээ.
-Гадаад руу тоглолт хийхэд ч яамтай холбоотой ажилладаггүй гэж үү?
-Соёл урлагийн газарт хандаад ярьж болох л байх л даа. Ихэвчлэн улсын шугамаар соёлын өдрүүдэд оролцдог. Дан Соёлын яам биш болохоор манай сайдад ачаалал ихтэй байдаг бол уу. Тэгэхээр соёлын газартайгаа л шууд харьцах байх даа. Сайдад тийм жижг сажиг зүйлд оролцохгүй байлгүй дээ. Уг нь Соёлын яам дангаараа байсан бол зүгээр байсан юм. Зарим хэрэгтэй ч юм уу гэсэн яамдыг дангаар нь тавьсан мөртлөө манай Соёлын яамыг өөр салбартай нэгтгэчихсэн нь надад жаахан харамсалтай санагддаг юм аа. Улс орны нүүр царай гэдэг чинь соёл, спорт, боловсрол гурваасаа эхэлддэг юм шиг санагддаг. Бүгдийг нь нэг цогц болгочихоор би сайн мэдэхгүй байна л даа.
-Таны өнгөрсөн жилийн наадмын нээлтэд дуулсан “Ээжийн өргөсөн цацал” дуу хүмүүст их хүрсэн. Харин яагаад клип хийгээгүй юм бэ?
-Тэр дууг их богинохон хугацаанд зохиосон юм шиг байгаа юм. Улс орон магтсан, монголчуудаа омогшуулсан ийм сэдэвтэй дууг манай хөгжмийн зохиолч, Соёлын гавяьат зүтгэлтэн Б.Бямбабаярын аялгуу, яруу найрагч Р.Өнөржаргалын шүлэг. Тэр дуу дандаа сайн сайхныг ерөөсөн сайхан дуу. Наадмаар л ерөөхгүй бол хэзээ ерөөх билээ. Ийм сайхан дууг дуулах завшаан надад олдсонд би их баяртай байгаа. Мэдээж, дууг дуулангуутаа тэр дороо клип хийх нөхцөл заримдаа бүрдэхгүй л дээ. Би ӨвөрМонголын Дархан хошууны наадмын нээлтэд шар мөрөн дууг нь магтан дуулаад явж байсан. Би хэлдэг юм. Айлын нутаг усыг магтан дуулаад байдаг. Гэтэл Хайрхан уул, Цайдмын хөвөөгөө дуулдаггүй ямар сонин юм бэ гэж.
Урлагийн хүн гэдэг чинь яг л ийм байдаг юм байна шүү дээ. Урлагт арын хаалга байдаггүй гэдэг чинь тэр байхгүй юу. Яг өөрийнхөө юманд чин сэтгэлээсээ явж амждаггүй. Хүмүүсийн захиалга ч юм уу байгууллагын захиалгаар бол зөндөө сайхан дуу дуулаад байдаг тийм увидастай сонин л юм байна лээ. Хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр бид хоёр энэ талаар ярьж байгаад шинэ дуу бүтээх байх гэж бодож байна.
-Шинэ уран бүтээлийн сонин сайхан дуулгавал?
-Цоо шинэ гэвэл, Соёлын тэргүүний ажилтан, Шуранхайн уртын дуучин Д.Үүрийнтуяатай “Үзэсгэлэн гоо” гээд нэг шинэ уран бүтээл туурвиж байна. Мөн хүмүүсийн сэтгэлд хоногшсон намрын, ургацын тухай нэг сайхан дууг дуулж байгаа. Клипийг нь “Hero” энтертайнмент бүтээсэн, ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс цацагдаж эхэлнэ. “Ромео, Жульетта” гээд мюзиклийг ирэх арванхоёрдугаар сард тайзнаа тавина, би нэг дүрд дуулна. Бэлтгэл ажил их хэрэгтэй байна. Мюзиклийн дуунууд их гоё болсон байна лээ. Эхнээсээ фм, радигоор цацагдаж эхэлнэ.
Нэг мэдсэн чинь шинэ жил болох гэж байна. Шинэ жилээс өмнө фенүүддээ цочроосон тийм гэнэтийн бэлгүүд бэлтгэж зэхэж байна. Түүнийгээ биелээгүй цаг яриад яахав гэж бодоод амаа их дарж байна. Би уг нь сурвалжлагч нар уулзахаар болж өгвөл бага ярья гэж бодоод байдаг юм. Надад 24 цаг хүрэхгүй байгаа шүү.
-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.