Оюутолгойн гэрээний асуудал төрийн ордонд халуун сэдэв хэвээр байна. С.Ганбаатар тэргүүтэй 27 гишүүн дахин Оюутолгойн гэрээг өөрчлөхөөр гарын үсэг зурж, анх гэрээ хийсэн сайдуудтай халз мэтгэлцээнд оролцох урилга илгээснээ зарлалаа. Мөн энэ саналаа бодит болгохын тулд Оюутолгойн гэрээг өөрчлөх Ажлын хэсэг байгуулах хуулийн төсөл өргөн барьжээ. Оюутолгойд өнгөрсөн 10 жилийн хугацаанд юу юу хийсэн, хэр их хэмжээний хөрөнгө оруулалт зарцуулсан зэрэг тайлан тавиулахыг тэд хүсч байна.
Мөн өнөөдөр Авлигатай тэмцэх газраас Монгол улсын их сургуулийг хандивын анги нэрээр оюутан элсүүлэхдээ зөрчил гаргасан гэж үзжээ. Хандиваар элсэгчтэй гэрээ байгуулахдаа “МУИС-д хандиваар элсүүлэх журам”-ыг үндэслэн харилцан тохиролцож байгуулдаг гэсэн боловч энэхүү журам нь хүчин төгөлдөр бус юм байна. Энэ мөнгөө МУИС-ийг хөгжүүлэх санд хийсэн хэрнээ сургуулийн 70 жилийн ойг тэмдэглэхэд хэрэглэсэн нь авлигын эсрэг хуулийн заалтыг зөрчжээ. Иймээс Авлигатай тэмцэх газар МУИС-д арга хэмжээ авахаар болсон байна.
“Орчлон” дунд сургуулийн 16 сурагчийн гэдэсний халдварт нян илэрснийг news.mn өмнө нь мэдээлсэн. Халдварт өвчин судлалын үндэсний төв хүүхдүүдээс шинжилгээ авч, “шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнээс хордлого авсан гэж тогтоосон” гэсэн юм. Сургуулиас бэлтгэдэг өдрийн хоолонд нян агуулагдаж байсан бололтой.
Түүнчлэн 39 км-ийн өндрөөс дэлхий рүү 4 минут гаруй хугацаанд унасан супер Феликсийн тухай мэдээ хамгийн их анхаарал татаж байна. Австрийн шүхэрчин Феликс Баумгартнер өчигдөр задгай сансраас дэлхий рүү чөлөөт уналт хийсэн юм. 39 км-ийн өндрөөс 1342 км/цагийн хурдтайгаар 4 мин 19 секундын хугацаанд дэлхийд газардсан юм. Өмнө нь ийм уналт хийсэн Жозеф Киттенгерийн амжилтыг 17 секундээр эвджээ.
Б.ХАЛИУН