Элчин сайд хатагтай Ивана Гроллова эрүүл мэндийн салбар дахь хоёр улсын олон жилийн хамтын ажиллагааг улам өргөжүүлж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, дөрвөн үндсэн асуудлаар харилцан санал солилцож, хамтран ажиллах саналыг дэвшүүлэв. Үүнд:
- Чехийн хөгжлийн хамтын ажиллагааны төслийн шугамаар Завхан, Архангай зэрэг аймгуудад явуулын эмнэлгүүд ажиллаж байгаа боловч алслагдсан аймаг, сум, багуудад эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд дутагдалтай байгаа тул нөхцөл байдлыг сайжруулах;
- Улсын 1-р төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах явцад уг эмнэлэгт хэрэгжиж байгаа төслүүдийн хоорондын уялдаа холбоо муу, үйл ажиллагааны давхардал байгаа нь анзаарагдсан тул хэрхэн уялдаа холбоог сайжруулах болон Чех эмч мэргэжилтэн Монголд хүрэлцэн ирж ажиллан ажлын байран дээр гардан сургалт явуулбал илүү үр дүнтэй болох талаар;
- Зоонозын халдварт өвчний хяналт, илрүүлэлтийг сайжруулах тал дээр хамтран ажиллаж, түргэвчилсэн оношлогооны хэрэгсэл нийлүүлэх боломжийг судлах;
- Чех улсын Мотол эмнэлэг хүүхдийн зүрхний мэс заслийн чиглэлээр улсдаа тэргүүлэх зэргийн шилдэг эмч нартай тул энэ талаар хамтран ажиллах боломжтойгоо тус тус мэдэгдлээ.
Сайд Н.Удвал Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил Чех Улсын Засгийн газартай салшгүй холбоотой бөгөөд анх 1971 онд Улсын клиникийн төв эмнэлгийг барьж өгснөөс хойш дараагийн шатны төслүүд амжилттай хэрэгжиж байгаад эрүүл мэндийн сайдын хувьд талархаж явдгаа илэрхийлээд цаашид ч энэхүү хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа нотлон хэллээ.
Уулзалтын явцад талууд Элчин сайдын санал болгосон хамтын ажиллагааны чиглэлүүд болон сонирхсон бусад асуудлуудаар харилцан санал солилцож, сайд Н.Удвал хамтран ажиллах эрмэлзлэлтэй байгаагаа дахин нотлож, зарим асуудлыг нягтлан судлаж, эргэн холбогдож ажиллах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.