МАХН-ын гишүүд уриалга гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.10.15-нд нийтлэгдсэн

МАХН-ын гишүүд уриалга гаргажээ

МАХН-ын намын гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг нь тэднийг намын дарга Н.Энхбаярыг орон нутгийн сонгуульд оролцуулах боломжийн талаар мэдээлэл хийнэ гэсэн зар тараад байсан юм. Харин тэд энэ удаад иргэдийн эдийн засгийн оролцооны талаар уриалга гаргаснаараа танилцууллаа.

Энэхүү уриалгадаа “Эдийн засгийн эрх чөлөөг ард түмэндээ олгохоор зарим нэг оролдлогуудыг хийсэн боловч иргэдийн оролцоо, гарааны ижил нөхцөл, тэгш эрхийг хангах тал дээр ноцтой алдааг гаргасаар байна. Энэхүү алдаатай байдлыг засах зарим нэг зөв арга замыг сонгож , удахгүй болох орон нутгийн сонгуульд нэг бодлого зорилттой оролцвол ихээхэн амжилт олно  гэж үзэж  уриалгыг гаргасан” гэлээ.

МАХН-ын намын гишүүн, гүйцэтгэх товчооны гишүүн Б.Батсайхан “Нэгэнт УИХ, засгийн газрын төвшинд эхлүүлээд байгаа шинэчлэлийн бодлогоо үргэлжлүүлэхэд бидний уриалга хэрэгжих таатай боломж бүрдэнэ. Ганцхан жишээ дурьдахад,  Манай улсын газрын нэгдмэл санд хөдөө аж ахуйн газар 115,5 сая га буюу 73,86 хувь, хот, тосгон бусад суурин газар 620,6 мянган га буюу 0,39 хувь, зам, шугам сүлжээний газар 407,1 мянган га буюу 0,26 хувь,ойн сан бүхий газар 1,5 сая га буюу 9,13 хувь, усны сан бүхий газар 682,8 мянган га буюу 0,44 хувь, улсын тусгай хэрэгцээний газар 25 сая га буюу 15,91 хувийг тус тус эзэлж байгаа юм байна. Хот, тосгон бусад суурин газрын эзэлж байгаа  620,6 мянган га буюу нийт газар нутгын 0,39 хувьд нь иргэдэд газар өмчлүүлэх гэсэн болхи төөрөгдлөөс үүдээд иргэдэд хувьчилах газар ихээхэн хязгаарлагдмал харагдаад байгаа гэлээ. Тиймээс энэ бүхнийг шинэчлэлийн Засгийн газар бодлогодоо тусгах байх гэж уриалгыг гаргаж байгаа” гэлээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж