МАН-ын гишүүд төсвийн төслийг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2012.10.15-нд нийтлэгдсэн

МАН-ын гишүүд төсвийн төслийг шүүмжлэв

УИХ дахь МАН-ын гишүүн Н.Энхболд,  С.Бямбацогт, Д.Оюунхорол нар мэдээлэл хийлээ. Тус намын гишүүд "УИХ-ын чуулганы хуралдаанд 2013 оны Төсвийн төсөл нь ил тод бус, ямар хөрөнгө оруулалтыг хаана, хэзээ хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийх гэж байгаа зэрэг нь тодорхой байх ёстой" гээд төсвийн төслийг буцаах санал хэлэв. Энэ удаад мөн МАН-ын гишүүд “Өмнөх оны төсвүүд хөрөнгө оруулалтууд нь хаана, хэдэн төгрөгөөр хийгдэж, хэзээ ашиглалтад орох нь тодорхой байдаг байсан. Тухайлбал, Ерөнхий сайдын багцад 120 тэрбум төгрөг орсон байгаа. Энэ мөнгөөр юу хийх, ямар хөрөнгө оруулалтад зарцуулах нь тодорхойгүй байгаа” гэлээ.

МАН-ын гишүүдийн ахлагч Н.Энхболд “Өмнө нь нийгмээрээ хэлэлцэж авч явсан олон зүйл байсан. Үүнийг байхгүй болгох зүйл харагдаад байна. 2013 оны төсвийг харж байхад хүн рүү чиглэсэн нь бага, барилга, байгууллага руу чиглэсэн хөрөнгө оруулалтууд их байна. Мөн юу хийх гэж байгаа нь мэдэгдэхгүй их хэмжээний тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтуудын цаана мөнгө идэх гэсэн зүйл явж байна гэж харж байна. Өөрчлөлт шинэчлэлт хийх гэж байхад хууль ямар хамаатай юм бэ гэсэн яриа газар авч байна. Бид аливаа шинэчлэл өөрчлөлтийг дэмжинэ.  Гэхдээ хуулийн дагуу хийх нь зүйтэй.  Бид УИХ, байнгын хорооны хуралдаанд үүнийгээ хэлсэн. Хэлэлцүүлгийн явцад хуулийн дагуу ил тод болж, батлагдана гэж бодож байна. МАН-ын зүгээс тодорхой тоотой зүйлийг хэлэлцүүлгийн үед илэрхийлж, танилцуулна” гэлээ.

Мөн гишүүн С.Бямбацогт “2013 оны төсвийн төсөл иргэд рүү, хүн төвтэй бус дарга нарт чиглэсэн төсөв болсон байна.  Өөрөөр хэлбэл, цалин тэтгэврийг нэмэхгүйгээр өөрсдийнхөө хэрэгцээг нэн тэргүүнд бодож байна. Өмнө нь гишүүн бүрт нэг тэрбум төгрөг өгдөг байсан. Харин энэ удаад үүнийг болиулсан. Гэхдээ энэ удаагийн төсөвт 50 тэрбум төгрөг юунд зарцуулагдах нь тодорхойгүй, хяналтгүй орж ирсэн. Энэ мөнгө Ерөнхий сайдын мэдэлд үлдэж байгаа нь дарга нарт зориулагдсан, хууль зөрчсөн төсөв батлагдаж байгаа гэж үзэхэд хүргэж байна.

Д.Оюунхорол: Төсвийн орлого 70 тэрбумаар тасарсан.  Татварын болон түрээсийн орлого буурч байна.  Бид татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулж байгааг нягтлах болно. Хөдөө аж ахуй, газар тариаланд үзүүлдэг байсан  хөнгөлөлтийг байхгүй болгосон.  Аймгийн хөрөнгө оруулалтыг ялгавартай байдлаар хийсэн.  Боловсролын салбарт нэг удаад өгөх урамшууллыг болиулах талаар яригдаж байгаа нь багш нарыг ажил хаяхад ч хүргэж байна. Энэ мэтээр төсөв хяналтгүй, шударга бус байдлаар  хандсанд анхаарал хандуулна гэлээ.

МАН-ын гишүүдийн зүгээс ажлын хэсэг байгуулсан бөгөөд орлого нэмэгдүүлэх ямар боломж байна, зардлуудыг хэрхэн бууруулах вэ зэрэг тооцоог гаргаж, улмаар саналаа 2013 оны төсвийн төсөлд оруулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Үүнд аймаг бүрт үйлдвэр, дулааны цахилгаан станцыг барих асуудлыг эхний ээлжинд ажил хэрэг болгох ажээ. Үүний дараагаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  сар бүр 21 мянган төгрөг олгох асуудалд анхаарал хандуулах юм байна. 

Ш.ОЮУНЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж