“Женко” группийнхэн 15000 мод тарилаа

Хуучирсан мэдээ: 2012.10.15-нд нийтлэгдсэн

“Женко” группийнхэн 15000 мод тарилаа

Аравдугаар сарын 13. Үүрийн туяатай уралдан сэрж Баянгол зочид буудлын үүдэнд товлосон ёсоор  эртлэн очиход “Женко”  группийн ажилчид Туулын эхэнд  мод тарихаар хэдийнэ цуглажээ.  Ингээд  арваад машин цуваанд ороод ургах наран зүг чиглэн хөдөллөө. Өглөөний наран  мандаж нойр дутуу зүүрмэглэн яваа бидэнд  илчээ мэдрүүлнэ. Ингэж явсаар 9 цагийн үед “Цонжин болдог”-т  очиж  хэсэг саатаад  цааш хөдлөв.  Зам бартаатай тул жижиг тэрэг явахгүй гэдгийг газарчин маань сануулж зарим  нэг нь машинаа орхилоо. “Цонжин болдог”  өнгөрөөд  засмал замаас салж хойд зүгт дүнхийх өндөр уулсыг чиглэн хөдөллөө. Намрын шаргал налгар өдрийг  төсөөлөн явсан биднийг   татсан уулс угтах нь тэр.  Манан татсан өндөр оргилууд  цасанд дарагдан өвөл хаяанд ирснийг   сануулна. Энэ нь зарим нөхдөд маань хүндээр туслаа. Учир нь тэдний ихэнх нь нимгэхэн хувцастай гарчээ. Гэсэн ч бидний  нэг хамт олон гэсэн уур амьсгал биенийгээ  огтхон ч даруулаагүй юм. Надад энэ зузаан цамц илүү байна чи өмсчих, энд суувал паарны хажууд дулаан юм  гэх яриа автобусанд өрнөнө.  Аяны зам зурайж  гол гатлан явсаар нэг л мэдэхэд Цонжин болдогоос 80 гаруй  километрийн цаана Галтай булнай хэмээх  газар ирлээ.  Автобусанд дөрвөн  цаг гаруй явсны эцэст  биднийг өвлийн гэмээр цэнгэг агаар угтан авахад сая л нэг амьсгаа уужрав.

Моддыг  хайр, гамгүй хяджээ

 Гэтэл эргэн тойронд  үндсээр нь хайр найргүй хядсан , шатаж харласан модод биднээс аврал эрэн угтав. Хотоос 180 гаруй киломтер зайтай орших Төв аймгийн Мөнгөн морьт болон Эрдэнэ сумын заагт орших энэ газрын модыг  өнгөрсөн зууныхан зөөж 40, 50 мянгатыг барьсан аж. Ингээд модгүй болон харлажээ. Үүнээс гадна  юм мэдэх хүний хэлснээр  1966 оны их үер уг  газрыг модгүй болсноос болсон гэх юм билээ.  Харин одоо бол Туул ширгэж буй гол шалтгаан нь  Галтай Булнай гэх энэ газар модгүй болсноос үүджээ гэж хэлэх ёстой мэт. Иймээс “Женко”  групп нийгмийн хариуцлагаа ухамсарлан Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр Туул голын эхэнд хоёр долоо хоногийн өмнө 15 мянган  мод  тарьсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж тав,  аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийг бүх нийтээрээ мод тарих өдөр болгосон. Иймээс  эл  өдөр “Женко” группийн ажилчид,  албан хаагчид  15000 суулгац дээрээ 900-г нэмж тарилаа. Энд тэнд төд өдөн мод  тарилаа гэдэг ч тэр нь ургахгүй үргүй зардал гардаг явдал олонтаа тохиолддог. Харин “Женко” группийн тухайд гадаадын байгаль судлаач мод тарих технологийн мастеруудын удирдлага дор тарьсан юм.  Бидний тарьж буй  модыг гурван жилийн турш   туршилт, судалгаа хийсний үр дүнд сонгон авчээ. Харин тарьсан модруу мал ороод сүйтгэх  аюултай тул удахгүй хашаа хийхээр болов.  Группийн тухайд өмнө нь  2007 онд Туул голыг  оюутнуудад цалин өгч,  200 тонн хог  цэвэрлэсэн  байдаг. Мөн группийн охин компаниуд  хувь хувьдаа нийгмийн хариуцлагаа ухамсарлан мод тарих, цэвэрлэгээ хийх, буяны үйл ажиллагааг зохион байгуулдаг юм.

Бид гурван жилийн дараа өөрсдийн тарьсан төгөлд зугаална

 Бидний тарьсан мод гурван жилийн дараа төгөл болно. Учир нь Монголын нөхцөлд хамгийн хурдан ургах боломжтой модны суулгац тарьсан юм. 2015 оны зуны нэгэн өдөр. Галтай булнай хэмээх модод ногоорсон газарт хань, үр хүүхдээ дагуулан зугаалж, энэ моддыг хамт олонтойгоо  тарьж байсан юм хэмээн бахархаж суух биз ээ. Харин тэр үед одоогийн байгаа шиг шатаж харласан, үндсээр нь хядсан модод харагдахгүй  гэж итгэж байна.  Би үр хүүхдэдээ түүх болгон өнөөдрийн ажлаа ярина. Ингэж бодохоор надад өөрийн эрхгүй модыг сэтгэлээсээ суулгая гэсэн  бодол төрсөн юм. Бусад хүмүүсийн хувьд ч  адил байх. Хүн амьдралдаа гурван зүйл хийх ёстой. Мод тарих, хүүхэд төрүүлэх, ном бичих. Иймээс  хүн болж төрснийхөө  төлөө хийх ёстой  зүйлээ хийж байна хэмээн моддыг сэтгэл  хангалуун суулгаж байлаа. Группийн ажилчдын зарим нь гэр бүлээрээ ирж мод суулгасан.  “Милл Хаус” гурилын үйлдвэрийн ажилтан Х. Болороогийн хүү  “Ээжээ энэ мод гурван жилийн дараа ургана гэж байна. Би заавал ирж үзнэ шүү намайг авч ирээрэй. Би тэр үед 10 настай байна. Гэхдээ хоёулаа аавтай хамт ирнэ шүү” хэмээн хөөрцөглөн ярих нь хүн бүрийг “ 3 жилийн дараа…” гэх бодолд өөрийн эрхгүй хөтөлнө.

Ажлын амт шингэсэн цай хамгийн гайхалтай

 Хэдийгээр  энэ өдөр хүйтэн салхи хацар хайрч гар минь бээрч байсан ч  мод суулгахаар газар ухаж,  шороо зөөгөөд дулаацлаа. Ажил  хийхэд эрч хүчтэй байлгах хамгийн чухал зүйл  халуун цай, хоол. Тэр дундаа хүйтэн өдөр. Биднийг модоо тарьж байх хойгуур арын алба дааж үлдсэн гал тогооны залуус  маань амттай  халуун хоол, цай бэлтгэжээ. Ил галд  дулаацан, оочилсон хээрийн цай  амттай байлаа. Ингээд бидний ажил шувтарч хоол, цайгаа уусны дараа бид хийсэн ажлынхаа өмнө зургаа татуулан монгол хүн байгаль эхээ хайрладаг тэр дундаа лус савдгаа шүтдэгийн илэрхийлэл болгон лам залж ном хурууллаа

Томас Адкинс: Ойжуулалтын талбайд тусгай диск хийсэн

 Бидэнд мод хэрхэн тарихыг зааж удирдсан технологийн мастер Томас Адкинсаас  цөөн асуултад хариу авлаа.

-Хавар тарьсан мод одоо ургачихсан байна гэсэн. Үүний нууц нь юундаа байна вэ?

-Бидний тарьж буй энэ мод Монголд хэрхэн ургахыг гурван жил судалсан юм.  Үндэс, чийг баригч, сав гээд л бүгд монголын  уур амьсгалд тохирсон.  Мод тарих дарааллын хувьд ч гэсэн. Эхлээд газраа ухаад  чийг баригчаа хийгээд   суулгацаа хийнэ. Үүний дараа ахин чийг баригч хийж хөрсөөрөө маш сайн чигжиж өгнө.  Хамгийн гол нь агаар оруулахгүй болтол  чигжих нь  чухал. 

-Судалгаагаа Монголд хийсэн үү. Тарьж буй суулгацыг Монголд  ургуулсан юм уу?

-Энэ мод маш сайн үндэстэй,  ургалт  ч хурдан  байгаа.  Монголоос бэлтгэсэн үрээ тусгай хөрс,  хүлэмжинд тарьж ургуулсан анхны технологи. Бүх модоо тусгай саванд хийсэн учир үндэс нь сайн ургаж байгаа. Харин хөрсийг нь Канадаас  оруулж ирсэн .  Мод тарьсан газраа  удахгүй хашаатай болгоно. Тэгэхгүй бол мод тарьсан талбайд мал орох аюултай. Мод тарьсан газраа одоо ямар ч байсан таних тэмдэг болгож өнгийн давуу уялаа.  Ойжуулалтын талбайд тусгай диск хийсэн.

Б.МЯГМАРЖАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж