“Хурд”-ын Отгонбаярыг гитаргүй төсөөлөхийн аргагүй. Тиймдээ ч түүний тоглолт гитарын гоцлолоор эхэлсэн. Амьд хөгжмийн нүргээн бут авсан энэ тоглолтыг тэрээр өөрийн эмоциороо хөтлөн үзэгчдэд дуу бүрийнхээ өмнө бяцхан түүх ярин, уран бүтээлчтэй анх хамтран ажилласан дурсамжаа хуваалцан үзэгчдэд чадварлаг хөтлөгч болохоо харуулаад амжсан шүү.
“Хурд”-ын Отгоогийн үзэгчдэд барьсан эхний бэлэг бол шинэ уран бүтээл нь байлаа. Тэрээр поп дива, гавьяат жүжигчин, дуучин Алтаад зориулан бүтэээсэн “Зөвхөн зөөлөн үнс” дуугаа тайзнаа түүний хамт хүргэсэн нь энэ үдшийн зочид анхны сонсонгчид нь болсон. Шинэ хэмнэлээр хөглүүлэх сайхан байлаа.
Отгоогийн хөгжмийн аязын салхийг хагалан ХБК-ийн багш Тунгалаг тайзнаа түүний “Ариусал” аязыг лимбэдэн үзэгчдийг уяраасан. Түүнийг хөтлөгч Отгоо “Sweetymotion” хамтлагийн Сарнайгийн ээж, хөгжмийн зохиолч төгөлдөр хуурч Чинбаагийн хадам ээж гэж тодотгож танилцуулна лээ.
Тийм ээ, тайзнаа “Чоно” хамтлагийн дуучин Дэрмээ гарч ирэн “Чамд таалагдахын тулд анх удаа” хэмээн дуулж эхлэхэд үзэгчид өөрийн эрхгүй суудлаасаа босон даган дуулж, бүжиглэж байлаа. Одоог хүртэл залуусыг байлдан дагуулж байгаа, хүн бүрийн сэтгэлд хоногшсон Отгоогийн хит “Сүүлчийн хичээлийн дараа хаачив” дуугаар үргэлжлэн үзэгчдийг “Арван жилийн дурсамж”-өөр хөтлөн уяраасан. Яг энэ мөчид улаан тууз, сурагчийн дүрэмт хувцас, сүүлчийн хичээл, хүрэн самбар хүн бүрийн сэтгэлд зурайсан болов уу. Сонирхуулахад, “Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ” дуу “Хурд”-ын Отгоогийн анхны уран бүтээлийн нэг бөгөөд нэлээн хожуу түүний дүү “Чоно” хамтлагийн Дэрмээ дуулж үзэгчдийн хүртээл болгож байсан түүхтэй аж.
“Sweetymotion” хамтлагийн охид тайзнаа түүний хамт “Unitel” компанийн захиалгаар бүтээсэн “Хайр хүн бүхний зүрхэнд бий” дууг дуулсан юм. Рок попт хэдийнэ өөрсдийн орон зайг үүсгэн фенүүдээрээ хүрээлүүлэн олон сайхан хит дууны эзэн болсон охидын хамтлагийг нэг л эрхэм өнөөдрийг хүртэл “болжморууд” хэмээн нэрлэдэг гэнэ. “Sweetymotion” хамтлагийн охид дөнгөж 18 настайдаа анхны тоглолтоо хийж байхад тэрбээр тоож тоглолтод нь хамтран ажиллажээ. Тухайн үед тоглолтын бэлтгэл дээрээ охид шуугихаар “Болжморууд шаагаад байх юм” хэмээн хэлснээс хойш одоог хүртэл тэднийг “болжмор” гэж дууддаг гэнэ. Харин өнгөрсөн жилд тэднийг эмэгтэй тагтаа нар гэж дуудсан нь нас биед хүрснийг нь хэлсэн бол уу гэж охид тайзнаа ярьсан юм. Отгоо ч бас энэ тайзнаа “охид өсчээ” хэмээн магтсан. Тэрээр “Надад хайр байна. Дуунууд маань байна. Та бүхэнтэйгээ насан туршдаа хамт дуулна аа, баярлалаа” хэмээн сэтгэлийн үгээ хэлж байлаа.
Түүний тоглолтын бэлтгэлийн турш хамгийн идэвхитэй, яг цагаа барин ирж хамтдаа дуугаа бэлтгэдэг байсан поп дива Сэрчмаа энэ үдэш ар гэрт нь хүндэтгэх шалтгаан гарсан учраас хараахан ирж чадсангүй хэмээн Отгоо түүний өмнөөс үзэгчэд тайлбарласан. Отгонбаяр шаггүй дуучин шүү дээ. Тэрээр харин өөрийгөө “Би мундаг дуучдын хажууд дуулна гэж юу байхав. Нөгөө Цогоог тайзан дээр байхгүй хооронд бурхангүй газрын бумба галзуурах гэгч болно. Одоо харин та бүхэнтэйгээ дуулмаар байна” хэмээн үзэгчдийг уриалан хамтдаа Сэрчмаад зориулан зохиосон “Дурлал”, “Хаа ч цуг гэж мэдээрэй” дуугаа хамтран дуулсан. Тийм ээ, “Хурд”-ын Отгоо хаа ч цуг гэж мэдээрэй. Тэрээр энэ дууг хит болж, телевиз, фм-үүдээр байнга эгшиглэн олонд хүрэхэд нь үнэхээр их баярласан гэнэ. Гэхдээ тэр үед гэртээ ганцаараа, дотроо сэмхэн баярлаад өнгөрсөн гэсэн.
Тэрээр дуулах дуртай, гэхдээ ховорхон. Харин энэ удаад гитарчин Отгонбаярын тухай ярих гээгүй шүү. Харин түүний хөгжим дарахыг нь харах дуртай тэнгэрлэг найзынх нь тухай юм. Түүний багийн найз, хамтдаа рок, попын тогоонд олон жил чанагдаж байгаа ч түүнд зориулан ганцхан хит уран бүтээл туурвисан гээд тэдний түүх урслаа. Тайзнаа ховорхон дуулдаг эрхэм бол хөгжмийн зохиолч, Төгөлдөр хуурч Чинбаа.
“…Чи минь өөрөө эгэл билээ, хайртай чамдаа би
Чи минь өөрөө даруу билээ, хайраа өгье чамдаа хайрт минь…”
Тэдний “Би чамд хайртай” дуу 20 жилийн үерхлээс нь урган гарсан ганц уран бүтээл нь гэнэ. Чинбаа түүнд өдийг хүртэл ганцхан дуу зохиож өгсөнд нь гомдолтой явдаг ч саяхан тэд хамтдаа хоёр гоё шинэ дуу хийсэн гэнэ шүү. Гэхдээ Отгоогийн дараагийн хит Чинбаатай ирэх жил эгшиглэнэ. Төгөлдөр хуурч, ая зохиогч, дуучин Чинбааг тун удахгүй “Аравт” киноны хөгжмүүдийг эгшиглүүлэх “Эзлэн” тоглолт дээр нь дахин өөр өнцгөөс буюу удирдаачаар харах мөч айсуй.
“Хурд”-ын Отгонбаяр зөвхөн хамтлагийнхаа хөгжимчидтэй тайзнаа 17 томоохон хэмжээний тоглолт тавьсан гэнэ. Харин энэ үдэш шинэ залуу хөгжимчидтэй хамтарч тайзнаа анх удаа тоглосон аж. Түүний хамт “Firе” хамтлагийн басс гитарчин Билгээ, “Булсара” хамтлагийн соль гитарчин Баби, бөмбөрчин Одхүү, бөмбөрчин Жерри, “Monster” шоуны ялагч хоёр охин энэ үдшийн бокалист хийн рок, попыг шилдгүүд түүнтэй хамт бут авч, үзэгчдийг хуйлруулсан юм.
1994 онд поп дива Наранг тайзнаа дуулан гарч ирж байхад Отгоо түүний хоолойнд унан тусан дурлаж байжээ. Монголын эмэгтэй дуучдаас хамгийн рок хоолойтой дуучин Наранд Отгоо “Юугаар ч сольшгүй” рок дуу бэлэглэж байсан нь энэ л тайзнаа рок хэмнэлийг мэдрүүлэн үзэгчдийн цөсыг хөөргөсөн юм. Отгоо тайзнаа царайлаг залуусыг урин хамтдаа “Нар тусах эхний оргил” дууг Гавяьат жүжигчин, дуучин Б.Дашдондог, “Чоно” хамтлагийн Дэрмээгийн хамт дуулсан юм.
“UP Music” продакшны хөгжмийн найруулагч, хөгжмийн зохиолч Н.Халиунд Отгоо “Олон жил” төгөлдөр хуурын аязаа зориулан бичиж байжээ. Тэрээр энэ үдэш төгөлдөр хуураар “Олон жил”-ийг тоглон үзэгчдийн эмоцийг дахин өөр өнцгөөс хөдөлгөөд авсан юм.
Саяхан “Номин талст 15 жил” тоглолтоо энэ л танхимд хийж байсан залуус эргэн тайзнаа гарч ирэн Отгоогийн хамт “Би гэртээ”, “Зүүдэнд ирэх жаргал” дууг дуулан үзэгчдийн цөсийг хөөргөв. Хэдийгээр хамтлагийн гишүүн Хаазаа гадаадад ажлаар явж таарсан ч үлдсэн гурвыг үзэгчид тийм ч амар тайзнаас буулгахыг хүсээгүй. Тэд алгаа хорстол ташсаар дахин нэг дууг дуулуулж байж санаа нь амарсан шүү. Энэ үдшийн үзэгчид халуухан, цоглог байсан. Дуу бүрийг даган дуулж, дахиулан ёстой л хүссэнээрээ Отгоод эрхэлж байлаа.
Поп дива Т.Ариунаа тайзнаа гарч ирэхэд үзэгчид дуу алдан алга ташин тосч авсан. Сүүлийн үед ховорхон тайзнаа дуулах болсон түүнийг үзэгчид санасан нь илт. Тэр тусмаа ховорхон дуулдаг хит дуутайгаа ирсэн нь үзэгчдийг ийн баярлуулсан юм. “Жаргаж үзээгүй зул дурлал”-ыг тэнд чуулсан хүн бүр даган дуулсан шүү.
Зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин, поп дива Б.Сарантуяа Отгоогийн мөрөөдлийн дуучин. Түүнийг сонсох дуртай дуучин “Хэцүү” дуугаараа рокоор амьсгалуулсан бол “Чи минийх” дуугаа дуулан попоор аялуулав. Түүний анхны тоглолтод нь мөрөөдлийн дуучин нь тайзнаа дуулан танхимд дүүрэн үзэгчдийг суудлаас нь босгосон юм.
“Хурд-ын Отгоо “Зуун зуунд дурсагдах энэ сайхан уран бүтээлчид, найз нартайгаа хамт байгаадаа би маш их байртай байна. Би энэ цаг үед төрсөндөө хязгааргүй баяртай байна” гэж байлаа.
Энэ цагийн Монголын шилдэг гитарчид энэ л тайзнаа хамтдаа гарч ирэн үзэгчдийг бараг л галзууруулсан. “Харанга” хамталгийн гитарчин, Гавьяат жүжигчин Ц.Энхманлай, гитарчин Өөжгий, “Хурд”-ын гитарчин Отгонбаяр гурвын хамтарсан соло рокийн хэмнэл эрч хүчийг мэдрүүлсэн. Отгонбаярыг гитарт дурлуулан рок, поп руу хөтөлсөн хүн бол “Харанга” хамталгийн гитарчин, гавьяат жүжигчин Ц.Энхманлай. Түүнийг одоо хүртэл бишрэн шүтэж, гитарын гоцлол бүрийг нь шимтэн сонсох дуртай хэмээн ярьж байсан юм. Отгоо нэгэн ярилцлагадаа “Энхманлай ах энгийн амьдрал дээр дэндүү даруу нэгэн ч харин тайзнаа бол асаж, бадарч чаддаг гал цог” гэж байсан ч санаанд буусан шүү. Тэд энэ л тайзнаа хамтдаа ассан юм.
“Хурд”-аар 20 жил овоглож байгаа түүний тоглолтын бас нэг гайхалтай хэсэг нь хамтлагтайгаа хүргэсэн “мини” тоглолт байлаа. Удаан хүлээжээ. Тайзнаа тэднийг хамтад нь харах сайхан байлаа. “Хүн”, “13 ааш”, “Миний найз, миний дайсан”, “Нулимсаа тэвчье”, “Цоглог оюутан”, “Шинэ жил”… танил дотно хит дуунууд ар араасаа эгшиглэн тайз эзэгнэн үзэгчид дуу бүрийг нь дахиулан даган дуулсаар цаг хэдийнэ 23.00 цаг болсныг ч анзаарсангүй. Тайзнаа “Эх орон” дуу эгшиглэхэд өөрийн эрхгүй хэрвээ Ардын жүжигчин Б.Дамчаа гуай амьд сэрүүн байсан бол
“…Үүнээс цэлмэг хөх тэнгэр гэж үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй
Үүнээс илүү хайрлах шүтээн үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй..” хэмээн хамтдаа энэ дууг хүргэх байсан даа хэмээн бодож суутал тайзны гол дэлгэц дээр Дамчаа гуайн дүрс тодрон баргил хоолойгоор өнөөх л дөрвөн мөртийг эгшиглүүлэхэд өөрийн эрхгүй нулимс цийлэлзэн үзэгчид босон хүндэтгэл үзүүлж, алга ташин даган дуулсан юм. Дэндүү сайхан үдэш, танхимд үзэгчдийн сэтгэл буцалсаар тайзны гэрэл унтран тоглолт дууссан ч тэд гаралгүй харанхуй танхимд алгаа хорстол ташсаар “Хурд”-ыг эргэн тайзнаа гарган ирсэн. Тэд “Хамаг Монгол” дуугаараа үзэгчдэдээ зориулан дуулж, тоглолтоо өндөрлүүлсэн. Сайхан байсан шүү. “Хурд”-ын Отгонбаярын “Чи минь байгаа болохоор” тоглолтын дуунууд одоо ч чихнээ дуурссаар.
“Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Б.Отгонбаярын тоглолтын гэрэл зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү