АНУ-ын сонгууль, Иракийн хүсэл

Хуучирсан мэдээ: 2012.10.15-нд нийтлэгдсэн

АНУ-ын сонгууль, Иракийн хүсэл

Одоогоос найман жилийн тэртээ их дарангуйлагч Саддам Хуссейнээс салгахаар АНУ-ын цэргүүд Ирак руу дайрсан. Үр дүнд нь Саддам Хуссейнийг дүүжилж, цэргийн ажиллагаа албан ёсоор өнгөрсөн жил өндөрлөсөн. Гэхдээ тэдний хүссэнчлэн Иракт энхтайван цогцолсонгүй. Олонхи иракчууд байнгын аюул дунд амьдарч, хэзээ үхэхээ мэдэхгүй өглөөг угтсан хэвээр…

Аюулын цөмд…

2006-2007 оны хооронд хүчирхийлэл, гэмт хэрэг, халдлага, буудалцаан хүчээ авсан гэхэд болно. Тухайн үедээ өдөрт 10 гаруй хүн нөгөө ертөнцөд очдог тийм жил ноёлж байлаа. Гэхдээ одоо ч энэ аюул иракчуудаас холдсонгүй. Олон улсын аюулгүй байдлын судалгаагаар Ирак улсад өдөр тутамд долоон хүн ямар нэгэн байдлаар нас бардаг гэсэн сэтгэл эмзэглэм судалгаа гарчээ.

“Би өглөөний 6.30-д орноосоо бослоо. Гэхдээ өмнөх өдөр нь Батавийнд болсон халдлага миний толгойноос гарсангүй. Зүгээр л хөлбөмбөг үзэхээр очсон тэр олон хүмүүс иракчуудад ямар буруу зүйл хийснийг би бодоод олсонгүй” гэж Иракийн сэтгүүлч Лает тэмдэглэлдээ дурьдсан байна.

Бас нэгэн баримт дурьдвал, өдөр бүр хөдөлмөрийн насны 40 хүн тутмын нэг нь АНУ руу цагаачлах эрх албан ёсоор авдаг гэсэн судалгаа байна. Дунджаар долоо хоногт 10 ам.долларын цалинтай энэ улсад ямар ч хүн тэсэхгүй. Гэхдээ энэ тоо бол хамгийн дээд хязгаар нь. Одоогийн байдлаар ажлын насны нийт иргэдийн 40 гаруй хувь нь ажилгүй байна.

Чин хүсэл

Тэдний чин хүсэл бол аюулгүй орчинд ажиллаж, хүссэнээрээ амьдрах. Ингэхийн тулд мэдээж тогтвортой ажлын байр, амьдралд нь хүрэхүйц цалин, хангамж шаардлагатай. “Өнөөдөр хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдэд хоёрхон л сонголт байгаа, цэрэгт элсэх үү, өлсч үхэх үү гэсэн. Жирийн иргэн ажил хийгээд амьдраад явах ямар ч бололцоо алга” гэж Фатах нэртэй 25 настай залуу ярьж байна.

АНУ цэргийн ажиллагаа явуулснаас хойш тэдний амьдрал бүхэлдээ АНУ-аас хараат болжээ. АНУ-д үүсээд байгаа өрийн хямрал, эдийн засгийн хямрал Иракт ч мөн адил нөлөөлжээ. Энэ нь тэртээ тэргүй дотоодын дайн самуун, эмх замбараагүй байдалтай энэ улсад бас л хүнд цохилт болсон аж. Иракдаа л гайгүй ажилд тооцогдох бичиг хэргийн ажилтны тоо цөөрсөн бөгөөд Засгийн газраас нь албан тушаалын тоог цөөлсөн шийдвэр гаргаад байгаа юм. Иракад хамгийн аюултай бөгөөд цалин өндөртэй ажил, мэргэжлийн тоонд цагадаагийн ажил ордог. Тэд дунджаар долоо хоногт 20 гаруй долларын цалин авдаг ажээ. Гэхдээ жилдээ 20-40 цагдаа амь үрэгддэг гээд бодохоор ямар аюултай мэргэжил болох нь тодорхой харагдана. Бусад улстай адилхан томоохон худалдааны төв энэ улсад байх ямар ч боломжгүй. Байсан ч цэргийнхний хараанд цаг ямагт өртөнө гэсэн үг. Учир нь хэт даврагсад хүний хөл хөдөлгөөн ихтэй газрыг сонгон дэлбэрэлт үйлддэг аж.

“Ланд Круйзер болон Хаммер зэрэг сүүлийн үеий хэдхэн машин удирдах албан тушаалтнуудад байна. Хувь хүмүүст сүүлийн үеийн машин байдаггүй. Аль хэдийнэ үйлдвэрлэгдэхээ больсон дээр үеийн загварын машинууд хотын дундаж иргэдэд байдаг. Гэхдээ эдгээр машинууд дайн самууны хөлд дарагдсан гэдгээ харуулж энд, тэндээ сумны нүхтэй байх нь элбэг” гэж CNN агентлагийн Ирак дахь зурагчин Себастиан Мейр блогдоо бичжээ.

Манайхаар Нарантуултай адилхан газар байдаг нь Иракийн нийслэл Багдад байдаг Карада гудамж. Энд та загвар муутай ч Европт үйлдвэрлэсэн хувцас, гар аргаар хийсэн мөхөөлдөс, гар урлалын зүйл зэргийг харж болох аж. Сүүлийн 30 жилийн хугацаанд Ирак улсын гадаад худалдааны тэнцэл 8,4 тэрбум доллараар хэмжигддэг юм байна.

АНУ-ын сонгууль, Иракийн хүсэл

Иракийн жирийн ард иргэд хаа холын АНУ-д болох ерөнхийлөгчийн сонгуулийг чих тавин хүлээж байна. Учир нь ардчилсан болон бүгд найрамдах намаас ялсан нэр дэвшигчид Ирак руу ямар бодлогоо чиглүүлэх вэ гэдгээс жирийн иргэд хийгээд Иракийн хувь заяа хамаарна. Иракчууд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай мэдээллийг Аль Арабиа болон Аль Жазира сувгаас авч байна. “Хэрвээ бүгд найрамдахчууд ялбал бидэнд л хэцүү байх болов уу. Ромни бидэнд яг л чөтгөр харагдаж байгаа. Тэр чинь Арабын ертөнцийн улс гүрнүүдэд хатуу бодлогоор хандана гэдгээ удаа дараа харуулсан шүү дээ. Харин Обама бол энхтайвныг эрхэмлэгч хүн. Хэрвээ дайны ажиллагааг албан ёсоор дуусгаагүй бол эмх замбараагүй байдал газар авах байлаа шүү дээ” гэж Мандианы орон нутгийн соёлын төвийн тэргүүн Тома Заки Захрүүн ярьжээ.

Гэтэл шийтийн урсгалын хүмүүс энэ асуудалд анхааралтай хандах тухай ярьж байна. Тэд ямар ч нэр дэвшигч гарсан АНУ-ын бодлого бараг л өөрчлөгдөхгүй гэж үзэж байгаа аж. “Бид яг одоо ардчилсан болон бүгд найрамдах гэсэн хоёр том хадны дунд байна. Бид нэр дэвшигчдэд итгэж болохгүй. Учир нь тэд юу гэж ч ярьсан 2003 оноос хойш АНУ-д Иракийн жирийн иргэд огт хамаатай байгаагүй. Энд эдийн засгийн ашиг сонирхол цухалзаж байгаа” гэж Шийтийн шашны гол гишүүдийн нэг Ших Завад аль Халиси ярьсан юм.

Авлига, хүнд суртал…

Иракийн төрийн дээд албан тушаалтнуудад авлига, хүнд суртал газар авчээ. Энэ нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд бүр ч хүчээ авсан байна. “Сүүлийн гурван жилийн судалгаагаар Иракийн төрийн дээд албан тушаалтнууд авлигатай холбогдсон хувь нь маш их өссөн. Үүнд гадны томоохон тэрбумтнууд ч холбогдож байгааг тогтоосон. Гэхдээ үүнийг улстөрийн үзэл суртлаас болоод ил гаргаж чаддаггүй байна” гэж орон нутгийн сэтгүүлч Лает ярьжээ.

Ямар ч байсан Хойд Америк тивийн гол улс, дэлхийн эдийн засгийн томоохон төлөөлөл болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахаас хамаараад Иракийн хувь заяа шийдэгдэх нь. Гэхдээ сайн уу, муу юу гэдгийг хэн ч мэдэхгүй.

Тоймч Б.БОЛОРСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж