Их Британи олон нийтийн сүлжээний хуультай болно

Хуучирсан мэдээ: 2012.10.15-нд нийтлэгдсэн

Их Британи олон нийтийн сүлжээний хуультай болно

Их Британи улсад сүүлийн хоёр жилийн хугацаанд олон нийтийн цахим сүлжээний сайтуудтай холбоотой гэмт хэргийн тоо нэмэгдсэн дүн гарчээ. Янз бүрийн үзэл сурталтай хүмүүсийн хор уршгаар амиа хорлох, садар самуунд уруу татах, фейсбүүк ашиглан хар тамхи худалдаалах гэмт хэргүүдийн тоо нэмэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт Мэтью Вүүдийг садар самуун уруу татсан, хүн барьцаалсан хэргээр шоронд хорьсон юм. Тэрээр өсвөр насны Април Жонес хэмээх охинтой Фейсбүүкээр холбоо тогтоон улмаар барьцаалан гэр бүлийнхнээс нь мөнгө нэхсэн байна. Мөн Их Британийн засаг захиргааны зүгээс хийж байгаа цэргийн ажиллагаанд эгдүүцсэн лалын тэрс үзэлтнүүд үймээн самуун уриалан дуудсан хэрэг ч энэ онд гарсан юм. Хатан хааны аюулгүйн албанаас мэдээлж буйгаар Твиттер, Фейсбүүк аль хэдийнэ гэмт хэргийн нэгэн талбар болжээ. 2010 онд Фейсбүүк, Твиттер, блог хуудас ашиглан өсвөр насны хүүхдүүд, их дээд сургуулийн оюутнуудыг гэмт хэрэгт уруу татсан 2347 хэрэг бүртгэгдсэн бол, 2011 онд 2490 удаа бүртгэгдсэн байна. Үүнээс харвал ийм төрлийн гэмт хэрэг долоо хоногт 50 удаа бүртгэгддэг гэж тооцож болох юм. “Би олон нийтийн цахим сүлжээний сайтуудыг хянах цаг нь болсон. Тэгэхгүй бол үзэл бодол нь төлөвшиж амжаагүй байгаа залуусыг буруу сэдэлд уриалах, хүн алах, амиа хорлох зэрэг үйлдэлд уруу татах үйлдэл хэрээс хэтэрлээ. Манайд бүртгэгдэж байгаа ихэнх хэрэг эдгээр сайтуудаас л гэмт хэргээ эхлүүлсэн байдаг. Гэтэл үүнийг зохицуулсан хууль байдаггүй. Хуулиар зохицуулна гэдэг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хааж бооно гэсэн үг биш” гэж Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсийн ахлах мэргэжилтэн Стармер ярьжээ.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж