АН Монголбанкны мэдээллийг сонсов

Хуучирсан мэдээ: 2012.10.15-нд нийтлэгдсэн

АН Монголбанкны мэдээллийг сонсов

УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний талаар 2013 онд баримтлах бодлогын төслийг хэлэлцсэн байна. Тус бүлгийн хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал оролцож, мэдээлэл танилцуулсан байна. Бүлгээр хэлэлцсэн асуудлаар тус бүлгийн ахдагч Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Монгол Улс уул уурхайгааас хэт хараат байгааг гишүүд хэлэлцжээ. Монголд ядуурал 30 хувьтай байсан нь буураагүй, сүүлийн жилүүдэд 1,2 их наяд төгрөгийг халамжид зарцуулсан ч тэр нь дунд давхрагыг дэмжих, ядуурлыг бууруулах ажил болж чадаагүй гэж үзжээ. Нийт иргэдийн 80 хувь, дундаж орлоготой иргэдийн 35 хувь нь инфляцид өртсөн судалгаа гарсан байна. Ингээд 2013 оны мөнгөний бодлогыг юунд чиглүүлэх вэ гэдгийг бүлгийн хурлаар хэлэлцжээ.

Нэгд, хүчтэй дундаж давхрага бий болгоход Төрийн мөнгөний  бодлогыг чиглүүлэх юм байна. Барьцаа хөрөнгийн үнэлгээг сайжруулах, хариуцлагын тогтолцоог өндөржүүлэх, арилжааны банкны мөнгөний эргэлтийг түргэсгэх зэрэг арга хэмжээ авахаар болжээ.

Орон сууцны нийлүүлэлт эрэлтийн өсөлтийг гүйцэхгүй байгаа нь орон сууцны үнийн хөөсийг нэмэгдүүлж байгаа. Иймд дунд давхрагын иргэдийг моргейжийн зээлд хамруулж бэлэн бус гүйлгээг дэмжих эрх зүйн орчинг сайжруулах нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзжээ.

Иргэний цахим үнэмлэхээр төлбөр, тооцоо хийдэг болох, ирэх жилийн эхний хагаст багтааж ийм тогтолцоонд шилжих зорилт тавихаар болсон байна. Нийт 13 банкны үйл ажиллагааг хүүхдийн мөнгө олгоход чиглүүлж цахим үйлчилгээ нэвтрүүлэх юм байна. Хүүхдийн мөнгөний картыг эцэг, эхийн нэрээр гаргахаар болжээ.

Хэдийгээр Монголд уул уурхайн салбар хөгжиж буй ч энэ салбарын ажиллагсдын хувь таван хувиас хэтрээгүй байна. Ойрын үед их сайндаа 10 хувь хүрэх төлөвтэй байгаа аж. Монголд ажлын байрны гол нь ХАА-н салбар ногддог. Ажиллах хүчний 34 хувь нь хөдөө аж ахуйд ногдож буй ч өмнөхөөсөө зургаан хувиар буурчээ. Иймээс иргэдийн тавхан хувийг ажлын байраар хангаж буй тэр салбар руу зүтгэх үү, мал аж ахуй, ХАА руу илүү хөрөнгө оруулах уу гэдэгт анхаарах цаг болсныг гишүүд ярилцсан байна.

Мал, мах, гурил, гурилан бүтээгдэхүүний үнэд анхаарч, инфляцийн өсөлтөөс хамгаалах нь чухал гэдгийг ч гишүүд ярилцжээ. Мэдээллийн дараа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-2011 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх үед 82 төрлийн алдаа дутагдал гарсан байна. Төсвийн хууль зөрчсөн хүмүүст яаж хариуцлага тооцох вэ?

-Алдаа дутагдал гаргаж хууль зөрчдөг, үр ашиггүй хөрөнгө оруулалт хийж төсөв мөнгө буруу зарцуулсан асуудал олон гарсан. Энэ талаар УИХ-аар хэлэлцэнэ. Улсын эрх ашигт ноцтой хохирол учруулахуйц, хувьдаа завшсан, улс төрд зарцуулсан тохиолдлуудад хариуцлага тооцно. Зарим аймгийн Засаг даргад АТГ шалгалт хийж хариуцлага тооцох хүмүүст тооцож байгаа гэж үзэж байгаа. Төсвийг буруу зарцуулсан тохиолдол бүрт арга хэмжээ авдаг тогтолцоонд шилжинэ.

-Ирэх жилийн төсвийн тусгай зориулалтын 50 тэрбум төгрөгийг юунд зарцуулах вэ?

-Түүнийг ямар арга хэмжээнд зарцуулах вэ гэдгийг Засгийн газар УИХ-д оруулах үүрэгтэй.

-Инфляцийн өсөлтийг яаж бууруулах вэ?

-Бодит эдийн засаг өссөн үед инфляц буурдаг. Өнөөдөр өмнөх Засгийн газрын төсөв, мөнгөний бодлого үргэлжилж байгаа тул инфляцийг огцом бууруулах үндэсгүй. Үнэ тэнцвэржүүлэх бодлого явуулна. Махны нөөц бэлтгэх ёстой. Махны мөнгийг урьдчилж өгөх бус зооринд бэлэн орсон маханд мөнгийг олгоно.

-Моргейжийн зээлийг яаж олгох вэ?

-Моргейжийн зээлийг ямар нөхцөлөөр оруулахыг Монголбанк оруулж ирнэ. Үүгээр дундаж давхрагын иргэдийг орон сууцжуулах боломжтой. Зургаан хувийн хүүтэй зээлтэй орон сууц гэсэн сургаар орон сууцны эрэлт ихэссэн. Эрэлт их нийлүүлэлт багаас орон сууцны үнэ өсдөг. Иргэд 800 тэрбум төгрөгийн зээл банкнаас авсан байна. Үүнийг банк яаж төлүүлэх вэ гэсэн асуудал бас байгаа.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж