Хуралдаанаар эдийн засаг, нийгмийг хөгжлүүлэх үндсэн чиглэлийн талаар эдийн засагч, судлаачдын үгийг сонсч, хэлэлцүүлэг өрнүүлж байна. 2013 оны төсвийг олон нийтэд ил тодоор батлуулах, нийгмийн бодол санааг тусгаж, бодит үр дүнд чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийх ёстой гэдгийг эрдэмтэд онцолж байна. Эдийн засагч Д.Дашзэвэг хэлэхдээ “Төсвийн тооцоо судалгаанууд ойлгомжгүйн дээр ирэх онд улс орны хөгжил ямар байх, ядуурал хэдэн хувиар буурах вэ, ард иргэдийн амьдрал ахуй яаж сайжрах вэ гэсэн наад захын үзүүлэлтүүд ч алга гэж шүүмжилж байлаа. Ер нь Ерөнхийлөгчийн дэргэдэх Санхүү, эдийн засгийн салбар зөвлөлийн ээлжит хуралдааны үеэр эдийн засагчид ирэх оны төсвийг эдийн засаг, нийгмийн хөгжил, мөнгөний бодлоготой уялдаагүй төсөв болсон. Гэхдээ дараа дараагийн хэлэлцүүлэгт үүнийг анхаарч, эрдэмтэн судлаачдын санаа бодлыг тусгаж ажиллах байх” гэлээ. Түүнчлэн ирэх оны төсвийг батлахдаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай уялдуулах учиртай ч гэдгийг эрдэмтэд онцолж байлаа.
“Иргэний танхим”-д өнөөдөр өглөө эхэлсэн тус хэлэлцүүлгийг түр завсарлуулж, 13.30 цагт үргэлжлүүлэхээр боллоо.