-Баярлалаа. Юуны өмнө танай сонины нийт уншигчдад эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. Хүүхэд багачуудын асуудал бол аль ч улсын тэргүүн зэргийн ач холбогдолтой, ямагт анхаарлын төвд байдаг зүйлийн нэг билээ. Тиймээс хүүхдийн төлөөх ариун үйлсэд гар бие оролцох болсондоо баяртай байгаагаас гадна ихээхэн хариуцлагатай, нэр хүндтэй алба учраас бүх хүч, оюун бодлоо дайчлан ажиллаж байна. Өмнө нь манай байгууллага “Хүүхдийн төлөө газар” хэмээх нэртэйгээр бүтэц, зохион байгуулалтын хувьд харьцангуй жижгэвтэр байсан бол Шинэчлэлийн Засгийн газраас хүүхдийн хөгжлийн асуудалд онцгой анхаарч цогц арга хэмжээнүүдийг авахаар төлөвлөсөн. Үүний дагуу “Хүүхдийн төлөө Үндэсний газар” болгон бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяанд шилжүүлсэн. Нэгэнт хүүхдийн талаархи үндэсний бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, хяналт тавьж байх үүрэг, зохион байгуулалттай ажиллах болсон тул бүтцийн хувьд нэлээд томорсон. Манай хамт олон хүүхдийн асуудлыг цогцоор нь буюу хүний хөгжил, нөлөөлөх олон хүчин зүйлийн хүрээнд ялангуяа гэр бүлийн хөгжил, гэр бүлийн эрхэм, адил эрхтэй гишүүн төдийгүй улсын үнэ цэнэтэй иргэний хөгжлийн асуудал учраас онцгойлон үзэх нь аргагүй юм.
-Таны ажлын ачаалал хэр их байдаг вэ. Үүрэгт ажлаа юунаас эхлэв?
-Би ажлаа аваад удаагүй ч гэсэн чамгүй их зүйл амжуулж, нэлээд ачаалалтай ажиллаж байна. Тодруулбал өглөө 08.00 цагаас өмнө эхэлж, өдөрт дунджаар 12, заримдаа түүнээс дээш цагаар, бүр шөнө дунд харьж байна. Хариуцах ажлын хүрээ, салбар олонтой ч гэлээ бүх зүйлд, нэгжүүдтэйгээ биечлэн танилцаж байгаа. Гэхдээ урьдчилан хэнд ч хэлж, дуулгахгүйгээр очиж , бодит байдлыг газар дээр нь элдэв өнгө будаггүйгээр танилцаж байна. Энэ нь цаашдын ажилд ихээхэн дөхөмтэй бөгөөд хүүхдийн төлөө чин сэтгэлээсээ ажиллах хүний нөөцөө бүрдүүлэн нягтруулахад чухал хэмээн үзсэн. Мөн хүүхдийн төлөө хамтран ажилладаг олон улсын байгууллагууд тэр дундаа НҮБ-ын Хүүхдийн сангийнхантай уулзаж, цаашид хэрхэн хамтран ажиллах боломжуудыг ярилцсан. Ер нь хүүхдийн төлөө ажиллах бүх байгууллага, хүмүүстэй нягт хамтран ажиллах болно.
-Монгол Улсын Засгийн газар хүүхдэд чиглэсэн дорвитой ажлуудыг төлөвлөж, хийж эхлээд байна. Энд Хүүхдийн төлөө Үндэсний газрын хүчин зүтгэл байгаа нь ойлгомжтой. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн хувьд хүүхдийн төлөө олон зүйлийг хийхээр төлөвлөсөн байх гол бодлого, чиглэлийг юунд хандуулах вэ?
-Манай Засгийн газраас хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгох шийдвэр гаргасан нь цаг үеэ олсон чухал алхам боллоо. Зөвхөн бид ч биш нийт ард түмэн баярлаж, талархаж байгаа. Энэ нь халамжийн бодлогыг хавтгайруулахгүй, зөв голдиролд нь оруулах анхны алхам боллоо. Монгол Улсын гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудаасаа бид харамлах эрхгүй, харин ч боломж олддог бол нэмээд өгөх гарцуудыг сүвэгчлэх болно. Хүүхдийн хөгжлийг дэмжих нь хамгийн эрүүл бодлого хэмээн дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг. Цаашид бид хүүхдийн асуудлыг ярихдаа гэр бүлийг хамтад нь хөгжүүлэх бодлогыг хатуу баримталж, гэр бүл, хүүхэд гэдгийг салгалгүйгээр цогцоор нь авч үзэх болно. Ингэж чадвал, хүүхдийн төлөөх үйлс маань илүү үр дүнтэй хурдан биелэгдэх биз ээ. Мөн эхчүүд хүүхдээ 2-3 нас хүртэл нь өсгөдөг байх боломжийг бүрдүүлэх зэрэг олон ажлыг төлөвлөн эхний үе шат судалгаануудыг хийгээд явж байна. Аливаа ажил нарийн судалгааны үндэслэлтэй байж чадвал хэрэгжүүлэх механизмыг тодорхойлоход ихээхэн дөхөмтэй болдог. Хүүхдэд эцэг, эхийн хайр дутна уу гэхээс илүүдэхгүй. Хүүхэд эцэг, эхтэйгээ хамт байхдаа л хамгийн жаргалтай, бас зөв төлөвшдөг. Тиймээс бидний бодлого зөвхөн хүүхдээр хязгаарлагдахгүй олон зүйлийг хамрах болно.
-Та Хүүхдийн төлөө Үндэсний газрын харьяа байгууллагуудаар явж, ажил байдалтай нь танилцсан гэлээ. Таны нүдэнд хамгийн түрүүнд юу тусав?
-Мэдээж, хүүхдийн төлөөх үйлс бүхэн ариун нандин учраас хүүхдийн төлөө сэтгэлтэй, түүнийхээ төлөө ажиллаж яваа хүмүүсээр бахархаж, их баярласан. Хүүхдийн хөгжил хамгааллын төвөөр ороод үнэхээр сэтгэл хөдөлсөн. Урлагаар дамжуулан хүүхдүүдэд төлөвшил олгодог газар шүү дээ. Шинэхэн байгуулагдсан хэрнээ маш сайхан тохижсон байсан. Бас хүүхэд бүр нь морин хуур, төгөлдөр хуур, ятга тоглож сурч байгааг харахад сайхан санагдсан. Гэвч бас хийх ажил их байгаа нь харагдсан.
-Өнөөдөр хүүхдийн өмнө тулгамдаад буй хамгийн эмзэг асуудал юу байна вэ. Тодруулбал, юу юугүй ханцуйгаа шамлан орох зүйл гэсэн үг л дээ?
-Төрөх эмнэлэг дутагдалтай, сургууль, цэцэрлэг хүрэлцдэггүй гээд хүүхдүүд алхам тутамдаа л бэрхшээлтэй тулгарч байна. Бас ажилгүйдэл их байгаагаас болоод хүүхдүүд эзэнгүй, хараа хяналт султай өсч байна. Мөн агаарын бохирдол, эрүүл бус хүнс, эмчийн хүрэлцээ хангалтгүйгээс болоод хүүхдүүд эхийн хэвлийд байхаас эхлээд л элдэв бэрхшээлтэй тулгарч, төрсөн хойноо ч ялгаагүй элдэв өвчлөлд өртдөг гээд яривал их зүйл бий. Үүний цаана бидэнд хийх ажил хэр байгааг хэлээд байна гэсэн үг. Тиймээс бидэнд санаачлан хийх ажил хангалттай их бий.
-Хүүхдийн төлөө Үндэсний газраас хүүхдэд зориулагдсан барилгуудыг судалж, цаашид хэрхэн ашиглах, эсвэл шинээр барих тухай яригдаж байна гэж сонссон. Энэ талаар тодруулахгүй юу?
-Хүүхдүүд өнөөдөр үнэхээр чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөчих газар байтугай гэрийнхээ ойр тоглох, наадах ч алга дарам газаргүй болтолоо орхигдсон байна. Үндсэндээ хүүхэлдэйн театраас өөр бараг л хүүхдэд зориулсан гээд нэрлэчих газар алга. Өмнө нь байсан хүүхдэд зориулсан театр, цирк, кинотеатрын барилгууд нь өнөөдөр банк, худалдааны төв болж хувирсан шүү дээ. Тиймээс бид хүүхдэд зориулсан барилгуудыг сэргээн буцааж “эздэд” нь өгөх боломж юу байна, шинээр нэн тэргүүнд юу барьж болох талаар тун удахгүй асуудлыг хөндөж гаргана. Энд хамгийн хүндрэлтэй нь газрын асуудал. Яагаад гэвэл нийслэл Улаанбаатар хотын маань хот төлөвлөлтийн бодлого үндсэндээ алдагдаад олон жилийн нүүр үзсэн. Гэхдээ хүүхдүүдийнхээ төлөө хийх ажлыг Хотын захиргаа болон Соёлын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам гээд холбогдох бүх газар, хувь хүмүүс дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаа.
-Бид энэ удаа паркийг бас ярихгүй өнгөрч болохгүй нь ээ. Үндэсний соёл амралтын хүрээлэн бага насны хүүхдэд зориулсан цөөхөн тоглоомтой. Дээрээс нь өдрөөс өдөрт л газар нь хумигдаж байна. Магадгүй эцэг эхчүүд Хүүхдийн төлөө Үндэсний газрын энэ чиглэлд анхаарлаа хандуулаасай гэж хүсч байгаа байх?
-Хүүхдийн паркийн газрын асуудал өмнө нь ч яригдаж байсан. Одоо ч хүмүүсийн дунд шүүмжлэл дагуулдаг асуудлын нэг. Олон хүн надад энэ асуудлыг хүүхдүүдэд ашигтайгаар шийдүүлэн “Дисней лэнд” шиг болгож өгөх саналыг тавьж байна. Хүүхдийн паркийг хуучин талбайгаар нь авч, хүүхдүүдээ тоглуулах, алхуулах, зугаацуулах хүүхдийн ертөнцөд нь байлгаж чадах ганц “эрүүл” газартай болгож өгөхийг тэд хүсч, шаардаж байгаа. Хүүхдийн паркийн газраас ихээхэн тоногдож, хүүхдийн цөөхөн тоглоом байрлуулсан нь бид хүүхэддээ хэр их анхаарч ирсний баталгаа гэхэд хилсдэхгүй. Байрныхаа өмнө тоглоомын талбайгүй болсон хүүхдүүдийн сэтгэлийг баясгадаг ганц зүйл бол яахын аргагүй хүүхдийн парк. Паркийн газраас авсан хүмүүс хүүхдүүдийн төлөө авсан газраа буцаан өгч сайн үйлсэд нэгдэж, хүүхдүүддээ буян үйлдэх болов уу хэмээн найдаж байгаа. Нөгөө талаар Хотын захиргаа нийслэлдээ буй цорын ганц гэж хэлж болох хүүхдийн паркийн газрын асуудлыг зөв шийднэ гэдэгт итгэж байна. Бид хүүхдүүдийнхээ төлөө эцэг эхчүүдийг идэвхитэй, санаачилгатай хандаж, манай газартай холбоотой ажиллаасай хэмээн урьж байна.
-Бас телевизүүд хүүхдийн нэвтрүүлэгтээ анхаарал хандуулах цаг болсон юм шиг санагддаг. Хүчирхийлэлд хэт нэрвэгдсэн кино их гаргадаг, мөн хүүхдийн нэвтрүүлгийн цаг хэтэрхий бага гээд л хүмүүс гомдоллодог?
-Бид телевизүүд, хэвлэл, радиогийнхантай уулзаж, санал бодлоо хуваалцахаар төлөвлөсөн. Энэ үеэр тэдэнд хүүхдүүдэд анхаарлаа хандуулж, шинжлэх ухаанчаар хандахыг албан ёсоор санал, хүсэлтээ тавина. Хүүхдүүд өдөр бүр л солонгосын олон ангит эсвэл гэмт хэрэг, элдэв зүйлээр дүүрсэн киног олон цагаар үзэж байна. Түүнийг хянадаг мэргэжлийн газар ч алга. Иймд хүүхдийн нэвтрүүлгийн агуулгыг нэмж, цаг, давтамжийг олшруулан танин мэдэхүйн нэвтрүүлгүүдийг нэмэгдүүлэн сонирхолтой хүргэхэд хамтран ажиллахаар төлөвлөж байна. Энэ мэтээр хүүхдийн асуудал бүрт хүрч ажиллах болно.
-Их ажлын үеэр цаг зав гаргаж, бидний хүсэлтийг хүлээн авч ярилцсан танд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
-Баярлалаа. Эрхэм та бүхнийг хүүхдийн төлөө бидэнтэй ямагт хамт байна гэдэгт итгэлтэй байна. Нэрт яруу найрагчийн маань хэлсэнчлэн “Монголын үрс маш олон болох болтугай”. Та бүхэнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.