Хүн бүхний сэтгэлийн угт мөрөөдөл, түүндээ хүрэх хүсэл эрмэлзэл, тэмцэх чадал бий. Америкийн Нэгдсэн Улсад он удаан жил ноёрхсон арьс өнгөөр ялгаварлан үзэх төрийн бодлогод өөрчлөлт оруулж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн улс болох замд оруулж чадсанаараа Мартин Лютер Кинг өөрөө мөрөөдөлдөө хүрсэн "амьд домог"-уудын нэг яах аргагүй мөн. Түүний хөдөлмөр, зүтгэл, сэтгэлийг үнэлж Нобелийн энх тайвны шагналыг 1964 онд олгосон, энэ шагналыг авсан хамгийн залуу хүнээр тодорсон билээ.
Надад мөрөөдөл бий. Мөрөөдөлдөө хүрч чадна гэдэгтээ итгэдэг. Бас хүн бүр, хүүхэд залуусын маань сэтгэлийн угт "мөрөөдөл бий", түүндээ хүрэх чадал бий гэдэгт итгэдэг. Тэдний минь сэтгэл зүрхэнд "мөрөөдөл байгаасай" гэж хүсдэг. Мөрөөдлөө шууд үгээр дэлгэрэнгүй илэрхийлээд байдаг нь цөөхөн ч мөрөөдөлтэй, зорилго, тэмүүлэл, эрч хүчийг "нэвт ханхлуулсан" хүүхэд залуус олон байгаа нь сайшаалтай. Тэднээр бахархахын сацуу хоцорчихгүй хөл нийлүүлэн алхах, хамтдаа ихийг бүтээх, тэднээс түрүүлэх эрмэлзэл байдгаа нуух юун.
Гэвч "сайны хажуугаар…" гэгчээр сүүлийн үед сонсогдох болсон "дуу хоолой"-нуудыг сонсоод байхад нэг л биш ээ. Мөрөөдөл, зорилго, зорилт алийг бүү мэд зөвхөн л "хилийн чанадад гарах", "том хаус", "хаймар жийп", "царайлаг охин", "мөнгөлөг, өнгөлөг залуу", "шоу", "санхүүгийн дэмжлэг" гэх мэт хэллэгүүд их дуулдах юм. Арай тэдгээр нь "мөрөөдөл" нь болчихсон "тууж" яваа юм биш биз дээ гэж сэтгэл эмзэглэмээр, харуусмаар. Хэрвээ энэ машин чиний "мөрөөдөл" юм бол түүнийхээ төлөө юу хийх вэ? Арай ямар нэг ивээн тэтгэгч, санхүүгийн дэмжлэг, элдэв буруу аргыг ашиглахаас яаж зайлсхийх вэ? Энэ зүйлээ өөрийн болгож авчихаар мөрөөдөл чинь биелчихнэ. Ингээд мөрөөдөл чинь зогсчих хэрэг үү? Дараа юу хийх вэ? Өөр илүү том ямар нэгэн эд зүйлст шунаж "шунал нь ихдсэн шулам" болох нь уу? ч гэж асуумаар санагддаг(гэхдээ асууж байсангүй). Мөрөөдлөө олж харах уудам талыг эдгээр "жижиг зүйлс"-ээр нүдээ тагласанаас болоод харж чадахгүй болчих вий дээ.
Томоохон тэмүүлсэн тэмүүлэл, зорилготой, түүнийхээ төлөө зүтгэдэг, шинэ содон зүйлсэд дурладаг, санамсаргүйгээр "Миний мөрөөдөл бол гурван давхар байшин" гээд үг унагачихсан, жинхэнэ мөрөөдөл нь зорилгодоо хүрсэний дараа тийм байшинд үр ачаа тойруулан амар сайхан жаргах суух, өөрийн нууцхан авьяасаа хөгжүүлэхэд ихэнх цагийг зарцуулахаар төлөвлөсан байж болох. Гэхдээ "МӨРӨӨДӨЛ" гэдэг энэхүү эрхэм үгийг хаа хамаагүй цаг зуурын зугаа цэнгэл, гал усны аюулд хэврэгхэн эд зүйлсээр дамжуулж илэрхийлээд байх нь зохимжгүй санагдаж байна миний хувьд. Энэ бичлэгийг минь уншиж байгаа эрхэм анд та ч гэсэн өөрийхөө мөрөөлийн талаар илэрхийлж гаргаж байсан үг хэллэг, өөрийн мөрөөдөл хоёрыг харьцуулаад нэг эргэцүүлж бодоод үзээрэй. Магадгүй өөрийхөө талаар бусдад буруу ойлголт төрүүлээд явсан юм биш биз?
Магадгүй мөрөөдөл нь тэргүүн баян болох байгаад, түүндээ хүрэхийн тулд элдэв буруу арга хэрэглэж "хүн чанар"-аа гээсэн, нэгэнт мөнгөтэй болсон болохоор мөрөөдөл нь зогсон дураараа цэнгэж, түүндээ үл ханан бусдын амьдралаар тоглох "хөрөнгөтөн" "томчууд"-ыг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ. Тэдний замналаар орохыг хүсэхгүй байгаа бол одооноос өөрийгөө "гээлгүй" явах, мөрөөдлөө "томсгож", нүдээ нээн алсыг харж эхэлцгээе.
гэсэн энхүү алдарт үгээр төгсгөе.