Шинэчилсэн төмөр зам ашиглалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2012.10.15-нд нийтлэгдсэн

Шинэчилсэн төмөр зам ашиглалтад орлоо

Чойрын өртөөний шинэчилсэн зам
ашиглалтад орлоо. Өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн Олон-Овоо өртөөнөөс
Чойр хүртлэх зассан төмөр замыг Улаанбаатар төмөр замын удирдлагууд
хүлээн авав.

Тус өртөөний 70 км замыг Улаанбаатар төмөр зам, Зам
засварын машинт станцын замчид шинэчилжээ. Төмөр замын дэр модыг төмөр
бетоноор шинэчилсэн байна. Ингэснээр галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй
байдал сайжирч, хурд нэмэгдэх давуу талтайг Их засварын цувааны дарга
Г.Алдарбат онцоллоо.

Манай улсын гол төмөр замууд модон дэртэй
аж. Дэр модыг төмөр бетоноор сольсноор байгаль экологид эерэг
үзүүлэлтийг авчирч байгаа юм. Энэ талаар Улаанбаатар төмөр замын дарга
Г.Сэрээнэндоржоос тодрууллаа.

-Төмөр бетоноор шинэчилсэн замын
давуу тал юу вэ?

-Муу замаас болж зүтгүүр эвдрэх, төмөр
замаар үйлчлүүлэгчид хугацаа алдах зэрэг сөрөг тал олон. Шинэчилсэн энэ
зам манайд үр дүнгээ өгнө. 1115 км үргэлжлэх гол замын 600 км-т дэр мод
ашиглаж байна. Нэг км-т 1840 орчим мод ордог. Ингэж тооцохоор төмөр замд
ашиглахаар багагүй мод тайрдаг гэсэн үг. Дэр модыг төмөр бетоноор
сольсноор Монгол орныг ойжуулах ажилд их хувь нэмэр оруулна.

-Манайд
жилд хэчнээн км замын дэр модыг шинэчлэх боломж байна вэ?

-Жилд
100 км-ээс доошгүй замын дэр модыг шинэчлэх шаардлагатай байгаа юм.
Манай төмөр замчид анх удаа бие дааж орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан
төмөр бетон дэрийг суурилууллаа. Энэ бидний ирэх жилийн их бүтээн
байгуулалтын туршлага болно. Ирэх жил 100 км зам шинэчлэхээр төлөвлөж
байна.

-Галт тэрэгний хурдыг нэмэх, зүтгүүрт эвдрэл гэмтэлгүй
ийм замыг бүх чиглэлд хэзээ тавьж дуусах бол?

-Жилд 100 км
замд их засвар хийснээр зургаан жилийн дотор гол замаа төмөр бетонон
дэртэй болгоно гэж үзэж байгаа.

Э.СОЛОНГО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж