Элэгний хорт хавдартай хэмээн оношлогдож, урт хугацааны турш эмчилгээ хийлгэж байсан Эрик Абидал эмчилгээгээ бүрэн дуусгаж багийнхантайгаа бэлтгэлд дахин гарчээ. Өдгөө 33 настай тоглогч багтаа ялалт авчрах хэмжээний тоглолт үзүүлэх чин хүсэлтэй байгаа аж. “Би бөмбөгтэйгөө хамт дахин талбайд гарахыг маш удаан хүлээсэн. Тиймээс бэлтгэлд гарна гэхээр сэтгэл маш их хөдөлсөн. Би маш их ядарч байна. Гэхдээ ямар их аз жаргалтай байна гээч. Би буцаад өөрийн формд орно гэдэгтэй итгэлтэй байгаа” гэж Эрик Абидал ярьжээ. 2011 оны тавдугаар сард Абидалыг элэгний хорт хавдартай хэмээн оношлогдож эмчилгээнд нэн даруй хамрагдах шаардлагатай гэсэн эмчийн дүгнэлт гарсан билээ. Уг мэдээллийн дараа дэлхийн хөлбөмбөг бүхэлдээ түүний төлөө санаа тавьж Францын лигийн ихэнх тоглогчид гоол оруулсныхаа дараа түүнд сайн сайхныг хүссэн бичгийг камерт харуулдаг байсан юм. Абидалыг Каталончууд маш их хүндэлдэг бөгөөд олонхи фанатууд нь түүнд хайртай байдаг билээ. Эриз Абидал Францын дээд лигт гурван удаа түрүүлсэн бөгөөд 2007 онд Каталоны алдарт Барселона багт ирсэн юм. Тэрээр 2009-2011 оныг хүртэл дараалан Ла Лигийн аваргын титмийг хүртэж байсан бөгөөд хөлбөмбөгчний хувиар авч болох бүхэл шагналыг энэ багт авсан билээ. Тэрээр энэ сарын сүүлээр гараанд гарч магадгүй байна.
Б.БОЛОРСҮХ