Турк Сирийн нислэгүүдийг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2012.10.15-нд нийтлэгдсэн

Турк Сирийн нислэгүүдийг хоригложээ

Туркийн Гадаад хэргийн сайд өчигдөр Сирийн бүх онгоцны нислэгийг тус улсын агаарын замд нэвтрэхийг хориглосон тухай мэдэгджээ. Энэ нь Сирийн онгоц Туркийн нутаг дэвсгэр дээгүүр өнгөрөх үедээ Оросын цэргийн техник тээвэрлэж явсан хэрэгтэй холбоотой гэнэ. Туркийн албаныхан энэ асуудлаар өнгөрсөн бямба гаригт Сирийн талтай холбогдсоны эцэст өчигдөр ийнхүү тус улсын онгоцны бүх нислэгийг цуцалсан байна. Туркийн нисэхийн албанаас өнгөрөгч 10-ны өдөр  “Syrian Airlines” нисэхийн компанийн зорчигч тээврийн A320 онгоцыг тус улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрөх үеэр хоёр сөнөөгч онгоц угтуулан хөөргөж, Анкара хотод албадан буулган шалгатал 12 хайрцаг бүхий цэргийн тоног төхөөрөмж гарсан аж. Үүнтэй холбоотойгоор Туркийн талаас Сирид зэр зэвсэг, цэргийн техник, тоног төхөөрөмж нийлүүлэхгүй байхыг уриалсан байна. Сири, Туркийн хилийн зурвасын ойролцоо сүүлийн үед гарсан халдлагуудын улмаас хоёр орны байдал хурцдаад байгаа юм. Хэдийгээр Турк улс  Сирид дайн зарлахгүй гэж мэдэгдэж байгаа ч сүүлийн хэдэн сард үүсээд буй үл ойлголцол зөрчлөөс үүдээд нөхцөл байдал эсрэгээрээ ч эргэх магадлалтай байгаа аж. Туркийн талаас Сирид өдөр болгон гарч буй халдлага дайралтын улмаас олон зуун энгийн иргэд амь үрэгдэж байгааг эсэргүүцэн, үүнд  Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг буруутгаж буй юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж