Өнгөрсөн хугацаанд СӨХ-ны үйл ажиллагаатай олон санал гомдол чихнээс хонх жингэнүүлсээр билээ. Оршин суугчдаас сар бүр шахуу мөнгө татдаг хэрнээ хийж байгаа ажилгүй, томоохон ажил хийхэд айл бүрээс 100-200 гаруй мянган төгрөг татдаг гэсэн олон дутагдалтай. Харин үүнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгаж, үйл ажиллагаанд нь хяналт тавих ажээ. “Гэхдээ бид зөвхөн ямар ажил хийж байна. Татсан мөнгийг юунд зарцуулж байна гэдгийг л шалгана. Түүнээс биш дотоод үйл ажиллагаанд нь оролцох эрх угаасаа байхгүй. Ямар ч байсан байгаа хүч бололцоогоо ашиглан байццагч нараараа шалгуулахаар болсон” гэж ШӨХТГ-ын дарга О.Магнай ярьж байв.
Өнгөрсөн долоо хоногт л гэхэд ашиглалтад ороод удаж байгаа нийтийн орон сууцны барилгуудын залгаасыг битүүлэх ажилд айл бүрээс 110 мянган төгрөг татжээ. Энэ бол зөвхөн Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны 18 дугаар байрны СӨХ-ийн хийсэн үйлдэл. ШӨХТГ-аас СӨХ-ны дээд зөвлөлтэй уулзсан бөгөөд өнгөрсөн хугацаанд хийсэн бүх үйл ажиллагааных нь тухай тайланг сонсчээ.
Эрхэм уншигч та хуучин лифтэнд суухаас айдаг уу. Тэгвэл танд дуулгах сайхан мэдээ байна. Нийтийн орон сууцанд байгаа лифтнүүд хэзээ үйлдвэрсэн, хэзээ хугацаа нь дуусах, хэдэн хүн даах чадвартай зэргийг заасан пайзыг хадахаар болжээ. Пайз хадах бэлтгэл ажлыг хийгээд эхэлсэн байна. Ирэх оноос хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. “Намайг энэ албан тушаалд ирснээс хойш маш олон санал, гомдол ирсэн. Үүний ихэнх нь лифттэй холбоотой гомдол санал. Тиймээс бид лифтнүүдийг пайзтай болгох гэж байгаа. Үүнийг нийслэлийн Засаг даргын тамгийн газраас ч дэмжиж байгаа. Ажил хэрэг болгох бүрэн боломжтой” гэж О.Магнай ярьсан юм.
Монгол Улсын хэмжээнд 1950 лифт байдгаас 700 лифтний ашиглалтын хугацаа дууссан байна. 2006-2010 оны хооронд ашиглалтын хугацаа дууссан 140 лифтийг 4,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар засч шинэчилжээ. Харин 2011онд 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар үлдсэн лифтнүүдийг засч шинэчлэх ажлыг хийхээр болсон юм.
МУИС, МУБИС, ХААИС, ЭМШУИС, ХҮИС, ШУТИС, СУИС зэрэг улсын зургаан сургуульд торгууль ногдуулсан билээ. Тэд үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн гэсэн хуулийн зүйл заалтын дагуу өнгөрсөн жилийн орлогоосоо хамаарч 4-33 сая төгрөгийн торгууль хүлээхээр болсон билээ. Олон нийт энэхүү торгуулийг өмнөхийн л адил авалгүй алдана гэж үзэж байсан ч ямарч байсан тавьсан торгуулиа татаж улсын төсөвт төвлөрүүлнэ гэдгийг албаны хүмүүс баталж байна. “Их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзсан. Ямар ч байсан тавьсан торгуулийг төлнө гэдгээ хэлсэн. Бид ч торгуулиа авна гэдэг дээрээ тууштай зогсоно. Хүмүүс буруугаар ойлгоод байх шиг байна. Манай байгууллагаас төлбөр нэмсэнд нь биш, нэмсэн арга нь үгсэн тохиролцсон шинжтэй байсан учраас энэ үйлдэлд нь сануулга болгож торгууль тавьсан. Их сургуулиуд үнээ нэмэх нь чөлөөтэй. Гэхдээ үгсэн тохиролцох хэлбэр нь л буруу юм” гэж О.Магнай ярив.
Гэхдээ торгууль ногдууллаа гээд оюутнуудын төлбөрт тэр бүр өөрчлөлт орохгүй гэдгийг сануулж байна. Цаашдаа их, дээд сургуулиуд үнээ нэмэхээр бол заавал харилцан зөвшилцдөг байх шаардлагатай гэдгийг ч анхааруулж байна.