“Хөгжлийн банкийг Засгийн газраас хараат бус байлгахын тулд Норвегийн сан маягийн байгууллагад хөрөнгийг төвлөрүүлье” гэсэн санал гаргасан хүн тухайн үеийн Ерөнхий сайдад “хяргуулах” шахаж байсныг сайн санаж байна. Гэвч байдал өөрөөр эргэж эдүгээ Засгийн газраас хараат бус байх нь байтугай Эдийн засаг, хөгжлийн яам нь бүрэн эрхийг өөртөө авчихаад байгаа. Энэ бондын үр дүнг хүртэх хүмүүс нь Монголын ард түмэн боловч хариуцлага хүлээх эзнийг нь маш тодорхой болгох хэрэгтэй байна. Засгийн газрын бонд гаргаж урт хугацаатай, бага хүүтэй их хэмжээний “эх үүсвэр” олж байгаа нь сайн хэрэг. Харин төсвийн алдагдал одоо мөрөөдөж буй хоёр хувиас нь хэтрээд асуудал үүсгэвэл хариуцлагыг Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр, хяналт тавих үүрэг хүлээсэн УИХ, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Ким Жанг Жин нарын хэн нь хүлээх вэ. Ким Жанг Жингийн хувьд оны эхэнд өгсөн ярилцлагадаа “Хөгжлийн банк нь Монголын санхүүгийн системийн бүтцэд том өөрчлөлт оруулсан. Удахгүй активынхаа хэмжээгээр нөлөө бүхий хувийг эзэлдэг болно. Хөгжлийн банкны 2012 оны бизнес төлөвлөгөөний дагуу энэ онд гаргах нийт зээлийн хэмжээг 1.6 их наяд төгрөгт хүргэх боломжтой. Ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийвэл Монголын банкны системийн 19 хувьтай тэнцэх юм” хэмээн мэдэгдэж байсан.
Хэдийгээр Монголын хөрөнгийн зах зээлд эх үүсвэр хийгээд төрөлжилт хязгаарлагдмал байгаа ч цаашид Хөгжлийн банк уг салбарын гол тоглогч болох нь нэгэнт тодорхой болчихлоо. Харин одоо Засгийн газрыг “барьцаанд” тавьчихаад олон улсын зах зээл дээр тоглохын цаана хэн хариуцлага хүлээхийг Монголын ард түмний өмнө тодорхой болгох хэрэгтэй байна. Өр бол дарамт. Ирээдүйгээ барьцаалчихсан Монголын эдийн засаг ч энэ дарамтыг тойрохгүй. Аливаа зээлдэгчийн нэгэн адил энэ өрийг Монгол Улсын Хөгжлийн банк төлж дуусгах учиртай. Гэтэл Ким Жанг Жингийн ярьж байгаагаар “Засгийн газрын баталгаатай учраас Хөгжлийн банк энэ өрийг ямар нэгэн шалтгаанаар төлж чадахгүй бол Засгийн газар төлбөрийг барагдуулах үүрэгтэй. Ийм нөхцөл байдалд хүргэхгүйн тулд Хөгжлийн банк үйл ажиллагаагаа хэвийн явуулах болно” гэжээ. Тэгэхээр хариуцлага хүлээх эзэн нь тодорхойгүй байгаа биз. Ноён Ким Жанг Жин бол Сангийн сайд сайд асан С.Баярцогттой гэрээ байгуулсан. Уг гэрээнд “Хөгжлийн банкны өмнөөс өр төлбөрийг Сангийн яам барагдуулсан тохиолдолд тус банк буцаан төлөх үүрэг хүлээнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, санхүүжилт хийсэн зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээрээ бондын өрөө төлж барагдуулах учиртай.
Хөгжлийн банк 600 сая ам.долларын Дунд хугацааны евро өрийн бичгийн хөтөлбөрөө өнгөрсөн оны арванхоёрдугаар сард байгуулсан. Уг хөтөлбөрийн хүрээнд 20 сая ам.долларыг хаалттай арилжаалж байв. Тус банк энэ бүхэнд анхдагч болж байгаагийн хувьд олон улсын санхүүгийн зах зээлд Монголын “жишиг хүүг” тогтоох учиртай. Засгийн газрын баталгаатай бондын гол худалдан авагч нь ихэвчлэн хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн сан, даатгалын болон бусад хувийн компаниуд байдаг. Тиймээс Хөгжлийн банкныхан бондоо дээрх хөрөнгө оруулагчид болон retail хөрөнгө оруулагчид, Америк тивийн офшор хөрөнгө оруулагчдад санал болгосон аж. Ямартай ч олон улсын бизнес, судалгаа, зээл болон дотоод аудитын чиглэлээр 30-аад жил ажилласан түүний туршлагад найдах л замыг сонгосон болохоор одоо бидэнд хүлээхээс өөр арга байхгүй. Харин гэрээнд өөрчлөлт оруулж шинээр байгуулагдсан Эдийн засаг, хөгжлийн яамтай хэрхэн хамтран ажиллаж, хариуцлага, эрх мэдлээ хуваалцахаа тодорхой болгох хэрэгтэй болов уу.
Эдүгээ гадны хөрөнгө оруулагчид Монголын эдийн засаг тогтвортой өсөх юм байна, уул уурхайгаа түшиглэн ойрын 20 жил, түүнээс ч урт хугацаанд найдвартай, чадвартай зээлдэгч байж чадна гэж үзэж байгаа нь мэдрэгдэх боллоо. Энэ тохиолдолд манай бонд бага хүүтэй, эрэлт ихтэй байж их бүтээн байгуулалтын салбарт их хэмжээний хөрөнгө “хийх” боломжтой. Гэхдээ боломж бүхэн мөнх бус байдаг болохоор энэ түүхэн зурвас үеийг ашиглан шинэчлэлийн Засгийн газар ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэж байна. Юутай ч тэд энэ “ховор” үнэ цэнэтэй эх үүсвэрийг халамж нэрээр хавтгайруулан тараахгүй гэдгээ ухамсарласан биз ээ. Энэхүү шийдвэрийг гаргах үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Гаднынханд төмөр зам тавьж өгөх гэлээ” хэмээсэн. Ингэж ойлговол ажил урагшлахгүй. Ямар ч том хөрөнгө оруулагч монголчуудын барьсан төмөр замыг “хуулж” аваад явчихгүй.
Төмөр зам Монголдоо л үлдэнэ. Бүр хэдэн зуун жилийн турш хөгжлийн гарц болон түүхэн үүргээ гүйцэтгэх учиртай. Яг одоогийн байдлаар төмөр замын салбарт шинэчлэхгүйгээр ямар ч олборлолт, экспорт, эдийн засгийн үр ашиг, хөгжлийн тухай ярих аргагүй. Тийм учраас л төмөр зам хөгжлийн гарааны төв цэг болчихоод байна. Төмөр замаас хөрөнгө харамлах хэрэггүй. Яагаад гэвэл төмөр зам одоо хүсэж буй хөрөнгийн хэмжээг хэдэн зуу дахин “нугалж” төлөх нь ойлгомжтой. Үүнийг мэдэрсэн дэлхийн томоохон гүрнүүд “Төмөр зам дээр чинь хамтаръя” гээд гуйгаад байгаа нь ч Монголын хувьд энэ цаг үеийн үнэт зүйл болчихоод байна. Хэдийгээр Засгийн газрын бонд дөрөв орчим хувийн хүүтэй байх нь сайн хэрэг боловч төмөр замын салбарт хөрөнгө оруулахын тухайд бол үүнээс өндөр хүүтэй байсан ч эргүүлэн төлж ашгаа хэд дахин нэмж олж чадах хамгийн өндөр чадамжтай салбар билээ. Шинэчлэлийн Засгийн газар хөгжлийн төв цэгээ зөв олсон болохоор эцсийн үр дүн нь ч эерэг талдаа байх биз ээ. Харин эрсдлээ тооцоолох, урьдчилан сэргийлэх, асуудал гарвал хариуцлагаа тухай бүрт нь тооцох нь амжилтын үндэс гэдгийг мартаж болохгүй.