-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Монголын уран зохиолын сан хөмрөгт багтсан “Хоёр настай Ро” шүлгийн эзэн нь таныг гэж сонслоо?
-Энэ өдрийн мэндийг та бүхэнд хүргэе. Намайг Уртнасангийн Батнасан гэдэг. 1931 онд Улаанбаатар хотод төрсөн. Арван жилийн нэгдүгээр сургуулийг төгсөөд дараа нь 1950 онд Анагаахын дээд сургуульд элсэн орсон. Их эмч мэргэжлээр төгсөөд гуравдугаар нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаад 1985 онд тэтгэвэртээ гарсан. Намайг төрөөд зургаан сартай байхад аав Ленинград хотын цэргийн академид суралцахаар явсан. Удалгүй ээж маань намайг аваад аавын араас очсон юм билээ. Ленинградад суралцаж байсан монгол оюутнууд манайд ирж бууз, хуушуур хийж идэн, наргиж хөөрч байгаад оройдоо буцдаг байлаа. Тэдний нэг Ц.Дамдинсүрэн гуай байсан. Их нэртэй зохиолч, эрдэмтэн хүн шүү дээ. Манай ээж аавынхаар их ирдэг байсан юм. Миний багад “Хоёр настай Ро” гэж шүлгийг Ц.Дамдинсүрэн гуай бичиж ээжид бэлэг болгож өгсөн түүхтэй. Ерөөлийн бэлгэдэл ихтэй тийм шүлэг шүү дээ.
-Шүлгийн нэрэнд байгаа “Ро” гэдэг үг ямар утга учиртай үг юм бол. Мэдэхгүй хүн олон бий байх?
-Тухайн үед чинь ардын засаг нээгдчихээд анхны эмч нар орос хүмүүс байсан юм. Ээж намайг төрүүлэх гээд эмнэлэгт очиж л дээ. Тэгэхэд нь орос эмч эх барьж авсан гэдэг. Тухайн үед орос нэр мода болж байсан гэлцдэг. Эмэгтэй хүүхэд төрвөл Роза, Нина, Дина харин эрэгтэй хүүхэд бол Александр, Володя гэхчилэн нэр хайрладаг байжээ. Тэгээд л намайг “Роза” гэж нэрлэсэн юм билээ. Гэхдээ хожим энэ нэрээ Батнасан болгосон. Шүлэгт
Дээшилж яваа Монголын
Дэвшиж яваа У-гийн гэдэг нь Уртнасангийн
Дэлгэрч яваа Су-гийн гэдэг нь Сурмаажав
Хоёр настай Ро-гийн гэдэг нь Розагийн гэж байгаа юм. Товчилж бичсэн тийм л шүлэг.
-Шүлгийн эх хувилбар, гар бичмэл нь танд бий юу?
-Саяхныг хүртэл байсан юм аа. Гэтэл улсууд үзье гэж авсаар байгаад алга болгочихсон. Тамхи ороодог нимгэн цагаан цаасан дээр хуучин үсгээр бичсэн эх хувилбар нь байсан юм. Түүн дээр “Үеийн нөхөр Уртнасан, Сурмаажав нарын хүүхэд “Ро”-гийн хоёр насны ойд зориулж бичлээ” Ц.Дамдинсүрэн гэсэн бичигтэй байсан. Шүлэгтээ хоёр настай Ро, эмэгтэй хоёр, эрэгтэй гурван хүүхэдтэй болоорой гэж ерөөсөн. Шүлгийн хамтаар хүүхэлдэй өгсөн. Нээхээр нь дотроос нь хүүхэлдэй гарч ирдэг. Түүний хамгийн жижигт нь шүлгээ хийчихсэн. Нээрээ л одоо бодоход эрэгтэй, эмэгтэй хоёр хоёр хүүхэдтэй болсон доо. Бэлгэдэл ерөөлөөр бичсэн их сайхан шүлэг. 81 жилийн түүхтэй шүлэг шүү дээ.
-Тамхи ороодог цаас гэхээр тухайн үед цаас ховор байсныг илтгэлээ гэж ойлгох юм. Аль эсвэл зохиолчдын хэв маяг, онцлог байв уу?
-Үгүй үгүй. Тэр үед голдуу нимгэн цаасан дээр бичдэг байсан. Дайны үе болохоор зарим тохиолдолд дэвтрийн цаас ч олдоггүй байсан гэдэг.
-Таны аав, ээж шинэ цагийн Монголын анхны сэхээтнүүд. Хоёр буурлынхаа талаар дурсаач?
-Манай аав, ээж 1926-1930 онд Герман, Францад сурсан анхны сэхээтнүүдийн нэг байсан. Германд 40 хүүхэд явуулсны нэг нь Д.Сурмаажав гэж манай ээж байгаа юм. Францад бас хэсэг хүн явуулсны нэг нь Л.Уртнасан гэж манай аав л даа. Аав цэргийн хүн эмнэлгийн дээд сургуульд суралцаж байгаад сүүлд бие нь муудаад өөд болсон. Ээж маань харин Монголдоо ирээд Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байгаад хожим Улсын номын сангийн эрхлэгчээр ажилласан. Төв номын санд ч ажилладаг байсан юм. Судар бичгийн хүрээлэнгийн шинжлэх ухааны академийн ууган ажилчдын нэг.
-Ц.Дамдинсүрэн гуай аавтай чинь нэлээд дотно найзууд байсан, бие биенийхээрээ орж гардаг байжээ. Зохиолчийн талаар бидний мэдэхгүй юм байгаа болов уу?
-Манайд ирэх болгондоо чихэр шоколад, оймс авчирч өгдөг байсан. Тэгэхдээ дандаа хагас бүтэн сайн өдөр ирдэг. Ээж их ярьж өгдөг байсан. Сүүлдээ чихэр шоколад, оймс авчирсаар байгаад би муу занд сурчихсан. “Надад оймс байхгүй” гэдэг болсон. Миний оймс урагдсан гээд бөөн инээдэм болгодог байж билээ. Үүнийг их муухан мэддэг юм. “Монголын нууц товчоо”-г бүр хуучин уйгаржин бичгээр байдаг байхад шинэ үсгээр буулгаж төрийн шагнал авчихаад манайд хамгийн түрүүнд ирсэн. Надад маш том баавгай бэлэглэж байсан юмдаг. Тэр баавгай нь надтай чацуу байсан байх шүү.
-Гадаад руу явахад Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин, Д.Нацагдорж тэргүүтэй зохиолч хамт явж байсан гэх юм билээ. Та энэ тухай юу мэдэх вэ?
-Б.Ренчин гуайг сайн мэдэхгүй байна. Харин зохиолч Д.Нацагдорж хамт явсан. Одоо бодоход Монголын хамгийн анхны сэхээтнүүд тэндээс төрж байжээ.
-Тухайн үед хэлмэгдэлт гэж аюултай зүйл болж байсан. Хэлмэгдэлтийн хар шуурга хэр далайцтай байсныг та мэдэж байгаа болов уу.
-Манай ээжийг Германд сураад төгсөж ирсний дараахан нь “Бөмбөгөр ногоон” театрт хувьсгалт залуучуудын хуралтай гэж суулгасан юм билээ. Тэгээд индэр дээр Герман, Францад суралцаад ирсэн залуучуудыг суулгаад залуучуудын эвлэлийн төв хорооны дарга Гүнсэн гэж хүн байж л дээ. Тэд нар хөрөнгөтний үзэл сурталд автагдсан, шингэсэн ярихдаа хүртэл хамраараа гуншдаг, шоколад идэж, сүү уудаг ийм хүмүүсийг хувьсгалын шүүрээр шүүрдэж арилгах хэрэгтэй хэмээн шүүмжилдэг байсан гэнэ лээ. Тэр үед явсан эрчүүд нь хамгийн багадаа арван жил шоронд суусан шүү дээ. Герман, Францын тагнуул гэж. Тэр ч байтугай манай ээжийг Германы тагнуул гэж “Германд хэнтэй яаж харьцаж байсан” гэж байцаадаг байсан юм билээ. Тэгэхээр нь ээж “Отгонтэнгэрийн орой дээр гарч герман улсуудтай холбоо барьж байсан” гэж хэлсэн юм гэсэн. Тэгсэн байцааж байсан хүн нь ам алдууллаа гэж баярлаж, маргааш нь орос сургагчдаа үзүүлж л дээ. Тэгтэл өнөөх орос сургагч нь муусайн тэнэг монголчууд та нарыг л цаашлуулж байхад мэдэхгүй байна уу гэж зэмлэсэн. Үүнээс харахад боловсрол бас л дорой байсан байгаа юм шүү. Яаж ч бодсон Отгонтэнгэрийн орой дээрээс герман хүнтэй холбоо тогтооно гэж байх уу. Ц.Дамдинсүрэн, Д.Намдаг тэргүүтэй хүмүүс арав арван жил шоронд суусан тухай мэднэ. Ээж танай аав азтай хүн гэдэг байсан. 1936 онд өвчнөөр өөд болсон юм шүү дээ. Гэтэл өөд болсны дараа буюу 1937 онд хэлмэгдүүлэлт эхэлсэн. Тэгэхэд 1937 онд Ленинградад сурч байсан С.Дамба тэргүүтэй хүмүүсийг цаазаар авсан түүх бий. Тэгээд ээж маань “Хэрэв аав чинь байсан бол юу гэж амьд үлдэх билээ. Харин ч бидний гар дээр өргүүлж байгаад өөд болсон азтай хүн” гэдэг юм. Сүүлд намайг сургуульд орсон байхад ногоон малгай, ногоон хувцастай хүн ирээд аав чинь хаана байна гэсэн. Гэтэл аавын өөд болсон зураг байгаа шүү дээ. Тэгээд ээжээс “Энэ хүн хаана байна” гэж асууж байсан. Мөн ч тэнэг хүн байж дээ. Тэгэхээр ээж уур нь хүрээд Сэлэнгэ аймгийн Түшиг цагаан нуурт байгаа гэж хэлсэн. Эхнийх нь хэлмэгдүүлэлт энэ байсан. Хоёр дахь нь 1964 оны алдарт бүгд хурлаар Лоохууз, Сурмаажав, Нямбуу нарыг эсэргүү бүлэг гээд хэлмэгдүүлж байсан. Тэнд манай өвгөн хамаарч Д.Самбуу гэж их эмч байсан хүн баригдаад дөрвөн жил хоригдсон. Хоёр жил шоронд цоожтой, хоёрт нь хөдөлмөрийн лагерт хоригдоод гарлаа гэтэл нутаг заагаад заавал хөдөө яв гэж хөөсөн.
-Эсэргүү нэр зүүсэн хүмүүс хожим цагаатгаж, нэрийг нь цэвэрлэсэн.
-Биднийг Дундговьд байхад их эмч хийлгэхгүй хоёр жил тэнд суулгасан. Ердийн хоригдлууд сардаа нэг удаа гэр бүлтэйгээ уулзаж хоол унд идэж уухад чөлөөтэй. Харин улстөрийн хоригдлуудыг яс суулгадаг. Улиралд нэг удаа печень нэг боодол, нэг ёотон, танзуур гэсэн гурван зүйлийг л нэг удаа оруулдаг байлаа. Бууз, хуушуур хийгээд, мах чанаад цай аваад очихоор оруулахгүй. Харуулуудын ярьж байгааг сонсохоор “хулгайчуудаа ажлаа хий” гээд л их л хатуу. Эсэргүүнүүд гэж маш хатуу дэглэмд байсан. Тэгээд Дундговьд ажиллаж байхад нь халуун туйпуу зөөлгөдөг байсан гэдэг. Түүнийг нь барьж чадахгүй, хэцүү байсныг дурсдаг юм. Тэгээд барилгын туйпуу манаачаар тэр үед 164 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Тухайн үеийн хамгийн бага цалин. Бусад нь 260 гаруй төгрөгийн цалинтай. Тэгээд түүнийгээ дуусгаад ирсэн чинь Хэнтий яв гэсэн. Би дагаж яваагүй ээ. Тэгээд Хэнтийгээс ирээд дахиад Сэлэнгэ явчихаад ирсэн. Ирснийх нь дараа мэргэжлийнх нь ажлыг бас л хийлгээгүй. Хоригдох хугацаа нь дуусчихаад байхад яагаад хийлгэхгүй байгаа юм бэ” гэхээр дээрээс тийм шийд гарсан гэдэг хариу өгнө. Арай хийж дуусаад хот руу явъя гэхээр явуулахгүй шүү дээ. Тэгэхээр нь сэмхэн орж ирээд ажиллана гэж хот руу ирээд манаач, нярав хийсэн. Хамгийн сүүлд ресторанд үүдний жижүүр хийж байгаад 1990 оны үеэр энэ айхавтар хэлмэгдүүлэлт, нэрнээс салж шүүхээр орж цагаатгагдсан. Монгол Улсын цагаатгал гэсэн үнэмлэх авсан юм. Тэр үед улс төрийн эсэргүүнүүд, улс орноо муулж хэллээ гэж их олон жил гэр бүлээрээ дарлагдаж амьдарсан даа.
-Сүүлийн асуултыг таньд үлдээе?
-Монгол Улс хөх тэнгэртэй, Чингис хааны удамтай гэдгээрээ бахархдаг. Тиймээс сайн сайхан л явах учиртай хүмүүс. Өмнө нь хоёр ч удаа хэлмэлдүүлэлт болсон. Энэ ч яах вэ өнгөрлөө. Одоогийн залуус сайн сайхан явна. Их ирээдүй байгаа манай залууст. Улс орноо улам сайхан цэцэглүүлж, хөгжүүлэх явдал бол та нарын өмнө нээлттэй байгаа. Урт насалж удаан жаргаарай. Баяр цэнгэлийг эдэлж, энх амгалан тэгш сайхан амьдраарай гэж ерөөе дөө.
О.Мөрөн
Ч.Сувд