Дэлхийн банк ч, Сангийн яам ч солонгос зөвлөхөө мэдэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Дэлхийн банк ч, Сангийн яам ч солонгос зөвлөхөө мэдэхгүй байна

Монголбанкнаас “Банкуудын бүтцийн өөрчлөлт, дахин хөрөнгөжүүлэлт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Энэ хөтөлбөрийг боловсруулахад манай улсын эдийн засагчдын мэдлэг, туршлага “гологдсон” гэх. Тиймээс Өмнөд Солонгосоос зөвлөх урьж ажиллуулжээ. Өөрөөр хэлбэл, Монголын банкуудыг өөрчилж, хөрөнгөжүүлэх төлөвлөгөөний төслийг солонгос эдийн засагчид боловсруулсан хэрэг.  
Иймд Дэлхийн банкнаас тусгайлан санхүүжүүлсэн 500 мянган ам.долларын хөтөлбөрийн хүрээнд уригдаж ирсэн санхүүгийн зөвлөхүүдийн талаар нэхэн сурвалжиллаа.

НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ЗӨВЛӨХҮҮДИЙН ТУХАЙД

Сангийн сайд болон Монгол­банкны ерөнхийлөгчийн зөв­лөхөөр ажиллаж      байгаа Өм­нөд Со­лонгосын эдийн зас­гийн шин­жээчдийн талаар чих тавибал,  Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газ­раас тэдний талаар асуухад “Манайх зөвлөхүүдийг нэг жилийн хугацаатай санхүүжүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, мөнгө төгрөгтэй холбоотой асуудлыг нь л шийдсэн. Харин зөвлөхүүдийн ажлын туршлага, хэрхэн ажиллаж байгаа талаар тодорхой мэдээлэл алга. Нэг зөвлөх нь Сангийн яаманд ажиллаж байгаа” гэсэн юм.
Харин Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга н.Мягмарсүрэнгээс Сангийн сайдын солонгос зөвлөхийн талаар тодруулахад “Дэлхийн банкнаас Монголын банкны салбарт дэмжлэг үзүүлэхээр Ко зөвлөх нэг сарын өмнө ирсэн. Манай яам тэр хүний ажлын байрыг бэлтгэж, ажлаа хийх нөхцлийг нь бүрдүүлж байгаа. Зөвлөхийн талаарх тодорхой мэдээлэл Дэлхийн банкны Суурин төлөөлөгчийн газарт байгаа биз. Тэднийх цалинжуулж байгаа шүү дээ” гэв. Ко гэдэг солонгос эрхмийн талаар Монголд хариуцан ажиллуулж байгаа хоёр байгууллага ийн “мэдэхгүй”  гэсэн хариуг өглөө.  
Монголбанкныхан ч солонгос зөвлөхийнхөө тухай тодорхой мэдээлэл  өгсөнгүй. Ингэж хариуцсан байгууллагууд нь нууцын зэрэглэлд оруулаад байгаа зөвлөхүүдийн тухайд тандахад дараах мэдээлэл байна.  
Сангийн сайд С.Баярцогтын зөвлөхөөр ажиллаж байгаа Кох Ёонг Квон нь санхүүгийн бодлогын шинжээч нэгэн аж. Тэрбээр, БНСУ-ын Сангийн яамны Төсвийн төлөвлөлтийн газарт ажиллаж байсан туршлагатай. Мөн Стратеги Санхүүгийн газрын захирлын албыг хашиж байжээ.
Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэв­доржийн зөвлөхөөр ажиллаж буй Ли Баянг Рае нь Солонгосын санхүүгийн секторын бүтцийн өөрчлөлтийг удирдаж байсан туршлагатай санхүүгийн мэргэжилтэн гэнэ.  Тэрбээр Монголын банкны салбарт бүтцийн өөрчлөлт хэрхэн хийх, төлбөрийн чадваргүй бондыг эргэн зохицуулах зэрэг асуудалд зөвлөгөө өгөх ажлын үүрэгтэй.
Дэлхийн банкны зөвлөх гэсэн статустай ажиллаж буй Кох Ёонг Квон, Ли Баянг Рае хоёулаа БНСУ-ын санхүүгийн салбарт нөлөө бүхий албыг эрхэлж байсан, туршлагатай эдийн засагчид. Тэдний ажлын туршлагаас БНСУ-ын банк, санхүүгийн байгууллагын хэтийн төлөвийг тодорхойлогч чухал эрхмүүд гэж дүгнэж болохоор юм.
Мөн тэднийг 1997-1998 оны Азийн хямралын үеийн Өмнөд Солонгосын банкны салбарт өөрчлөлт хийж, амь оруулсан гэж үнэлдэг аж. Одоогийн Монголын банкны байдал тухайн үеийн Солонгосынхтой төстэй учраас дээрх зөвлөхүүдийг урьсан гэх.
Гэвч харь улсаас залсан эдийн засагчдын боловсруулсан “Банк­ны бүтцийн өөрчлөлт, дахин хөрөнгөжүүлэлт” хөтөлбөрийг арилжааны банкуудыг аврах биш, “амыг нь барих” төлөвлөгөө гэж эдийн засагчид дүгнэж байгаа. Ингэж хардаж болохоор хэд хэдэн заалтыг солонгос зөвлөхүүд дээрх хөтөлбөрт оруулжээ.

ОЛОН УЛСЫН ЖИШГЭЭС ХЭТЭРСЭН ШААРДЛАГА

“Өөрийн хөрөнгөөр сайтар хангагдсан, хүчирхэг, өгөөжтэй, холбогдох хууль тогтоомжийн шаардлага хангасан, зохистой удирдлага, өмчлөгч бүхий банкны тогтолцоог бэхжүүлэх” гэж зорилгоо тодорхойлсон дээрх хөтөлбөрийн зохистой удирдлага гэдэг нь гадаадын хөрөнгө оруулагч болж хувирах нь гэж эдийн засагчид хардаж байгаа. Учир нь дээрх зохистой харьцааг хангаж чадахгүй банкны удирдлага сар хагасын дотор банкаа зохистой болгох төлөвлөгөө боловсруулах учиртай. Ингэхийн тулд гурван сарын дотор бодитой, шинэ эх үүсвэрээр хөрөнгөө нэмэгдүүлэх ёстой аж. Одоогийн нөхцөл байдлаар дотоодоос хөрөнгийн шинэ эх үүсвэр олох боломжгүй гэдгийг эдийн засагчид бүү хэл жирийн иргэн ч ойлгож байгаа. Тиймээс солонгос зөвлөхүүд Монголын төрийг ашиглахаар хөтөлбөрт хамруулжээ. Тодруулбал, дээр дурдсан хугацаанд хөрөнгөө нэмж чадахгүй бол Засгийн газраас нэг удаад дэмжлэг авах боломжтой гэнэ. Гэхдээ дэмжлэг хүртэхийн тулд тухайн банк 2009 оны эцсийн байдлаар банкны системийн нийт активын 1.5 хувиас доошгүй хувийг эзлэхүйц зах зээлийн байр суурьтай байх ёстой. Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа 16 арилжааны банкны тав, зургаа нь эхний шаардлагад  бүдрэнэ гэдгийг эх сурвалж хэлсэн. Дараагийн шаардлага бол дэмжлэг авах банкны өөрийн хөрөнгийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлт нь 12-оос давж 14 хувьд хүрэх учиртай. Олон улсын жишигт дээрх шалгуур үзүүлэлт нь найман хувь байхад хэвийн гэж үздэг аж. Ингэж олон улсын жишгээс хэтэрсэн шалгуур тавьж банкны удирдлагуудыг мухардуулах нь.  
Хэрвээ хөрөнгийн шинэ эх үүсвэрээр дахин хөрөнгөжүүлж чадахгүй, төрийн дэмжлэг авах шаардлагыг хангаж чадахгүй бол тухайн банкийг төр хяналтандаа авах бүрэн эрхтэй болох аж. Иймээс арилжааны банкны удирдлагууд хүч хөрөнгөө зарж босгосон банкаа төрд алдчихгүйн тулд гурван сарын дотор шинэ хөрөнгө оруулагч хайхаас өөр аргагүй байдалд орно гэсэн үг. Энэ тохироог солонгос зөвлөхүүд бий болгосон гэж эх сурвалж дүгнэж байна. Ийн гарцгүй болсон үед нь гадаадын банкирууд хөрөнгө оруулагчийн дүрээр жижиг банкуудыг худалдаж авах тохироотойгоор дээрх хөтөлбөрийг баталсан гэж хардах нэгэн ч байна.
Уул уурхайн ордыг дагасан их мөнгөний урсгал Монголд орж ирэх нь тодорхой болсон. Иймээс санхүүгийн хямралд ганхаж байгаа манай банкуудад гадаадын банкирууд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа нь нууц биш. Солонгосын томоохон компаниуд манай улсын банкны салбар руу орох боломжийг судалж байгаа гэх мэдээлэл ч бий. Үүнийг Солонгосын эдийн засагчдын боловсруулсан хөтөлбөр баталлаа гэж хардах нь ч байна. Харийнхны зөвлөгөөнийг гол чиг шугамаа болгосон  бүтцийн өөрчлөлтийн дараа цөөнгүй банк солонгос эзэнтэй болох тохироо байгааг үгүйсгэх аргагүй бололтой.

Б.Цэцэгдэлгэр.
Улстөрийн тойм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж