Шөнөжин ажилладаг үйлчилгээний газрууд

Хуучирсан мэдээ: 2012.10.15-нд нийтлэгдсэн

Шөнөжин ажилладаг үйлчилгээний газрууд

Шөнийн цэнгээний газрууд 00:00 цагаас хойш ажиллахгүй, архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх үүрэгтэй. Гэвч зарим баар, караоке, хүнсний дэлгүүрүүд   цаг хэтрүүлэн ажилласаар байна. Хуулийн заалтыг нь шинэчлээд удаж буй ч бодит байдал дээр цөөн хэдхэн газар л хэрэгжүүлж байгаа. Чухам ямар эрх мэдэлтэй  газрууд цаг нар харгалзахгүй ажиллаад байна вэ, тэдний үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар  манай сурвалжлах баг өнгөрсөн баасан гаригт сурвалжиллаа. Бид шөнийн 01:30 цагийн үед Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэр, кино үйлдвэрт байрлах “Золбоо” сүпер маркетад очсон юм. Тус газраар ойролцоогоор 40 орчим хүн үйлчлүүлж байлаа. Тэдний дунд  зогсож байсан 50 орчим насны эмэгтэйтэй уулзсан юм.
 
КИНО ҮЙЛДВЭРИЙН  “ЗОЛБОО” СҮПЕРМАРКЕТ ЕР НЬ АЛДАРТАЙ

-Ажиллаж байна уу?

-Ажиллаж байх шиг л байна. Тасалж оруулж байгаа юм.

-Энэ дэлгүүр байнга ингэж  ажилладаг юм уу?

 -Кино үйлдвэрийн “Золбоо” гэж ер нь алдартай. Таксины жолооч нар андахгүй, бүгд мэднэ. Бараг гурав, дөрвөн жил болж байна.

-Оруулаад хэр удаж байгаа юм бол, өөр ажиллаж байгаа дэлгүүр юу билээ?

-Хэсэг хэсгээр нь таслаад оруулаад байна. Тав, зургаан минут л өнгөрлөө. Түрүүн цагдаа ирээгүй бол орчихсон байхгүй юу. Эд нар чинь нарийн аргатай машин дотор суугаад л ажиглаж байдаг. Цагдаа ирэхээр дотуур холбоогоор мэдэгдчихдэг тэгээд л  удаад байгаа байх.  Батоникийн “Эмээ өвөөгийн” дэлгүүр гэж бий.  Тэр бол байнга ажиллаж байдаг. Баруун тийшээ хөдөө аж ахуйд “Julia”, хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн “Черри” гэж бий, тийшээ очвол найдвартай ажиллаж байгаа даа.

Баянзүрх дүүргийн хөдөлгөөнт эргүүл хамгаалалтын цагдаагаас дараах зүйлийг тодрууллаа.

-Баар цэнгээний газрууд 24 цагаас хойш нууцаар ажиллах байдал их байгаа. Баянзүрх дүүрэгт энэ зөрчил хэр их байна?

-Хааяа цаг хэтрүүлж ажилласан зөрчил гардаг. Кино үйлдвэрийн орчимд баар, шөнийн клубүүд зөрчил гаргах нь харьцангуй гайгүй болоод байна. Сансарт үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн газар бий. Очихоор хааж байна гаргалаа гээд л хуураад байдаг.

-Сансар орчимд хүмүүсийн хөл хөдөлгөөн их байдаг уу?

-Сая бааруудаар явж шалгалаа. Манайхан хууль дүрэм  биелүүлдэггүй. Цагдаа мянга шаардаад тушаагаад нэмэргүй. Шөнийн 24 цаг  өнгөрсөн байна гээд шаардлага тавихад би захиалсан юм аа ууж дуусгаад гарна гэсэн тайлбар хэлээд сууж байдаг.

-Золбоо сүпермаркет ажиллаж байна?

-Байнга ажилладаг, цагдаа хянаад байхаар түр хаачихна. Бид нарыг яваад өгөхөөр буцаагаад л оруулаад эхлэнэ. Бид хүчрэхгүй юм.

Манай сурвалжлах хэсэг иргэдээс авсан мэдээллийн дагуу шөнийн 03:00 цагийн үед  “Жулиа” супермаркетын  ойролцоо очиход гаднаа харуул хамгаалалттайгаар ажиллаж байсан юм.

-Сүпермаркет нь ажиллаж байна уу?

 -Ажиллаж байна.Та нар хэдүүлээ явж байгаа юм нэг нь  үлдээрэй.

-Танайх хэд хүртэл ажилладаг вэ?

 -Одоо ингээд хааж байна.  Авах юм аа нэг мөсөн аваад явахгүй юу, эргэж ирээд байхгүй шүү.

ШАЛГАЛТ ИХТЭЙ БАЙНА

-“Элит” диско клубийн хамгаалагч:

-Ажиллаж байна уу?

 Ажиллахгүй, хааж байгаа.

-Танайх чинь өглөөний 06:00 цаг  хүртэл ажилладаг гэсэн биз дээ?

-Шалгалт ихтэй байна. Мааньтын хорих ангиас хэдэн хоригдол оргоод хоёрыг нь баарнаас барьсан гэсэн. Тэгээд шалгалт ширүүн байгаа.  Уг нь бол ажилладаг л даа.

-Одоо ажиллаж байгаа газар байгаа болов уу мэдэхгүй биз?

-Одоо бараг байхгүй дээ. Томоохон баарыг бүгдийг хааж байна.

Бидний дараагийн очсон газар 25 дугаар  эмийн сан ойролцоох  “Тэмүүлэл” сүпермаркет байв.

-Энэ дэлгүүр ажиллаж байгаа юм уу?

-Ажиллаж байх шиг байна. Хаалгаа бариагүй харагдана.

-Өөр архи зарж байгаа дэлгүүр энэ хавьд байдаг уу?

-Улаанбаатар  паласын тэнд хүрэн тоосгон дэлгүүр байдаг. Тээврийн товчооны наад талын булангийн дэлгүүрийн гадаа хоёр  хүүхэн 0,5 граммын “Экс”  архи 20 мянган төгрөгөөр зарна  гээд зогсож байсан. Замын урд талын  “Харанга” кароаке  ажиллаж байгаа. Одоо бараг хаах гэж байгаа байх. Архи аваад гарч болох байлгүй. Ямар ч байсан “хар чингис” 0,75 граммынх нь  35 мянган төгрөгийн үнэтэй байсан. Ороод үзэхгүй юу, хаалга нь онгорхой байгаа.

Баруун дөрвөн зам “Гранд плаза”-гийн баруун талд байрлалтай “Greet house” караоке  үүрийн 04:35 цагийн үед ажиллаж байсан юм. Манай сурвалжлах баг орж архи согтууруулах ундаагаар үйлчилж байгаа эсэхийг үйлчлэгч залуугаас тодрууллаа.

-Ажиллаж байгаа юм уу, өрөө байна уу?

-Хэдүүлээ явж байгаа юм. 15 мянгын өрөө байна. Доор  найм, арвын өрөө байгаа байх. Та хэд караокед орвол ганц цаг л дуулна.

-Архи пиво зарж байгаа биз дээ?

-Зарна. “Хар чингис”, “алтантүрүү”, “алтан чингис” байна. Авах юм уу.

-Эргээд ороод ирье.   

Ийнхүү бид Улаанбаатар хотын төвд  байрлах баар, караоке, дэлгүүрүүд хуулиа хэрхэн дагаж мөрдөж байгаатай нэг шөнө  явж танилцлаа. Хууль зөрчин  ажиллаж байгаа дээрх  газруудад ямар хариуцлага хүлээлгэх вэ. Бидний сонсч байснаар Кино үйлдвэрт байрлах “Золбоо” хэмээх сүпермаркетад  хэд хэдэн удаа үйл  ажиллагааг нь зогсоох шаардлага хүргүүлсэн ч үл  тоомсорлодог аж. Ер нь 00:00 цагаас хойш хууль зөрчин  үйл ажиллагаа явуулдаг баар, караоке, дэлгүүрийг тоочоод барамгүй. Хотын төвд  энэ мэт хэдэн газар байдаг. Гэр хорооллын дэлгүүрүүд  бол бүр ч ярих юм биш гэдгийг хүмүүс ховлож байсан.  Хуулийг уландаа гишгэсэн  байгуул­лагуудтай хатуу хариуцлага тооцох болсон юм бишүү Хотын дарга аа!

Ч.АРИУНБОЛД

М.ЭРДЭНЭБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж