ВВС-гээр сонин юутай вэ?

Хуучирсан мэдээ: 2012.10.15-нд нийтлэгдсэн

ВВС-гээр сонин юутай вэ?

Мэдээллийн ВВС агентлаг өнөөдөр Камбожийн ван асан Нородом Сианук Бээжин хотод 90 насандаа зүрхний архаг дутагдлын улмаас таалал төгссөн тухай мэдээг онцолжээ. Нородом Сианук 1941 онд вангийн ширээнд сууж эх орноо 1953 онд Францын колоничлолоос чөлөөлсөн. Гэвч түүний 1970-аад онд Зүүн өмнөд Азийг хамарсан хямралаас эх орноо гаргах оролдлого талаар өнгөрч, Пол Потын хатуу дэглэмийн дор Камбожи орон сөхөрч 1- 2,5 сая орчим хүн амь насаа алдсан юм. Алагдсан хүний тоог тогтоох боломжгүй байснаас ийнхүү 1-2,5 сая орчим гэж үздэг байна.

Хувь заяаны эрхээр олон жил эх орноосоо холдож, 2004 онд эрүүл мэндийн байдлын улмаас вангийн ширээнээс буусан ч тэрбээр нөлөөтэй хүн хэвээр үлдсэн юм. Тэрбээр Бээжин хотод эмчлүүлж байгаад таалал төгссөн байна.

ВВС агентлаг Монголын нийслэлийн төвд байсан В.И.Лениний хөшөөг буулгасан талаар мэдээлжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн шийдвэрээр 58 жилийн турш Монголын нийслэлийн гол гудамжинд сүндэрлэсэн уг хөшөөг буулгалаа гэжээ. Ленин, Сталины дарангуйллын балгаар олон мянган монголчууд хэлмэгдэн амь насаа алдсан юм. Хөшөөг буулгахыг харахаар 300 орчим хүн ирсэн гэж ВВС мэдээлжээ.

ВВС-гийн Улаанбаатар дахь сурвалжлагч Майкл Конын мэдээлснээр цугласан хүмүүсийн зарим нь  хөшөө рүү хуучин гутал шидэж байсан гэжээ. Хөшөөг дуудлага худалдаанд оруулах бөгөөд анхны үнэ нь 280 орчим ам.доллар. Хөшөөний буурин дээр 2008 оны үймээний үеэр амиа алдагсдын хөшөөг босгоно гэж ВВС мэдээлсэн байна.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж