Хуурын чуулгадаа бэлэг зэхэж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2012.10.15-нд нийтлэгдсэн

Хуурын чуулгадаа бэлэг зэхэж чадсангүй

Баасан гариг шоуны өдөр шиг л гэгэлзэцгээх юм.

Утас чагнана, залгаж үзнэ, нэгнээ эрнэ. Яг ийм донсолгоотой сэтгэлийн хөөрөл морин хуурын эгшгэнд бүр дээд цэгтээ туллаа. Үг нь зэмлэж, ая нь аргаддаг ардын дуу хөгжимддөг морин хуурын уламжлалт хөг аялгууг сонсоод энэ хөөрөл уг нь намжих учиртай байсан. Гэтэл домгоос үүдсэн хөгжмийг минь энэ 20 жилд Монгол Улсын Морин хуурын чуулга жигтэй өөрчилж… Морин хуур Монголын хөгжим ч юм шиг, хөгшин Европын сонгодог бүтээлүүдийг амилуулдаг харийн  ч эд шиг санагдтал монгол хөгжмийн ид хавыг чуулгынхан нээж үзүүлж чадсан гавьяатай. Эцэг өвгөдөөсөө өвлөсөн, үр хойчдоо үлдээх морин хуур маань ийм гайхамшигтай хөгжим байж гэж анх бодож аснаас хойш бас багагүй хугацааг элээжээ. Өөрөөр хэлбэл, чуулгынхан  үндэсний дээлээ тайлж, эрвээхэй зангиа, хар даашинзаар гангарах болсон 2007 оны “Дэлхийн хөгжмийн дээжис” тоглолтоос нь хойш гэсэн үг.

Чуулгынхныг монголчууд бид 20 дахь жилдээ магтаж, биширч байна. Жорж Буш, Ху Жинтао, В.Путин, хунтайж Нарухито нарын олон зочныг эх орондоо ирэхэд чуулгынхнаараа гайхуулж, төрийн томчууд өөрсдөө гадаадад айлчлахдаа чуулгынхнаар гоёж хэчнээн олон жил нүүрээ тахлав аа. Гэтэл яасан, энэ 20 жилд юу ч өөрчлөгдөөгүй байна. Морин хуурын чуулга бол Монголын брэнд, та нараараа бахархаж байна, баярлаж байна гээд шал худлаа хөөргөсөн юм байна.

Хорин жилийн ойн хүндэт­гэлийн тоглолтоо санасан хэм­жээндээ хийчихэж тэд чадсан­гүй. Гэхдээ тоглолт үнэхээр гайхалтай сайхан болсон. Ёстой БРАВО. Дуусах тэр мөчид алдарт “Уран хас”-ыг чуулгынхан болоод Филармонийн симфони оркестр хамтран тоглож, тоглолтын туршид ээлж дараалан бүтээлүүдээ дохисон удирдаач нар  солигдон оркестроо тоглуулахад үзэгчдийн хөөрөл ёстой дээд цэгтээ тулж, чуулгынханд хайртайгаа, бахархдагаа, мэдээж бас хүндэтгэлийн тоглолт хэчнээн гайхалтай болсныг нь илтгэж бүгдээрээ босоод зогсчихсон, алгаа хорстол ташиж байв. Гэтэл хөтлөгч хүүхэн “Уучлаарай, үзэгчид ээ, дараагийн тоглолт эхлэхэд бэлэн болоод, үзэгчид нь гадаа хүлээгээд байна голын хаалгаар гараарай” гэж хэлдэг юм даа. Соёлын төв өргөөний хөшиг хүртэл энэ үед гацаж, өнөө гоё орчин хаачив гэмээр  тас алга боллоо. Ийм үгийн дараа үргэлжлүүлэн алга таших уу, болих уу. Үзэгчид, хөгжимчид, удирдаачид бүгд байдалд орон хүзүүгээ маажмаар санагдсан байх даа. 20 жилийн турш тоглолтоо эхлүүлсэн “Монгол аялгуу”-гаа энд тоглосонгүй, одоо нэг тоглоод өгөөч гэж үзэгч яаж хэлэх юм, хэлсэн ч өөр зүгийн салхи сэвхийхэд хөлс нь хатсан уран бүтээлчид яаж тоглох вэ дээ. Дараагийн тоглолт нь Соёлын төв өргөөний оргил цагуудыг өмчлөөд авчихсан байдаг гэдэг хошин урлагийнх байлаа. Чуулгынханд маань энэ хэрийн үзэгч цуглуулчих байр сав, эрх мэдэл байхгүйд энэ өдөр ёстой гомдлоо. Хоржоонтой юм шиг хошин урлагийнхан хүртэл төрсөн өдрөөр нь дээрэлхэж байхав дээ. Өөрийн гэсэн байр, ордонтой, барилгатай театр, мэргэжлийн урлагийнхан “юм”-тайгаараа ёстой гайхуулсан. Дуурь бүжгийн эрдмийн театрын захирал чуулгынханд тайзаа нэг өдөр үнэгүй ашиглуулъя гэлээ. Драмын эрдмийн театрын найзууд нь ч бас нэг удаагийн тоглолт хийхийг зөвшөөрлөө, мэдээж төлбөргүй гэдгээ баярын бэлэг гэж зарласан.  Соёлын төв өргөөнийхөн ч гэсэн хошин урлагийнхныхаа зав зайг анзаарч байгаад 10 удаагийн тоглолт зохион байгуулахыг урьсан нь Морин хуурын чуулгынхны төрсөн өдрийн хамгийн том бэлэг биш байгаа даа.

Ийм байхад Морин хуурын чуулгынхан өөрсдөө “Үе үе төрийн тэргүүн, Засгийн газар ямар намаас гаралтайгаас үл хамаараад дэмжсээр ирсэн. Үндэсний эв нэгдэл гэдгийг Морин хуурын чуулга төгс төгөлдөр харуулж ирсэн” гэж ярих юм.
Мэргэжлийнхэн нь “Бөртэ”, “Алтан ураг”, “Дөмөн”, “Домог” зэрэг гадаад, дотоодод нэрд гарсан хамтлагууд Морин хуурын чуулгаас эхтэй. Сонгодог үндэс нь чуулгынхан юм шүү дээ гэнэ. Чуулгынхан анх Буриад, Өвөр Монголд тоглолтоо хийсэн нь тэдэнд ч бас ийм чуулга байгуулах санаа өгсөн гэнэ.

Ганган зангиатай дарга нар болохоор “Нью Йорк хотноо НҮБ-ын төв байрны алдарт ногоон танхимд монгол урлаг, соёлоо сурталчилж, тэнд хуран цугласан 193 орны төлөөлөгчид, НҮБ-ын ажилтнуудын сэтгэлийн утсыг чуулгынхан маань жинхэнэ хөндөж чадсан”, ЮНЕСКО-гийн танхимд, Японы “Эн Эйч Кей”-ийн танхимд, Америкийн алдарт Карнегийн тайзнаа тоглосон. Берлиний Филармонийн тан­хим, Венийн алтан танхимд танил тал, арын хаалгатай, мөнгө хөрөнгөтэй нь очиж тоглодог юм биш. Тиймээс Морин хуурын чуулга бол дэлхийн хэмжээний чуулга” гэж байна. Энэчлэн тэр үдэш “Улаанбаатар” зочид буудалд болсон хүлээн авалтын үеэр урс­сан магтаалуудыг  сонссоор зал­хаад сэтгэл ханамжгүй харилаа.

Харин тэртээ 1992 онд төрийн хан хуур залах шийдвэр гаргаж байсан анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай Морин хуурын ордны шав тавихдаа цай, морин хуур аваарай гэж сая төгрөг, гарын бэлгийн хамт гардуулсан нь чуулгынханд хамгийн хэрэгтэй эд байлаа. Мөнгөндөө биш юм, энэ үйл Морин хуурын ордонтой болох, чуулгынхныг халаасны өрөөснөөс гаргаж, хөөгддөггүй тайзтай болгохыг уриалсан, ийм ажил эхлүүлсэн дуудлага болоосой гэснийх юм.

Чуулгынхан сайхан ордонтой болчихвол… Тэртээ тэргүй өөрсдийгөө таниулаад хаа сайгүй тоглолтоо хийчихсэн юм чинь ордондоо тухлаад л, гаднынхан зорьж ирээд үздэг байвал зүгээр биш үү. Сургалт явуулсан ч тэдний эрх. Тоглолт үзэж байхад ийм цаг хол биш байх шиг санагдсан. Японы дуучин Монгол оронд минь дурлаж, тэр сэтгэлээрээ яруу найрагч З.Түмэнжаргалд санал тавьж бичүүлсэн “Монголын тал нутаг”-аа чуулгын хөгжмийн аялгуунд дуулах гээд хүрээд ирж. Гаднын удирдаачид ч бас чуулгын баярын тоглолтод дохилоо. Ноён Элчин сайд шавь нь гэдгээ хэлж байна. Ингэх нь тэдэнд нэр хүндийн хэрэг болсон байна.

Түүнээс чуулгынхан мундаг шүү, дэлхийн хөгжим Моцарт, Бизе, Брамс, Шостаковичийг тоглоно, Монголын Жанцан­норов, Шаравыг хөгжимдөнө, ардын татлагаа ч татна. Ямар ч албан байгууллага шинэ жилийн үдэшлэгтээ чуулгынхныг урьж Венийн вальс эгшиглүүлж таанц эргэж болно. Дуучин Наран, Болд нарыг эдний хөгжимд дуулуулж монгол поп сонсож, диско бүжвэл бүр ч янзтай.. гээд магтаад байхад дундрахгүй олон баримт тэдэнд бий л дээ.

Төрсөн өдрийнхөө баярын бялууг амтлах тэр үдэш “Та бүхэн өөрсдийгөө Морин хуурын чуулгынх гэж бодоорой” гэж тус чуулгын менежер, Монголын мэргэжлийн анхны эмэгтэй хуурч Жанцанноровын Уугантуяа зочдодоо хэлсэн юм. Чуулгын “уран бүтээлч” тул ямар бүтээл тоглосноо, юу чаддагаа бичсэнгүй. Угаасаа шилдэг бүтээлүүдийг нь шүтэн бишрэгчид нь андахгүй. Тиймээс нуршвал илүү.  Харин …Би 20 жил үнэнч хөгжимдлөө. Гэсэн ч хажуу өрөө хөлсөлдөг хэвээрээ, унах унаа алга, тоглох тайз ч үгүй, хэдий болтол ингэж хөөгдөж туугдаж явах юм. Магтаж, бахархдаг чинь үнэн бол, биднийг үнэхээр тоодог юм бол бидний хувийн болоод урлагийн амьдрал руу өнгийж нэг хараач. Бидэнд батламж, өргөмжлөл хангалттай өгсөн. Энэ болоод энгэртээ зүүх  тэмдэг олон бий. Ингэхийн оронд төр засаг минь урлагтаа сэтгэл зүрхтэй биднийг үнэлж, дүгнэх болоогүй юү…. урсгаж гарах нь ээ. Би үнэхээр тэдний нэг, хуурч, хөгжимчин байсан бол энэ өдөр агсам тавих нь ээ…

Бахархдаг, баярладаг, омогш­дог, гоёдог, гангардаг брэнд чуулгынхаа 20 жилийн ойд тэгээд хэн ямар бэлэгтэй ирсэн юм бэ. Бэлэг зэхэх сэтгэл дутсанаа төрийн томчууд тоглолт үзээд хөөрч суухдаа анзаарсан болов уу. Гэтэл тэд хэчнээн ихийг бэлтгэж, энэ өдрийг хүлээж хөөрсөн нь илт. “Баярлалаа, сайхан тоглолт үзлээ” гэж дипломат зан гаргаад ч яах юм. Баярлалааг ямар балгах ч биш дээ гэж бид ярьдаг биз дээ.

Ц.ЭНХМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж