Энэ онд Хэнтий аймгийн ИТХ-ын тогтоолоор бор гөрөөс 80, зэрлэг гахай 75, цагаан зээр 150, загас 350, хар хур 10, сойр 10, шивэр хөтүү 20, дагуур ятуу 30 зэрэг нийтдээ 725 ан амьтан, загасыг ахуйн зориулалтаар агнах барих зөвшөөрлийг сум тус бүрээр хуваарилан баталсан байна. Ингээд “Агнуурын нөөц ашигласны төлбөр хураамжийн тухай” хуулийн дагуу 35 сая төгрөг аймгийн төсөвт төвлөрүүлэхээс одоогийн байдлаар 14 саяыг төвлөрүүлээд байна. Уг 14 сая төгрөгийн төлбөр хураамжийн 80 хувь нь зөвхөн тус аймгийн нутаг дэвсгэрээс тусгай зөвшөөрлөөр барьж байгаа идлэг шонхрын төлбөр хураамж ажээ. Үлдсэн 20 хувь нь хоёрхон суманд 70 ширхэг ан амьтан агнах барих эрхийн бичиг олгосны төлбөр. Иймээс иргэдийн хурлын тогтоолын дагуу ан амьтан агнах, загас барих эрхийн бичиг олголт тун хангалтгүй байна гэсэн дүгнэлт гарчээ. Жишээ нь, Жаргалтхаан суманд гэхэд сүүлийн хоёр жилд ан амьтан агнах, загас барих эрхийн нэг ч зөвшөөрөл олгоогүй байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалын дагуу ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах гарал үүслийн тодорхойлолтыг ч тус аймагт огт олгоогүй байна. Шалгалт үргэлжилсэн дөрвөн сарын хугацаанд тарвага агнасан 25 зөрчил илрүүлж, нийт 350 мянган төгрөгийн торгууль, 420 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ. Онон Балжийн байгалийн цогцолбор газар нутагт загас барихыг завдсан хоёр зөрчлийг илрүүлэн, захиргааны хариуцлага хүлээлгэн 140 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна. Шалгалтын явцад аймгийн дүнгээр 1,3 сая төгрөгийн торгууль, 2,2 сая төгрөгийн нөхөн төлбөр тавьсан нь хулгайн аргаар агнуур хийх явдал газар авсныг харуулж байна. Тухайлбал, хууль хяналтын байгууллагын ажилтнууд болох УМБГ-ын мөрдөн байцаагч, хурандаа Б.Дорлиг, Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн дэд дарга н.Гансүх нар ан агнуурын хууль тогтоомж зөрчсөн нь илэрч торгуулсан байна.
Тус аймагт ан амьтны тархац, нөөц нутгийг тогтоосон ан агнуурын менежментийн төлөвлөгөөгүй, агнуур зохион байгуулалтыг тодорхой төлөвлөлтгүй, хууль тогтоомжийн хүрээнд хийхгүй байгаа нь шалгалтын явцад илэрсэн томоохон зөрчил болж байна. Мөн хууль тогтоомжийн дагуу эрхийн бичгээ авч агнасан барьсан амьтныг худалдах, тээвэрлэхэд гарал үүслийн гэрчилгээг аймгийн хэмжээнд олгодоггүй байна.
Өмнөдэлгэр, Норовлин, Баянхутаг, Мөрөн, Баянмөнх, Галшар зэрэг сумдад ан агнуурын тухай хуулийн хэрэгжилтэд эргүүл хяналт шалгалт хийсэн талаар байгаль орчны хяналтын улсын байцаагч нар тайлагнаагүй, Цэнхэрмандал, Хэрлэн, Жаргалтхаан, Биндэр, Баян-Адарга сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар ан агнуурын тухай хуулийн хэрэгжилтийг шалгасан захиргааны зөрчлийн материал бүрдүүлэлгүй иргэдээс эд зүйл хураасан, хураагдсан эд зүйлийн талаар хяналт шалгалтын ажлын тайланд дурьдаагүй зөрчил дутагдлууд илэрлээ.