“ТВ коктейль” уран бүтээлийн хамтлаг 2003 онд байгуулагдсан цагаасаа эхлэн дэлгэцийн уран бүтээл хийж багагүй туршлага хуримтлуулж ирсэн билээ. Тухайлбал С-1-ТВ, Боловсрол-ТВ”ээр ТВ шоу нэвтрүүлэг явуулахын зэрэгцээ бүрэн хэмжээний уран сайхны кино “Сайн уу, амьдрал минь”, “Намрын синдром”, “Мөнгөний гахай” зэрэг бүтээл хийж үзэгчдэд танигдсан хамт олон болоод байгаа. Тэд уран бүтээлийн гол зорилгоо “цаашид орчин үеийн сонгодог жүжгүүдийг тайзнаа амилуулж ард түмэндээ хүргэх, Монголын театрын хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулна” хэмээн тодорхойлж байснаа биелүүлж эхэллээ гэж үзэж байна.
Бас нэгэн нааштай зүйл бол тус хамтлаг зохиогчийн эрх болоод оюуны өмчийн асуудлыг орхигдуулсангүй, орчуулгын бүтээлд байх жишгийг ханган жүжиг тавих зөвшөөрлийг авч Монголд суугаа Францын ЭСЯ болон Францын Монгол соёлын төвтэй хамтран ажилласан явдал бусдад үлгэр дууриалал болох нь зайлшгүй. Ингэснээрээ сүүлийн үед францын нэрд гарч байгаа жүжгийн зохиолч, найруулагч, судлаач Ерик Эмманюэль Шмиттийн “Хоёр ертөнцийн буудал” драмын жүжгээр шинэ эрэл хайгуул хийх, өөрсдийгөө турших ажилдаа оржээ.
Францын зохиолч Эрик Эмманюэль Шмитт 1960 онд төрж багадаа төгөлдөр хуур хөгжимд суралцсан бөгөөд Францын нэртэй Эколь Нормаль Суперьёр дээд сургууль төгсөж “Дидро ба метафизик” сэдвээр докторын зэргээ хамгаалжээ. 1991 оноос уран бүтээлээ тууриваж олон арван жүжиг, роман, кино зохиол бичсэн байна. Түүний гүн ухааны зохиолууд үзэгч, уншигчдын анхаарлыг ихээхэн татаж дэлхийн олон орны тайзнаа тавигдснаар Шмитт Францын театрын Сезар, Мольерийн нэрэмжит шагнал болон бусад театрын урлагийн олон төрлийн шагнал хүртсэн ажээ.
“Хоёр ертөнцийн буудал” жүжгээ Е.Э.Шмитт 1999 онд бичжээ. Жүжгийн үйл явдал өнөө үед тэнгэр газрын завсарын ертөнцөд болох ба жүжгийн баатруудын бие хүний ертөнцөд аливаа нэгэн шалтгаанаар комд орж, сэхээнд ухаангүй хэвтэж байгаа хэдий ч тэдний сүнс буюу сүлдэн бие завсарын ертөнцөд өөр өөрийн амьдралаар амьдарч, нэг нэгтэйгээ танилцаж, хоорондоо маргалдаж, хайр сэтгэлтэй болж байх юм. “Хоёр ертөнцийн буудал”-д ирснээр жүжгийн баатруудын амь нь үхэх сэхэхийн дэнсэн дээр байна даа хэмээн ойлгогдоно. Буудалд байх хугацаанд хүн болгон өөрийн амьдралын учир утгыг тунгааж өөрийн амьдралаа өөрчлөх итгэл олж авах бөгөөд тэрүүхэн хугацаанд тэд өөрсдийгөө танин мэдэж байна. Жүжгийн үйл явдал маш сонирхолтой өрнөж амьдрал хэмээх ертөнцийн чухал эд эс болох зовлон жаргал, хайр дурлал, итгэл найдвар, хүлээлт зэрэг нь илүүтэй тодорч үзэгч болгон тэдний байдлыг өөрийнхөөрөө хүлээн авч эхлэнэ.
Таван дүр, таван янзын амьдрал нь эхлээд ойлгомжгүй нэгэн ертөнцөд нэгэн цагт төвлөрч байх бөгөөд дүр болгон энэхүү ертөнцийг хүссэн хүсээгүй аливаа нэгэн ид шидийн гэмээр хүчинд автагдан орхиж явна. Явахаасаа урьд тэд өөр өөрсдийгөө танин мэдэж өөрчлөгдөх шаардлагатай болно. Дүр болгон хувирна. Нэг талаас эрээнтэй бараантай хүний ертөнц, нөгөө талаас хаан тэнгэрийн хатуу ертөнцийн зааг дээр Ерөнхийлөгч /Д.Энхбаяр/ ер өөрчлөгдөхгүй байхад Шидтэн /Ц.Батхуяг/ зориг гаргаж өөрийн зүрхээ багаасаа зүрхний гажиг өвчтэй залуу бүсгүй Лорад /Н.Цэнд-Аюуш/ бэлэглэнэ, залуу эр Жюльен / А.Өнөржаргал/ Лора хоёр хайр сэтгэлтэй болно.
Цахилган шатаар тэд энэхүү буудалд ирнэ. Энд ирсэн хүний үхэх сэхэхийг шийдвэрлэх цагт лифт аваад л явна. Цахилгаан шатны ногоон гэрэл асаж доош заахад жүжгийн баатар амьд үлдэж эх дэлхийдээ буцаж ирнэ. Хэрэв улаан гэрэл асаж лифт дээш заавал дээд тэнгэрийн ивээлд очно гэсэн үг.
Жюльен хэмээх гол баатар залуу өөрийн утга учиргүй амьдралд уйдан сархад ихээхэн хэрэглэж жолооны ард суун өөрөө өөрөөсөө зугтахыг хүснэ. Тэгээд замын осолд орсноор зам түүнийг хачирхалтай газар авчирна. Гутранги үзэлтэн, архи хэтрүүлдэг, бүсгүйчүүлийг хаяж гомдоодог, завхай байдлаараа алдартай тэр залуу лифтнээс гарч ирээд буудал ч юм уу, эмнэлэг ч юм уу хаана ирснээ удаан ойлгож ядна. Түүнтэй юу болсныг, яаж энд ирснийг тэр бээр үл ойлгоно. Энэ газраас гарах гэж оролдовч үл чадна. Түүнтэй ямар нэгэн зүйл болжээ. Хүмүүсийн яриагаар Си доктор ирж бүх зүйлийг тодруулах гэнэ. Тэгээд ч удаан хүлээсний эцэст Си эмч ирж, залуу үнэнийг мэдэж итгэж чадахгүй байна. Энэ дүрийг жүжигчин А.Өнөржаргал чадамгай бүтээлээ. Шоу үзүүлбэрт чамлахгүй туршлага суусан жүжигчин энэ удаа өөрийгөө эвдэн нилээд хүнд дүрийг амилуулж чаджээ. Энэ дашрамд хэлэхэд бусад жүжигчид ч мөн адил өөрсдийгөө драмын төрөлд туршиж муугүй жүжигчид гэдгээ харуулж чадлаа.
Жюльен буудалд ирэхдээ бусад хүмүүстэй танилцана. Лора бүсгүй /Н.Цэнд-Аюуш/ багаасаа өвчтэй, зүрх суулгахыг хүлээн эмнэлэгт хэвтэхдээ маш их сэтгэлийн тэнхээтэй, өөдрөг сэтгэлтэй бүсгүй гэдгээ харуулсан бөгөөд энэ буудалд ирээд өвчин шаналгаагаа мэдэхгүй баярлан бүжиглэж, амьдралд хайртайгаа илэн далангуй Жюльенд илчилнэ. Жюльен үхлийн хаяанд ирж амьдралын утга учрыг олж аз жаргалынхаа төлөө тэр хоёр залуу тэмцэж эхэлнэ. Хосуудын хайр дурлалын түүх яаж эргэж, тэд амьдралд дахин уулзах болов уу гэсэн олон асуултыг үзэгчид жүжгээ үзэн өөрсдөө шийдэж авна.
Ухаалаг хэрнээ их ёжтой Шидтэн Ражапурын дүрийг жүжигчин Ц.Батхуяг амжилттай бүтээлээ. Тэрбээр тийм ч их зөв амьдарсан хүн биш боловч үнэний төлөө явсаар бусад хүмүүсийн үнэнийг илчилж чадаж байх юм. Найруулагч түүнд Шидтэний дүрийг хувиарлахдаа жүжигчний гадаад үзэмжээр нь биш дотоод тоглолтоор нь үзэгчдийн анхаарлыг татаж чадна гэж үзсэнтэй холбоотой. Тэгээд ч жүжигчин өөрийн үүргээ чадамгай биелүүлжээ.
Шидтэн залуугаас гадна Ерөнхийлөгч гэж нэгэн хүн тэр буудалд байх ба тэр чухам ямар хүн бэ гэдгийг буудлын амьдрал ил тод гаргана. Ноён Ерөнхийлөгч нь нэгэн компанийг удирддаг, ихээхэн хөрөнгөний эзэн боловч хүн чанар хийгээд хүний мөсөөр тааруухан, хувиа бодсон гэдэг нь түүний үг болгоноос харагдана. Жүжигчин Д.Энхбаяр өөрийн дүрийн шугамаа зөв авч яван буудалд ирснээ бусдын шалтгаанаас өөр учир, хүнээс илүү хүндлүүлэх гэж оролдовч бүтээлгүйтэж буй дүрийг бүтээлээ. Тэгээд ч зарим үзэгчдээс түүнийг өрөвдөх сэтгэлийг жүжигчин төрүүлж чадаж байсан бол заримд нь бүх юмыг мөнгөөр хэмжиж болохгүй тухай эрэгцүүлэн бодуулах сэтгэл төрүүлж байна. Ерөнхийлөгч унадаг дугуйн ослоор энэ буудалд ирсэн ч амь гарах завшаан таарч лифтэнд суун ногоон гэрлээр газар дэлхийдээ буцах нь инээдэм төрүүлэхээр хийгджээ.
Хөөрхийлөлтэй өөр нэг дүр болох Цэвэрлэгчийн дүр юм, түүнийг жүжигчин Б.Навчаа сайн бүтээжээ. Хошин шоу төрөлд хүч сорьж байгаа жүжигчин Б.Навчаа энэ удаа цэвэрлэгч авгай болж тоглохдоо түүний уян зөөлөн сэтгэл, хүнийг хайрлах хайраар дүүрэн байгаа байдлыг харуулахын зэрэгцээ өөрийгөө гаргуунд гаргаж, өөрийнхөө төлөө санаа тавилгүй байсаар энэ газар ирээд улаан гэрлээр дээш явж байгаа дүрийг бүтээлээ. Үзэгчид нэг орой сайхан инээгэд гарьяа гэж театрт иртэл ийм сонин, гайхалтай, инээдмийн бус философийн драмын жүжиг үзэн сэтгэл санаа нь өөрчлөгдөхөд жүжигчдийн тоглолт нөлөөлсөн нь мэдээж юм. Тэдгээрийн дотор Б.Навчаагийн тоглолт гайхшруулж өөрийгөө эрс өөрчилж чадсан нь ил байлаа. Түүнд ямарч жанр төрлөөр тоглох авьяас байгааг найруулагч Ж.Сэнгэдорж олж харсан нь олзуурхууштай.
Сайн зохиолын хүчээр жүжгийн хэсэг бүрт нэг дүр товойн гарч ирж байх юм. Эхний хэсэгт Цэвэрлэгч, Шидтэн, Ерөнхийлөгч гол байр эзлэж байсан бол жүжгийн дунд хэсэг, тэгээд төгсгөл хүртэл тайзнаа залуу, бүсгүй, зургаа дахь дүр болох Си эмч нарын харилцан яриа гол байрыг эзлэнэ.
Си эмч /жүжигчин Л.Эрдэнэ- Очир/ буудалд ирсэн зочдыг хүлээн авч лифтэнд хүргэж өгөх ажилтай бөгөөд ухаалаг, шулуун шудрага нэгэн бөгөөд хүмүүсийн нүдэнд дулаан харагддаг бололтой. Жүжиг эхлэхэд зарчимч, ажил хэрэгч байдалтай байсан бол жүжгийн төгсгөлд ирсэн зочдыг өрөвдөх сэтгэлтэй нэгэн болж хувирдаг. Түүнийг тайзнаа гарч ирэх болгонд буудлын зочдын амьдрал эрс өөрчлөгдөнө. Си эмч хүнийг ухааруулж, амьдралын үнэ цэнийг мэдэхэд гол үүрэг гүйцэтгэнэ. Жүжигчин Л.Эрдэнэ-Очир энэхүү дүрийн шугамыг чанд баримталж тоглолтоо сайхан төгсгөж байлаа. Зохиолчийн санаагаар бол Си гэдэг нэр нь франц үгний “Sagesse”/сажэс/ буюу мэргэн “Savoir” / савуар/ буюу мэдэх гэсэн утга агуулсан юм байна. “Итгэл найдвар аливааг гэрэлтүүлж гийгүүлдэггүй ч хүний сэтгэлийг бүлээлцүүлдэг” гэж Си эмчийн хэлсэн үг буудалд ирсэн баатруудад найдвар төрүүлэн лифтэнд орох урам зориг оруулж байгааг Л.Эрдэнэ-Очир тод харууллаа.
Жүжгийн найруулга сайн болсон нь мэдээж сайн зохиолтой холбоотой. Мөн найруулагч Ж.Сэнгэдорж жүжигчдийн дүрийн хувиарлалтыг зөв хийж тэднийг удирдсан /продюсер Ш.Жавхлан, Э.Цолмонбаяр, Д.Мягмар/ нь санаа бодлоо илэрхийлэхэд ихээхэн тус дэм болжээ. Түүний багт хөгжмийн зохиолч /Г.Онон/, бүжиг дэглээч/ Д.Энхгэрэл/, зураач /О.Баярмагнай/ жигд ажиллаж нэгдмэл сайхан бүтээл бий болгожээ. Тайзнаа хөшиг нээгдэхэд хүний тархийг олон утас гуурсаар ороосон байх бөгөөд тайзны ар талын гүнд ногоон улаан товчлууртай лифт байрлуулан өржээ. Мөн тайзнаа хүний хромосом гэлтэй бие барьсан цагаан хувцастай хүмүүс гүйлдэн эргэлдэх нь найруулгыг чимж өгч байлаа. Тайзан дээр өөр зүйл үгүй. Энд л үйл явдал өрнөнө. Жүжгийн эхний хэсэгт дүрүүд бүгд хар хувцастай байсан бол үйл явдал өрнөхийн хэрээр бүгд цагаан хувцас өмсөн хувирна. Найруулагч зохиолчийн санааг даган /орчуулагчийн хамтаар/ амьдрал ба үхэл, эмгэнэл ба инээдмийн хоорондох хүлээлт, амьдралын алдагдсан утга учрын эрэл хайгуулын тухай өгүүлэхдээ тайзнаа үзүүлж буй нууцлаг бүхнийг итгэл найдвараар төгсгөж байгаа нь жүжгийн амжилтын үндэс болжээ.
“ТВ коктейль” уран бүтээлийн хамтлаг францын зохиолч Е.Э.Шмиттийн “Хоёр ертөнцийн буудал” жүжгээрээ оны шилдэг бүтээлд нэрээ дэвшүүлэх, бусад уран бүтээлчидтэй өрсөлдөх чадвартай гэдгээ нотлох нь дамжиггүй .
Театр судлаач, урлаг судлалын ухааны доктор, дэд профессор