Феттель дэлхийн аваргыг тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.10.15-нд нийтлэгдсэн

Феттель дэлхийн аваргыг тэргүүлж эхэллээ

“Формула-1”-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний энэ улирлын 16 дахь гараа болох Өмнөд Солонгосын гран-при уралдаан өнгөрсөн амралтын өдрөөр БНСУ-ын Йонгам мужид боллоо. Тус гараанд “Red Bull”-ийн Себастьян Феттель түрүүлснээр “Формула-1”-ийн дэлхийн аваргыг манлайлж эхэллээ.

Дэлхийн хошой аварга Феттель ийнхүү карьерынхаа 25 дахь түрүүгээ авсан нь энэ. Улирал эхэлснээс хойш дөрвөн гран-прид түрүүлэхдээ сүүлийн гурван гараанд дараалан аваргалж буй тэрбээр нийт 215 оноотой нисгэгчдийг тэргүүлж байна. Харин Өмнөд Солонгосын уралдаан хүртэл жагсаалтын эхэнд бичигдэж байсан Фернандо Алонсо өчигдрийн гараанд гуравдугаар бариалж, нийлбэр 209 оноотой хоёрдугаарт эрэмбэлэгдэх болов. Түүний араас 167 оноотой Кими Райкконен бичигдэж байна.

БНСУ-ын гараанд “Red Bull”-ын хослол эхний хоёр байрыг эзэлсэн. Феттель тэргүүлж, уралдааныг тэргүүн эгнээнээс эхлүүлсэн Марк Уэббер хоёрт бариалжээ. Харин “Ferrari”-гийн Алонсо гуравт, түүний багийн хамтрагч Фелипе Масса дөрөвт, түүний араас Райкконен хурдалсан байна. Тэдний араас Нико Хюлькенберг /Форс Индия/, Ромен Грожан /Лотус/, Жан-Эрик Вернь, Даниэл Риккардо /хоёул Торо Россо/, Льюис Хэмилтон /Макларен/ нарын нисгэгчид топ 10-т багтжээ.

2012 оны уралдааны хуваарьт ердөө дөрвөн гараа үлдээд байна. Дараагийн уралдаан аравдугаар сарын 28-нд Энэтхэгт болно. 

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж