Коммунист намын хурал хүлээлт үүсгэв

Хуучирсан мэдээ: 2012.10.15-нд нийтлэгдсэн

Коммунист намын хурал хүлээлт үүсгэв

Дэлхийн эдийн засгийн хурд саарч байна. Тэр дундаа Хятадын өсөлт ч буурч эхэлсэн нь Монголд тсугалаа олжээ. Тус улсын эдийн засгийн үзүүлэлт энэ онд нэлээд буурлаа. Түүхий эдээр баялаг Монголын хувьд өнгөрсөн онд дэлхийн эдийн засгийн хям­ралаас үл хамаараад до-тоод нийт бүтээгдэхүүн нь 17.3 хувиар өссөн билээ. Үүнийг эрчим хүчний хэрэг­лээ ихтэй том хөрш рүүгээ нүүрс экспортолж, уул уур­хайн салбар дахь хөрөнгө оруулалтай нэмэгдүүлсэнтэй хол­бон тайлбарлаж болно. Энэ оны нэгдүгээр хагасын байдлаар Монголын эдийн зас­гийн өсөлт 13.2 хувь болж буурсан. Гэхдээ л энэ нь дэлхийн хэмжээнд бол томоохонд тооцогдох өсөлт юм. Харин Хятадын эдийн засгийн хурд саарч байгаа энэ үед тус улсын нүүрсний зах зээлээс хэт хамааралтай байгаагаа яаж өөрчлөх вэ гэх асуулт гарч ирж байна.

Хятадын түүхий эдийн эрэлт ихсэхтэй зэрэгцээд сүүлийн жилүүдэд Монголын нүүрсний экспортын хэмжээ эрс өссөн. Албаны мэдээгээр бол өнгөрсөн онд тус улсын нүүрсний экспорт 27.5 хувиар өсч, 21.3 сая тонн болжээ. Гэтэл энэ онд Хятадын эдийн засгийн хурд саарснаас болж, эрэлт буурч, Монголын нүүрсний үнэ 10-15 хувиар унажээ. Монголын Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба “Бид өнгөрсөн жил экспортолсон нүүрсний хэмжээтэй ойролцоог энэ жил хилийн чанад руу гаргана гэж найдаж байгаа. Гэхдээ тийм боломж байхгүй болж байх шиг” хэмээн манай агентлагт ярив.

Өнөөдөр Монголын нүүрсний экспортын 92 хувь нь Хятад руу гарч байна. Бараг л бүгд гэсэн үг. Харин энэ оны хоёрдугаар улиралд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 7.6 хувь болж буурсан нь сүүлийн гурван жил дэх хамгийн бага үзүүлэлт болсон юм. Австралид төвтэй “Aspire Mining”-ын захирал Дэвид Пол “Хятадын Коммунист намын удирдлагууд солигдож байгаагаас үүдэж бий болсон хүлээлт, нүүрсний эрэлт суларсан болон улирлын шинжтэй шалтгаан зэрэг нь Монголд сөргөөр нөлөөлж байна” гэж тайлбарлалаа. Зарим шинжээчдийн таамаглаж байгаагаар бол Хятадын шинэ удирдлага эдийн засгаа тэлэх бодлого явуулж магадгүй аж. Тиймээс удахгүй болох Коммунист намын хурал нүүрсний зах зээлд хүлээлт үүсгээд байгаа юм.

Монголын парламент стратегийн ач холбогдолтой салбар дахь гадны хөрөнгө оруулалтыг хязгаарлах хууль баталсан зэрэг нь нүүрсний зах зээлд нь нөлөөлж байгаа. Үүнтэй зэрэгцээд өнгөрсөн зургаадугаар сарын сүүлчээр “Саусгоби Ресу­рзес” компани Овооттолгой дахь олборлолтоо зогсоосон. Тус компанийн ТУЗ-ийн дарга асан Александр Молинекс үүнийг Засгийн газраас ирсэн дарамттай холбон тайлбарласан. Мөн “Саусгоби Ресурзес”-ийн хувьцааг Хятадын “Чалко” компани худалдаж авах гэсэн боловч Монголын Засгийн газар саад хийсэн. Уг нь Орос, Хятадын дунд хавчигдаж байрладаг, далайд гарцгүй орон Монголын нүүрсний зах зээл Хятадын хурдацтай тэлж буй эдийн засгаас маш их хамаардаг. Гэхдээ өсөлт нь саарч байгаа учраас ноос, ноолуурын салбар, аялал жуулчлалаа хөгжүүлэх замаар нүүрснээс хараат байхаа болихыг хичээж байна.

Монголын Сайншандад 10 тэрбум ам.долларын өртөг бүхий аж үйлдвэрийг парк байгуулах төлөвлөгөө бий. Түүнчлэн тус улсын Засгийн газар гурван тэрбум ам.долларын өртөг бүхий төмөр замыг Орос руу тавих гэж байгаа. Үүгээр дамжуулж бараа, бүтээгдэхүүнээ Оросын Алд Дорнодын боомт руу аваачиж, далайд гарцтай болохыг зорьжээ. Зэсийн экспорт ч бас Монголд ашигтай.

“ResCap” хөрөнгө оруулалтын компанийн захирал Эрик Зуррин “Нүүрсний арилжаа улирлын шинжтэй байхаас гадна өөр олон хүчин зүйлээс хамаардаг. Харин зэсийн эрэлт ерөнхийдөө тогтвортой байна” хэмээн ярьсан юм. Өөрөөр хэлбэл, нүүрсний эрэлт тодорхой цикльтэй байдаг бол зэсийн үнэ урт хугацаанд тогтвортой байдаг нь монголчууд энэхүү металлыг орхиж болохгүй гэсэн санаа аж.

Т.ЭЛИСА
ЭХ СУРВАЛЖ: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" СОНИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж