Хуучирсан мэдээ: 2012.10.15-нд нийтлэгдсэн

Төрийн тусгай хамгаалалттай обьект, эмнэлгийн мэс заслын өрөө гэх мэт газарт хадсан “Зөвшөөрөлгүйгээр нэвтрэхийг хориглоно” гэсэн бичгийн өмнүүр хэн ч хөл гишгин ордоггүй хүндэтгэлтэйгээр ханддаг. Угаас алхаж орьё ч гэсэн дүрэм журам таныг алхуулах ч үгүй.

Харин эгэл жирийн оффист “Та зөвшөөрөл авч хаалга тогшиж орно уу” гэж эелдгээр сануулсан бичиг байдаг. Магадгүй таны хүүхэд өөрийнхөө өрөөний үүдэнд энэ бичгийг хадсан байх юм бол өөрийнхөө ертөнцийг тунхаглан зарлаж байгаа түүнийг хүндэтгэн зогсно. Өөрөөр хэлбэл, хууль журмаар заасан ч эс заасанч байх л ёстой хэмнэл журмыг хэн ч гэсэн хүндэтгэж биелүүлдэг гэсэн үг.
Харин сүүлийн үед үг зүйн болоод утга талаасаа дээр дурдсантай ижил мэт боловч илүү их биднийг сэртийлгэх олон явдал “зөвшөөрөл” гэх энэ үгний тодотголтойгоор чихэнд сонсогдох болов. Тэр бол зөвшөөрөлгүй барилга, зөвшөөрөлгүй…, зөвшөөрөлгүй…

Танд ч надад ч үй олон зөвшөөрөлгүй барилгуудын заримд нь хүмүүс амь насаа алдаж, хажууханд чинь хэзээ ч дэлбэрч магадгүй зөвшөөрөлгүй шатахуун түгээх станцууд ажиллаж байгаа гээд бодохоор үнэхээр аймшигтай санагдаж байгаа. Зөвшөөрөлгүй барилга дээр ажиллаж байсан зөвшөөрөлгүй техник арав гаруйхан настай охины амийг авч одсон, гэр хорооллын дунд дур мэдэн барьсан ШТС-ууд дэлбэрч амжаагүй байгаа мина шиг амьсалж байгаа гэхээр бид чинь хаана, юун дунд амьдарч байгаа хүмүүс вэ гэж хэртхийн цочмоор, халаглан бачуурмаар. Жирийн иргэд бидний хувьд яагаад зөвшөөрөлгүй барилга бариулж байсан юм бэ, яагаад зөвшөөрөлгүй машин механизм ажиллуулж байсан юм бэ?… яагаад, яагаад гэсэн үй олон бухимдалт асуултууд гарч байгаа. Улаанбаатар хот гэдэгт чинь зөвшөөрөлгүй мина үй олноороо дэлбэрэх цагаа хүлээж байгаа, эхнээсээ дэлбэрээд эхэлчихсэн, өнөөдөр таны хөлийн дор ч тэр мина дэлбэрч та гэртээ амьд орох эсэх нь 100-ны 99 хувь баталгаагүй байгаа юм биш үү? Тэгээд тэр зөвшөөрлийг нь хэн өгч, хэн авч хэн хангах ёстой юм бэ? 

Магадгүй өнөөдөр л гэв гэнэт баахан зөвшөөрөлгүй “этгээд”-үүд “цасан” доороос ургаад гараад ирсэн хэрэг биш байх. Гэнэт гэмээр ийм олноороо “илэрч” гарч ирж байгаа болохоор. Магадгүй зөвшөөрөлгүй “этгээд”-ийг ийн илрүүлсэн нь сайн хэрэг. Гэхдээ л яагаад ийм олон зөвшөөрөлгүй этгээд өнөөдөр байж л байна вэ гэдгийг бодох л ёстой байх. Тусгай зөвшөөрөл тусгай байх ёстойн хэрээр хяналт шаардлагаа ч тусгай тавих ёстой нь зүй. Басхүү тусгай зөвшөөрөл ямар шат дамжлагаар олгогдож байсан бэ гэдгийг эргэж харах нь ч зүй. Мэдээж энд авлига, хүнд суртал тээг болсон эсэхийг ч хөндөж л байгаа хэрэг. Төрөөс тусгай гэж онцолж байгаа зөвшөөрлийг яаж ямар байдлаар олгодог байгаад хэн яагаад түүнийг эс тоомсорлоод өнөөдрийн ийм байдлыг үүсгэсэн юм бол? Энэ бол анхаарах гол асуудал. 

Ямар ч гэсэн маргааш ямар нэгэн золгүй явдлын ард “зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан” гэсэн бүрхэг тайлбар бүү дагалдаг. Бүгд ном журмынхаа дагуу зөвшөөрлийн дагуу үйл ажиллагааагаа явуулж байг. Бас бүгдэд нь ном журмынх нь дагуу үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрлийг нь олго.

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж