Хуучирсан мэдээ: 2012.10.15-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн долоо хоног ДЭЛХИЙ ДАХИНД:

Өнгөрсөн долоо хоног дэлхий дахинд олон онцлох үйл явдал өрнөлөө. Дэлхий дахины хүлээлтийг дагуулж байсан АНУ-ын дэд ерөнхийлөгчийн төлөөх мэтгэлцээн болж, Ардчилсан намаас нэр дэвшигч Жое Байден ялимгүй илүү хувиар ялав. Харин Латин Америкийн Венесуэль улсын ерөнхийлөгчөөр Уго Чавес гурав дахь удаагаа улиран сонгогдлоо. Пакистанд лалын хэт даврах үзлийн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн охин буудуулав. Хамгийн сонирхолтой үйл явдал өнгөрч буй долоо хоногийн сүүлээр болж, Нобелийн энх тайвны шагналыг Европын холбоонд гардууллаа. Зарим шүүмжлэгчид Нобелийн шагналын хороог хэтэрхий улстөрждөг болсон гэж шүүмжилж байна.

Зоригт Малала

Түүний талаар дэлхийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд ийн шуугиж байна. Лалын шашны хатуу дэг ёсны дагуу охид, эмэгтэйчүүдийн эрхийг асар ихээр зөрчдөг Пакистан улсын боловсролын системд охидыг хэрхэн сургах талаар өөрийн үзэл бодлоо зоригтой илэрхийлсэн хүн бол 14 настай Малала Юсуфзай. Үүнийхээ төлөө хэт даврагсдын суманд өртсөн юм. Толгой болон нуруундаа буудуулсан Малалаг шархадсан даруйд түргэн тусламжийнхан цаг алдалгүй ирж, хагалгаанд оруулснаар амийг нь аварсан. Залуу пакистан охины бичсэн зүйлс олон арван жилийн турш хаалттай байсан сэдэв юм. Эрэгтэй хүний хажууд ямагт эрх нь доор оршсон энэ нийгэмд залуу охины хатуу бөгөөд үнэн үгийг маш эмзэгээр хүлээж авсан юм. Өөрөөр хэлбэл, ариун Мохаммедийг өсвөр насны охин доромжилсонтой агаар нэгэн байсан биз. Гэхдээ лалын ертөнцийн хүмүүст эрх тэгш байдлын төлөө ухуулан таниулж, басхүү дэлхий нийтийн анхаарлыг ч татаж чадсан гайхамшигтай үйл явдал болсон юм.

“Яг үнэндээ түүний насны битгий хэл насанд хүрсэн хүмүүс ч энэ сэдвийг хөндөхөөс айдаг. Гэтэл тэр 12 настайгаасаа энэ асуудалд эсрэгээр хандаж, эрх тэгш байдлын төлөө тэмцэж эхэлсэн. Түүнд Нобелийн Энхтайвны шагнал ч багадахаар тийм их зориг гаргасан” гэж “Майми Хералд” сонины Олон улсын улс төрийн асуудал хариуцсан ахлах сурвалжлагч Фрида Гиттс ярьжээ. Энэ асуудал одоо ч намжаагүй байна. Түүнийг АНУ-д авчирч боловсрол олгох хүсэлтэй олон арван америк иргэд хөдөлгөөн өрнүүлж байгаа аж.

Ардчилагчид нэр  төрөө аврав

АНУ-ын ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөний эхний мэтгэлцээнд ардчилсан намынхан, бүгд найрамдахчуудад ялагдсан юм. Митт Ромни итгэл төгс байдал, хурц ширүүн асуултууд 270 мянган иргэний дэмжлэгээр хурц тод илэрсэн билээ. Яг энэ үйл явдалын дараа АНУ-ын дэд ерөнхийлөгчийн төлөөх мэтгэлцээн тохиосон нь дэлхийн нийтийн анхаарлыг татаж байсан юм.  АНУ-ын дэд ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Жое Байден, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Пол Райн нар Монголын цагаар 12-ны 07:30 минутаас эхлэн бүтэн 90 минутын турш хүчтэй мэтгэлцсэн билээ. АНУ-ын эрүүл мэнд болон татварын системийн тухай  өрнөсөн энэхүү мэтгэлцээнд хоёр нэр дэвшигч хүч тэнцүүхэн өрсөлдлөө. Эцсийн дүнд туршлагатай улстөрч Жое Байден хэдхэн хувийн илүүгээр ялсан билээ. “Түүний тактик бол яг л Митт Ромнигийн тактик байсан. Гэхдээ Райн маш олон хэцүү асуултыг тавьж байсан. Харин үүнд Жое Байден ухаалаг хариултыг өгч байлаа” гэж CNN агентлагын Цагаан ордны тусгай сурвалжлагч Марк Мардель ярьжээ.

Гэхдээ Пол Райны, Обамагийн гадаад бодлого тэр дундаа Лив, Сирид явуулж байгаа цэргийн ажиллагааг буруутгаж, АНУ-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа гэж дүгнэсэн нь олонхи америкчуудын сэтгэлийг хөдөлгөсөн билээ. Харин ерөнхийлөгчийн төлөөх хоёр дахь мэтгэлцээнд Ромни, Обама нар хэрхэн мэтгэлцэх нь маш сонирхолтой үйл явдал болох юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний түүхийн “заншил”-аар бол хоёр дахь мэтгэлцээн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг аж. Дэд ерөнхийлөгчийн төлөөх мэтгэлцээн нэгэн түүхийг бичиж үлдээсэн. АНУ-ын ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн мэтгэлцээнд хэзээ ч католик шашинтай хоёр хүн мэтгэлцэж байгаагүй билээ.

Уго Чавез гурав дахь удаагаа Ерөнхийлөгч болов

1999 оноос хойш гурав дахь удаагаа Венесуэлийн ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо. Энэ удаагийн сонгуульд тэрээр 54 хувийн саналаар  ерөнхийлөгчийн суудалд заларсан юм. Харин энэ үзүүлэлтүүд нь өмнөх хоёр сонгуулийн үр дүнгээс харьцангуй доогуур байсан билээ. Энэ удаагийн сонгуульд тэрээр хэд, хэдэн онцлох мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Эхнийх нь эрүүл мэндийн системийг шинэчлэх. Тэрээр энэ ажилд таван жил хангалттай гэж үзжээ. Хоёрдахь нь газрын тос эрхлэх үйл ажиллагаанд зөвхөн Хятадыг биш, Европ болон АНУ-ын компаниудыг оролцуулна гэж амласан. Гуравдахь нь эдийн засгийн өсөлтийг гурван хувьд хүргэж, ажилгүйдлийн хэмжээг дөрөв дахин бууруулах тухай байсан юм. Дөрөв дэх нь эдийн засгийн бодлогоо илүү нээлттэй болгох. Одоогийн байдлаар зөвхөн Хятад болон бүс нутгийн хэдхэн улстай харилцдаг эдийн засгийн харилцааг дараагийн жилүүдэд бүхэлд нь нээлттэй болгох ажээ. Түүний энэхүү амлалтууд ямар үр дүнд хүрэхийг зургаан жилийн дараа дүгнэх боломжтой.

Гадны ажиглагчдын мэдээлж буйгаар Арабын хавар шиг үйл явдал Венесуэльд өрнөхөд ойрхон байгаа аж. Сүүлийн нэг жилийн дотор цалингийн хэмжээ харьцангуй доогуур байгаа нь дахиад гурван сар хэвээр үргэлжлэх юм бол томоохон эсэргүүцлийн жагсаал, цуглаан өрнөх аюулыг дагуулж байна.

Европын холбоо Нобелийн энх тайвны шагнал хүртэв

2000 он гарснаас хойш ийнхүү дөрөв дэх удаагаа олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллага Энхтайвны шагналд ялалт байгууллаа. Гэхдээ үүнийг олон улсын ажиглагчид улс төрийн шахалт гэж үзэж байна. “2008 онд Барак Обамад олгосон шагнал, 2005 онд Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагт олгосон шагнал зэргийг харвал Нобелийн хорооныхон улстөрийн зүгээс шагналыг гардуулж байгаа нь тодорхой харагдаж байна. Энэ жил энх тайвны шагналд өрсөлдсөн 231 хувь хүн, байгууллагаас яагаад заавал Европын холбоог сонгов? Холбооныхоо дөрөв, таван улсыг дампуурлын ирмэгт хүргэчихээд энх тайван цогцлоосон гэж үзэж байгаа юм уу” гэж Австралийн их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны тэнхимийн профессор Кийт Финлейсон ярьжээ.

Яг үүнээс болж олон нийтийн сүлжээний хэрэглэгчид олон арван сэтгэгдлийг цахим ертөнцөд бичсээр байна. Грек улс үүнд шүүмжлэлтэй байр сууринаас хандаж байгаагаа мэдэгджээ. Мөн Ирланд, Португаль, Испани улсын сөрөг хүчнийхэн маш хүчтэй шүүмжилж байгаа юм.

Өнгөрч буй долоо хоногт дэлхийн өнцөг булан бүрт өрнөсөн үйл явдалуудаас бид эдгээр үйл явдлуудыг онцолж байна. Үүнээс гадна Хадарковскийг суллах тухай яриа Кремлээр өрнөсөн нь дурьдахуйц үйл явдал. Мөн Индонезийн Бали аралд одоогоос арван жилийн өмнө болсон аймшигт дэлбэрэлтийн хор уршигийг дэлхий нийт эргэн дурслаа.

Тоймч Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж