
Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Уг өдөрлөгийг Улсын Дээд шүүх,
Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Нийслэлийн шүүх, Жайка Олон улсын хамтын
ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Монголын
Өмгөөлөгчдийн холбоо, Хууль Зүйн үндэсний хүрээлэнгээс хамтран зохион
байгуулсан байна. Өдөрлөгийг нээж Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Тунгалаг,
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх
Ч.Өнөрбаяр, Японы элчин сайдын дэд тэргүүн Хаяаши Шиничиро, Япон улсын
Чуюкогийн Их сургуулийн хуулийн профессор, багш Инаба Казүто, Монголын
өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Пүрэвням нар үг хэлэв. Эвлэрүүлэн
зуучлалын зорилго нь маргааны талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц
шийдлийг олоход нь зуучлагч дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын
харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай
зохицуулах юм гэдгийг тэд үг хэлэхдээ онцолж байлаа. Дэлхийн олон оронд
маргааныг шийдэх хамгийн амжилттай хэлбэрийн нэг болсон эвлэрүүлэн
зуучлалын үйл ажиллагаа манай улсад нэвтэрч байгаад хуулийн салбарынхан
баяртай байгаагаа энэ үеэр мөн илэрхийлж байв.
Өдөрлөгт иргэдэд эвлэрүүлэн зуучлалын талаар мэдээлэл, эрх зүйн зөвлөгөө
өгөхөөр эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалтанд хамрагдсан шүүгч,
өмгөөлөгч, шүүгчийн туслахууд, тэр дундаа “Эвлэрүүлэн зуучлах
тогтолцоог сайжруулах төсөл”-ийн түшиц шүүхүүд болох Баянзүрх дүүргийн
шүүх, Дархан-Уул аймгийн шүүхүүдэд эвлэрүүлэн зуучлалыг хэрэгжүүлж ирсэн
туршлагатай эвлэрүүлэн зуучлагч нар оролцон, нийт 200 гаруй иргэдэд
эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүйгээр өгсөн байна. Өдөрлөгийн үеэр иргэд
гэр бүл, худалдах-худалдан авах гэрээ, зээлийн гэрээнээс үүдэлтэй
маргааны талаар түлхүү сонирхож байлаа. Дашрамд дурьдахад манай улсад
эвлэрүүлэн зуучлах ажиллагааг нэвтрүүлэхээр Улсын Дээд шүүх, Монголын
Өмгөөлөгчдийн холбоо, Японы “Жайка” олон улсын хамтын ажиллагааны
байгууллага хамтран “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах
төсөл”-ийг 2010 оны 6 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн юм.
Төслийн хүрээнд эвлэрүүлэн зуучлах сургалтыг гурван удаа явуулж нийт 181
хүнд эвлэрүүлэн зуучлагчийн сертификат олгосон байна. Мөн 2011 оны
тавдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн түшиц шүүх болох Баянзүрх дүүргийн
шүүх, Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлах хэсэгт
эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, нийт 430 гаруй иргэний болон гэр
бүлийн маргааныг шийдвэрлэсэн байна. Баянзүрх дүүргийн шүүх 2012 он
гарсаар эвлэрүүлэн зуучлалаар 250 орчим хэрэг шийдвэрлэснээс нийт
хэргийн 5,1 хувь нь гэр бүлийн маргаан, 0,68 хувь нь хөдөлмөрийн
маргаан, 93,7 хувь нь иргэний эрх зүйн маргаан, тэр дундаа зээлийн
маргаан, худалдах худалдан авах гэрээнээс үүдэлтэй маргаан зонхилж
байна.
Эвлэрүүлэн зуучлах хэсэгт хандсан нийт маргааны ихэнх хувь нь амжилттай
шийдэгдсэн бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд шүүхүүдийн
ажлын ачаалал буурсан үзүүлэлт гарчээ. Эвлэрүүлэн зуучлалын тухай шинэ
хууль ирэх оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх аж.
Ш.ЧИМЭГ