
“You Tube”-ээр дамжин маш олон энгийн хүмүүс дэлхий дахины үзэгчдэд хүрч, олны танил болж, энгийн хүмүүс хийсэн видеогоороо дамжуулан “од” болдог. Түүнчлэн хөгжилтэй, бүтэлгүй, эвгүй агшнууд хүртэл тус сайтаар дамжин дэлхий дахинд хүрч өөр төрлийн рекорд тогтоодог. Хувь хүмүүс тус сайттай хамтарч, өөрсдийн “You Tube” шоуг зохион байгуулдаг. Тухайлбал “Чарли миний гарыг хазчихлаа” /Charlie bit my finger – 189 сая хүн үзсэн/, “Девид шүдний эмчид үзүүлээд” /David after dentist – 59 сая хүн үзсэн/, “Канон Д- цахилгаан гитар дээр” /guitar -90 сая хүн үзсэн /, “ЖК-ын хуримын гараа” /JK wedding entrance – 50 сая хүн үзсэн/ зэрэг видеонууд болон Boxxy, NigaHiga, Juicystar07 нарыг дурдаж болно. “You Tube”-ээс төрсөн “Billboard”-ын од гэвэл “My World 2.0” цомгоо гаргаад байгаа канадын дуучин хүү Justin Bieber-ыг дурдаж болно.
БНХАУ, Морокко, Иран, Пакистан, Ливи зэрэг улсууд өнөөдөр “You Tube”-ыг иргэддээ үзүүлэхийг хориглож хаалт тависан байна. “You Tube”-ын видеог олон янзын чанар үзүүлэлттэйгээр үзэж болох бөгөөд хамгийн сүүлд 2009 оны 11 сараас 1080p HD форматаар үзэх боломжтой болсон. Мөн 22 хэлээр тус сувгийг үзэж болно. “You Tube LLC” компани гэрээтэй түншүүдээс болон сурталчилгааны орлогоос санхүүждэг.
Т.Бадрах