Дотоод хэргийн их сургуулийн нэрийг өөрчиллөө

Хуучирсан мэдээ: 2012.10.14-нд нийтлэгдсэн

Дотоод хэргийн их сургуулийн нэрийг өөрчиллөө

Дотоод хэргийн их сургуулийг Хууль сахиулах их сургууль болгон өөрчлөн зохион байгуулахаар боллоо. Тус их сургуулийн захирлыг энэ сард багтаан томилж, дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг батлах болон сонсогчийн хувцасны иж бүрдэл, өнгө нормыг Засгийн газраар батлуулахыг Хууль зүйн сайдад өчигдөр даалгасан байна.

Үндэсний дээд боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, шүүх эрх мэдлийн байгууллага, төрийн тусгай албанд хийж буй шинэчлэл, хууль сахиулах үйл ажиллагааг боловсронгуй болгохтой уялдуулан ийн тус сургуулийн үйл ажиллагааны агуулга, технологийг өөрчлөн зохион байгуулах шаардлагатай гэж үзсэн байна.

Түүнчлэн Онцгой байдлын харьяанд байдаг Гамшиг судлалын хүрээлэн, аврагч бэлтгэх сургалт арга зүйн төвийг Хууль сахиулах их сургуулийн бүтцэд оруулахаар болсон аж. Ингэснээр мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх үйл ажиллагаа илүү өргөн хүрээтэй болж гамшиг судлалын ухааны шинжилгээ, судалгааны ажил өндөр түвшинд гарч, гамшгаас хамгаалах сургалт, судалгааны нэгдмэл тогтолцоо бий болно гэж үзэж байгаа ажээ.

Хууль сахиулах их сургууль нь хууль сахиулах болон аюулгүй байдлыг хангах байгууллагад ажиллах дээд, тусгай мэргэжлийн боловсролтой офицер, ахлагчийг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, давтан сургах,  эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага байх бөгөөд Хууль зүйн яамны шууд харъяанд байх юм. Тус сургуулийн бүтцэд Мөрдөгчийн сургуулийг шинээр байгуулахаар мөн төлөвлөж байгаа юм байна. 

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж