Хуучны гуравдугаар эмнэлгийн буурин дээр босч буй Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг баригдаж дуусахаас нь өмнө эмнэлэг хэвээр байлгах уу, оффис болгох уу гэсэн шуугиан гарч эхэллээ. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг нэгтгэж, шинэ барилгыг иргэд ороход чөлөөтэй шүүхийн барилга болгож болох юм гэсэн нь хүчнийхний эмчлүүлдэг эмнэлгийн эмч, ажилтнуудын зүгээс эсэргүүцэлтэй тулгарав. Харин Хууль зүйн сайд “Эмнэлгийг алга болохгүй” гэдгийг эмч нарт хэлээд буй. Үйл явдал цаашаа хэрхэн өрнөх нь дараагийн өдрүүдэд тодорхой болно.
Монгол Улсын экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр ялын тогтоолоо эмнэлэгт гардаж авчээ. Албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэдэг хэргээр дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн МАХН-ын дарга Н.Энхбаярт өнгөрч буй долоо хоногийн баасан гаригт Нийслэлийн шүүхийн ажилтнууд эмнэлэг дээр нь очиж тогтоолыг гардуулжээ. Харин экс Ерөнхийлөгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хандана гэдгээ мэдэгдээд буй.
Одоо хүртэл маргаан нь тасрахгүй байгаа УИХ-ын сонгуулийн Өвөрхангай аймгийн тойргийн маргаан орон нутаг руугаа буцлаа. Өвөрхангай аймгийн шүүх МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх хэргийг долоо хоногийн эхээр хэлэлцсэн юм. Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг Сонгуулийн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргаж, нэхэмжлэгч тал Дээд шүүхэд гаргасан эсэргүүцлээ буцаажээ. Өвөрхангай аймгийн шүүхийн шийдвэрийн талаар хариуцагч тал арав хоногийн дотор дараагийн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Энэ бүх орооцолдооны эцэст АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нар тангаргаа өргөх боломж бүрдээд эхэллээ гэх таамаг гараад эхэллээ. Гэхдээ арав хоногийн дараа энэ бүхэн шийдэгдэнэ.
Өнгөрч буй долоо хоногт УИХ-аар ирэх оны улсын төсвийнхөө анхны хэлэлцүүлгийг хийсэн бол нийслэл хот энэ оны төсвөө тодотгож байна. Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Гандангийн дэнжээр зочилж, хамгийн анхны хаус хорооллыг тэндээс эхлэхээр төлөвөж буйгаа оршин суугчдад нь дуулгав.
Засгийн газар иргэдээ сонсдог “чих”-тэй боллоо. Баасан гаригийн өглөө 11-11 төвийн нээлтийг хийсэн. Одоо засаг, төрийн ажилтай холбоотой мэдээллээ иргэд хот, хөдөө хаанаас ч 11-11 рүү илгээж болно. Утсаар, твиттерээр, фейсбүүкээр, цахим шуудангаар, биеэрээ очиж гээд байгаа бололцоо бүхнээрээ иргэд Засгийн газартай шууд харилцдаг болов.
Аюул дагуулсан барилгын осол үргэлжилж дахин нэг барилгачин залуу унаж насан эцэслэлээ. Зөвшөөрөлгүй барилгаас гадна барилгын салбарт үйлвэрлэлийн аюулгүй байдал гэдгийг огт мөрдөхгүй болсон нь ийм балгийг дагуулсаар байна. БГД-ийн XI хорооны нутаг дэвсгэр, Ерөнхий боловсролын 28, 40 дүгээр сургуулийн дунд орших долоон давхар барилгын хоёрдугаар давхрыг будаж байсан ажилчны бэхэлгээний оосор тасарч энэ осол гарчээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шинэхэн дарга О.Магнай ажлаа зоригтой эхэлж байна. Энэ удаа л гэхэд цэвэр жимсний шүүс хэмээх гоё нэртэй, “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой ундаанууд нь Хятад сиропыг усанд найруулсан эд байсныг илчиллээ. Эдгээр нь хүний биед хоргүй гэж гарсан ч цэвэр шүүс биш гэдгийг зарлах ёстой хэмээн О.Магнай дарга мэдэгдлээ.
Амралтын өдрүүдээр Төрийн тэргүүн, УИХ-ын даргаасаа эхлээд орон даяар мод тарих хөдөлгөөнд хамрагдав. Хавар тарьсан мод орчиндоо дасалгүй “борц” болох нь элбэг бол намар тарьсан мод өвлийн турш орчиндоо идээшээд хавар хурдан сэргэдэг гэж мэргэжлийн хүмүүс хэлнэ лээ.
Долоо хоногийн ажлын сүүлийн өдөр тариалангийн бүсээр цас оров. Нийслэлийн баруун хойд хэсгийн өндөрлөг уулууд тарлан цасан “малгай” өмсөв. Өдөртөө хасах градус руу орж удахгүй өвөл ирнэ шүү гэдгийг байгаль дэлхий ийнхүү санууллаа.
Долоо хоногийн хамгийн сүүлийн өдөр 58 жилийн турш нийслэлийн Энхтайваны өргөн чөлөөг “чимсэн” Ленин багшийн хөшөөг буулгалаа. Хориод жилийн өмнө үдсэн социалист, тоталитар дэглэмийн эцгийн дурсгал нийслэлийн төвөөс нүүж хөдөө хавьд буурь сэлгэх юм гэсэн. Сталин андынхаа хөшөөтэй ижилсэж нэг газар төвхнөх сураг ч гарсан. Иймэрхүү аястайгаар нэгэн долоо хоног өндөрлөж байна.