Ерөнхийлөгч Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарив

Хуучирсан мэдээ: 2012.10.13-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарив

Өнөөдөр бүх нийтийн мод тарих өдөр билээ. Энэ ажиллагааг эхлүүлэх нээлтийн ёслол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болов. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, үг хэллээ. Ерөнхийлөгч хэлэхдээ “Монголчууд мод тарьдаг сайхан уламжлалтай. Гэхдээ Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш зохион байгуулалттайгаар хавар, намар тогтсон өдөр улс даяараа бүх байгууллага, иргэн гурав дахь жилдээ зургаа дахь удаагаа мод тарьж байна. Бидний энэ мод тарьж байгаль орчноо сэргээх чиглэлээр хийж байгаа ажлыг НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр үнэлж, “Эх дэлхийн манлайлагч” гэсэн шагналаа олгосныг мэдэгдэхэд таатай байна. Энд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдэж, жил бүр мод тарьж, нийслэл хотын удирдлага, олон байгууллага, иргэд хувь нэмрээ оруулж байгааг Ерөнхийлөгчийн хувьд дэмжиж байна. Мянга гаруй га талбай бүхий маш том цэцэрлэгт хүрээлэн болно гэж найдаж байна. Одоогоор бид эхний 30 га-д мод тарьж байна. Монгол орны гурван хүн тутмын нэг нь амьдардаг нийслэл хотын иргэд хөгшин, залуу, хүүхэд гэлгүй бүгд тохитой сайхан амарч зугаалах үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн болно.

Зохион байгуулалттайгаар энэ ажлыг эхэлснээс хойш монголчууд 4.9 сая мод тарьсан байна. Монголын хүн амаас ч олон байгаа биз дээ. Хүн бүр арван мод тарина гэсэн зорилготой байгаа. Тэгэхээр монголчууд гурван саяуулаа гэвэл 30 сая мод тарих нь. Дэлхийн бүх хүн 10 мод таривал 70 тэрбум мод тарина гэсэн үг.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхээ тодорхой хэсгийг байгууллага, компани, хамт олон тус тусдаа сонгон авч мод тарьж тохижуулбал маш сайхан дурсамжтай зүйл болно гэж бодож байна. Хүүхэд бүр ээж, аавынхаа хайр энэрэл, өсгөн хүмүүжүүлсэн ачийг бодож мод тарих хэрэгтэй. Мод тарина гэдэг мод төрнө гэсэн үг юм. Өнөөдөр Монголын бүх аймаг, сум бас мод тарьж байгаа. Энэ сайхан үйлс улам дэлгэрэх болтугай” гэв.
 
Нээлтийн ёслолын дараа байгууллага бүр өөр өөрийн хуваарьт газарт модоо тарилаа. Ерөнхийлөгчийн Тамгын газар энд 47 мод тарив. Ерөнхийлөгч тэнд монос тарилаа.

Эх сурвалж: http://www.president.mn/


 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж